"Төгс оюун ухаан" авто ослоор таалал төгсчээ

Холливудын "A Beautiful Mind" хэмээх гайхалтай киноны гол дүрд Рассел Кроу тоглосон бөгөөд шинжлэх ухаанд зүрх сэтгэлээ өгсөн эрдэмтний амьдралыг харуулдаг юм.

Тэгвэл уг кино бодит хүний амьдралаас сэдэвлэсэн бөгөөд АНУ-ын алдарт математикч Жон Нэшийн түүх юм.

Харамсалтай нь Нобелийн шагналт суут математикч Нью-Жерсид явж байхдаа авто осолд орж амиа алдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.

Ослын үеэр 86 настай математикч Жон Нэш, түүний эхнэр 82 настай Алишиа нар амиа алдаж, таксины жолооч болон бусад зорчигчид гэмтэж бэртсэн байна.

Алдарт математикч 1994 онд “Тоглоомын онол” бүтээлээр Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүртэж байсан.

2001 онд Жон Нэшийн амьдрал, шизофрени өвчинтэйгээ хэрхэн тэмцэж, математикийн салбарт ололт амжилт гаргаж байсан тухай өгүүлэх “Төгс оюун ухаан” нэртэй кино гарч байсан. Жон, Алишиа нар 1957 онд гэр бүл болсон бөгөөд гэрлэснийхээ дараа Жон “Тоглоомын онол” бүтээлдээ бүхий л цаг зав, амьдралаа зориулж байсан аж.

Удалгүй Жонд шизофрени өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд хосууд 1962 онд салсан байна. Хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч тэд ойр дотно харилцаатай байсан бөгөөд 1980-аад оноос эхлэн дахин харилцаагаа сэргээж эхэлсэн аж. Алишиа хуучин нөхөртөө халамж анхаарал тавьсаар байв. Тэд 2001 онд дахин гэрлэсэн билээ.

Жон Нэш гэргийн хамт амиа алдсан тухай мэдээлэл цацагдсаны дараа жүжигчин Рассел Кроу, “Төгс оюун ухаан” киноны найруулагч Рон Ховард нар хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ