Исламын улсын цөмийн зэвсэгтэй болох хоёр гарц
{!!!right!!!}Ирак, Сирийн нутгийн ихэнх хэсгийг эзэлж, хяналт тогтоогоод байгаа “Исламын улс” зэвсэгт бүлэглэл цөмийн зэвсэгтэй болно хэмээн мэдэгдсэн тухай барууны хэвлэлүүд онцолж байна.
Алан хядагч бүлэглэлийн удирдагчид нэг жилийн дотор цөмийн зэвсэгтэй болно хэмээн өөрсдийн гаргадаг “Dabiq” сэтгүүлд “Бодит довтолгоо” нэртэй өгүүлэл нийтэлсэн тухай CNN агентлаг дурджээ.
Дэлхий нийтийг цочирдуулсан тус нийтлэлийг “Исламын улс”-д барьцаалагдаад байгаа Британийн иргэн Жон Кантлийн нэрээр тавьжээ.
Нийтлэлд дүн шинжилгээ хийсэн CNN агентлагийн тойм мэдээлэлд дурдсанаар “Исламын улс бүлэглэлийн банкны дансанд тэрбумаар тоологдох доллар бий гэдэг нь үнэн. Барьцаалалт, алан хядлага, зэвсгийн наймаа, боолын наймаанаас олсон мөнгөө тэд хадгалж байгаа. Энэ мөнгийг юуны төлөө цуглуулж байгаа гэж бодож байна. Исламын улс бүлэглэлийн удирдагч нарын баян тансаг амьдралын төлөө гэж үү. Үгүй юм. Тэд зөвхөн өөрсдийн хэрэгцээгээ хангахын тулд энэ мөнгийг цуглуулахгүй, ямар нэгэн алсын зорилгын төлөө хурааж байгаа нь лавтай.
Тэгэхээр энэ мөнгийг "Исламын улс" бүлэглэл цөмийн зэвсэгтэй болох зорилготойгоор цуглуулж байж магадгүй хэмээн CNN сайтад бичжээ.
Учир нь цөмийн зэвсгийг эзэмшсэн исламын шашин орон манай гаригт бий. Тэр бол Пакистан. Иран улс ч цөмийн энергийн тал дээр асар их туршлага бүрдүүлж оросуудын тусламжтайгаар атомын цахилгаан станц барихаар санаархаж байгаа. Олон улсын яриа хэлэлцээр л саатуулж байгаагаас персүүдийн гарт хэзээ хэзээгүй цөмийн зэвсэг орох нь тодорхой.
Тэгвэл энэ хоёр эх сурвалжаас цөмийн цэнэгт хошуу худалдан авах боломж Исламын улс бүлэглэлд байгаа болов уу. Байлаа гэхэд АНУ тэргүүтэй гүрнүүд сүйрлээ дуудах гээгүй л бол ийм боломж олгохгүйн төлөө бүх хүчин чадлаа дайчлах нь тодорхой.
Иран улс эртнээс АНУ болоод өрнөдийн гүрнүүдтэй дайсагнасан харилцаатай. Яагаад гэвэл эртний өст еврейн төр улсыг тэд дэмждэг учраас. Тиймээс Иран л цөмийн цэнэгт хошууг дамжуулах нь дээ гэж үү. Бас л үгүй. Иран хэдийгээр өрнөдийнхөнтэй таагүй харилцаатай ч галаар тоглохгүй учраа ойлгож байгаа. Зоргоороо авирладаг "Исламын улс" бүлэглэлд цөмийн цэнэгт хошуу олон тэрбумаар зарлаа гэх тохиолдолд хажуу бөөрөнд нь тэсэлж дэлбэлээд цөмийн дайнд хүрэхийг тэд хүсэхгүй.
Хүсэх байсан бол хэдийнэ Израйльтай дайны байдалд орчих байсан. Тиймээс Ираны эх сурвалж "Исламын улс"-д арай л хаалттай.
Харин үлдсэн боломж нь дэлхий нийтийг аюул заналд учруулж мэдэх юм. Учир нь хэдийгээр АНУ-ын холбоотон боловч Пакистан улс салан задгай орон. Тогтворгүй төрийн бодлоготой, үе үе цэрэг иргэний төрийн эргэлт гарахад ойр. АНУ-ын арваад жил хайсан алан хядагч Осама бин Ладеныг итгэж цөмийн зэвсэгтэй болгосон Пакистан л орогнуулж байсан.
Энэ ч утгаараа Америкийн ар нуруунд хутга дүрж мэдэх этгээд хэмээн олон улсын тоймчид элэглэдэг. Тэгээд ч Пакистан улс авлигад идэгдсэн байдлаараа дэлхийд дээгүүрт ордог. Орон нутгийн авлигад идэгдсэн түшмэлүүдээр дамжуулан цөмийн цэнэгт хошууг Пакистанаас гаргахад тэрбум доллар маш амархан үүргээ гүйцэтгэнэ.Ийм байдлаар Исламын улсын гарт ойрын хэдэн жилийн хугацаанд цөмийн зэвсэг орох магадлал байна хэмээн СNN-ийн тоймчид бичжээ.
Одоо алан хядагчид танк, пуужингийн суурь, агаараас эсэргүүцэх цогцолбор олзлон авсан, нэмж худалдаж авч байгаа зэргээр нэг жилийн дараа гэхэд илүү их аюултай болно гэж энд өгүүлсэн байна.
Иракт 2006 онд байгуулагдсан “Исламын улс” зэвсэгт бүлэглэл нь 2014 оны зургадугаар сараас Ирак, Сирийн зарим нутгийг эзлэн авч тэндээ Халифын вант улсгэгчээ тунхаглан Мосул хотыг нийслэлээ гэж зарлаад байгаа юм.
2014 оны наймдугаар сараас АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин Иракийн нутаг дахь бүлэглэлийн байрлалууд руу цохилт өгч эхэлсэн бол есдүгээр сараас Срийн нутагт агаараас цохилт өгч байна.
Гэвч өнгөрсөн долоо хоногт “Исламын улс” Иракын Рамада хотыг эзэлснээс гадна Сирийн соёлын өв болсон Палмира хотыг эзэлсэн билээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ