MERS-ийн эсрэг вакцин болон эмчлэх арга байхгүй

Өмнөд Солонгосыг айдаст автуулаад буй Ойрхи Дорнодын амьсгалын замын халдварт синдромыг үүсгэгч титэм вирус буюу MERS (Middle East Respiratory Syndrome) хэмээгч ханиадны вирусээр нийт 10 гаруй хүн өвчилжээ. Нас баралт 40 хувьтай байгаа бөгөөд Сүвон, Ёидо хотуудад өвчлөл их байгаа гэнэ.
Тэдний хавьтагчдын тоо 100 хол давах бөгөөд тэдний нэг болох 44 настай солонгос эрэгтэй 26-ны өдөр Хятад улс руу ниссэн байна. Гэтэл 29-ний өдөр түүнийг вирус тээгч өвчтөн болохыг Солонгосын ЭМГ-аас зарласан юм.
Ийнхүү БНХАУ-ын Гуандүн мужийн Хүйжөүд MERS халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгдэв. Гэтэл энэ асуудал олны анхаарлыг татаж, интернэтээр албан бус мэдээлэл тарж эхэлжээ. Энэ дагуу 30-ны шөнө Гуандүн мужийн эрүүл хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн хороо худал мэдээллийг няцааж, тус өвчний тохиолдлын сүүлийн үеийн байдлыг олон нийтэд албан ёсоор зарласан байна.
Хятадад MERS халдварт өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн даруйд Гуандүн мужийн халдварт өвчнийг хянах төвөөс "эрлийн зар" нийтэлж, халдвар авсан анхны хүнтэй ойр байсан хүмүүсийг хайж эхэлснээр цахим ертөнцөд уг өвчний талаарх мэдээллийг улам өргөнөөр анхаарах болжээ. Тухайлбал, халдвар авсан анхны өвчтөнийг Гуанжөүд шилжүүлсэн, БНСУ-ын иргэнийг тусгаарлан эмчилж байгаа Хүйжөү хотын төв эмнэлэг ICU тасгаа битүүмжилсэн, халдварт өвчтөнийг хүргэсэн түргэний жолооч халуурч, халдвар авсан байж болзошгүй зэрэг дам яриа гарсан аж.
Албан эх сурвалжийн мэдээлснээр Хүйжөү хотын төв эмнэлэг ICU тасгаа битүүмжлээгүй, халдвар авсан өвчтөнийг хүргэсэн түргэний жолооч халуураагүй байна. Хүйжөү хотын халдварт өвчнийг хянах төвөөс халдвар авсан өвчтөний очсон олон нийтийн талбайд урьдчилан сэргийлэх ариутгал хийсэн учир олон нийт айж түгших шаардлагагүй гэдгийг тайлбарласан байна. Энэхүү вирусийн талаар янз бүрийн мэдээлэл байгаа бөгөөд Америкаас Солонгос руу явуулсан баллонд андуураад химийн вирустэй баллоныг явуулснаас үүдэлтэй хэмээн мэдээлж байгаа юм.
MERS буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин нь 2012 оноос гарч эхэлсэн бөгөөд энэ өвчний 1000 тохиолдол бүртгэгдсэний 400 нь нас барсан байдаг. Уг өвчин нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс үүсэлтэй байж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд хараахан вирусийг судалж тогтоож чадаагүй байгаа ажээ. Тиймээс одоогоор уг өвчний эсрэг вакцин, тариа ямар нэгэн эмчлэх арга байхгүй аж. Өндөр халуурч богино хугацаанд үхлийн аюулд хүргэдэг энэ өвчин нь гар хүрэлт, амьсгалын зам мөн агаараар халдварлаж байгаа юм байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ