1912 оны Маймаа хотын зодоон хятад монгол иргэдийн зодоон
Манжийн төр ганхаж эхлэх үед Монгол оронд тариачин хятадуудын тоо бараг 120 мянгад хүрч байсан гэдэг. Нийслэл хүрээнд оршин сууж буй монгол эрчүүдийн дийлэнх нь лам нар байсан бөгөөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өмнө болсон гурван том зодоонд банди зодоонч “Өвөг” Найдан, “Шар” Гэлэгжамц, Пэрэнлэй, Жүгдэржав нарын дөрвөн хуварга эрс ялгарч байсан ажээ. Амбаны баруун гар болсон хятад түшмэл яваандаа байдал ноцтой хүндэрч иймэрхүү зодоон олон удаа гарч болохыг ухамсарлаад Бээжингээс нударган эрдмийн гарамгай мастеруудыг татан авчирч монгол лам нарын хандыг дарахаар шийдсэн байна. Удалгүй урд газраас амбаны хөсгийг дагасаар тариа ногоо эрхлэх нэрийдлээр зэвсэг тулааны эртний урлагт гүнзгий нэвтэрсэн хорь гаруй хужаа эр орж иржээ.
Тэд ирмэгцээ тухайн үеийн Маймаа хот буюу одоогийн Амгалан хавьцаа байрлаж байсан хятад хорооллын захдуу оромжнуудаа босгож Улиастайн голын эрэг дагуу ногоо тарьж эхэлсэн байна. Харин 1911 онд Сандо амбанг Монголоос хөөж гаргах үед тэд Маймаа хотын хятад наймаачдын дунд үлдчихэж. Ингэж байтал 1912 онтой золгосон байна. Тухайн үед угаасаа манж, хятадуудад өширхөн дургүйцсэн сэтгэл нь үлэмж болоод байсан монголчууд Сандо амбангаас үлдэж хоцорсон хэдэн хятадыг гол ус бузарлалаа гэсэн шалтгаанаар хашраахаар шийдэж арваад морьтой залуу ташуур далайж очсон байна. Гэвч ердөө гуравхан хужаа л ногоо тарьж байсан тул залуусыг толгойлж очсон “Хөмхий” Дугар гэгч “Цөмөөрөө эд нарыг нүцгэлж халгайгаар гуядаад хөөчихъе” гэсэн шийд гаргажээ. Хөөрсөн залуусын зарим нь мориноосоо буугаад л түрийнээсээ хутга сугалан “Муусайн шоохуузнууд хувцсаа тайл” гэж орилсон боловч цаадуул нь өчүүхэн ч хөдөлсөнгүй.
“Яасан их зантай ямаан сахалтанууд вэ” гэсээр нэг нь ташуураа далайгаад хамгийн захад зогсож байсан туранхай хөх эр лүү дүүлэн очтол нүдэнд нь итгэмээргүй зүйл болж ширэг ногоон зүлгэн дээр хүнтэй морьтойгоо харуулдаад уначихсан байна. Туранхай хятад ганцхан зайлах шиг болоод л хуруугаараа мориных нь эгэм рүү чичээд унагачих шиг бусдад нь харагдсан гэдэг. Уур нь хүрсэн залуус цөм мориндоо мордож бөөнөөрөө ташуураа далайн дайрч орсон боловч хужаа нар үл ялигхан хөдөлгөөн хийхэд л бас дөрөв таван эр морьтойгоо хамт нуран унасан аж. Толгойлж очсон “Хөмхий” Дугар нэг хужаагийн далан дундуур буулгаад орхитол нөгөөх нь ташуурынх нь үзүүрээс барьж авангуутаа эмээл дээрээс нь хуу татан толгой дээгүүрээ өргөөд тээр хол пидхийтэл нь чулуудаж орхих нь тэр. Дугар арайхийн босч ирсэнээ бүснээсээ хэт хутгаа суга татан дайрч орвол мөнөөх хятад доошоо суух шиг болоод л гүйсэн эрчинд нь дахиад л толгой дээгүүрээ гурав дөрөв эргэлдүүлэн нисгээд тээр хол түрүүлгээ харуулдан унатал шидэж орхижээ. Энэ удаа Дугар босч ирсэнгүй.
Харин нэг залуу хутгаа сугалан хамгийн ойр байсан хужаа руу шидэж орхитол цаадах нь урдаас нь зүгээр л тосоод барьж авсан байна. Дөрөвхөн муу хужааг дөнгөх гэж очоод өөрсдөө ёстой хэмх нүдүүлж ухаангүй нэгнийгээ морин дээр дүүрч ирсэн тухай яриа монголчуудын цөсийг хөөргөж орхижээ. Маргааш нь Улиастайн гол дээр арав гаруй хужаа ажиллаж байхад наанаас нь морьтой явган нийлсэн зуугаад хүн хүрч очсон гэдэг. Гэвч нөгөө хятадууд хүний олноос айж эмээсэнгүй, харин ч урдаас нь саваа мод эргэлдүүлэн зодолдож, биедээ бараг хүн хүргэхгүй атлаа хорь орчим залуусын толгой тархи, хөл гарыг хуга цохин гэмтээж, сүүлдээ аргагүй хүний олонд шахагдан хөөгдсөөр Амгалан дахь хятад хороолол руу орсоноор хүрз, жоотуугаар зэвсэглэсэн наймаачин хятадуудаар хүчээ сэлбэсэн байна. Ингэж түүхэнд Маймаа хотын зодоон гэж нэрлэгдсэн хятад, монголчуудын томоохон мөргөлдөөн эхэлсэн ажээ. Хувьсгалын үед гарсан түүхийн сурах бичигт энэ зодооныг пүүсийн өр авлагад дургүйцсэн ядуу ардуудын тэмцэл мэтээр дурдсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ