Хэрцгийгээр тамлагдсан хүүгийн бичлэг цацагдав

Өчигдөр дэлхийн олон улстай зэрэгцэн монголчууд хүүхдийн баяраа тэмдэглэлээ. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1925 онд Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдсан Дэлхийн хүүхдийн сайн сайхны төлөө бага хурлаас гарсан шийдвэрийн дагуу жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах, энэ асуудал дээр анхаарлаа хандуулах үүднээс ийнхүү тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Ингээд дэлхийн 70 гаруй улстай хамт Монгол улс төрийн тогтоол шийдвэр гарган албан ёсоор Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэсээр ирэв. Гэхдээ энэ нийтлэлд монголчууд хэрхэн тэмдэглэсэн тухай өгүүлэх гэсэнгүй.

Дэлхийн өнцөг булан бүрт хүүхдээ хамгаалах гэсэн эцэг эхчүүд үр хүүхдээ баярлуулж байхад зарим улс оронд хүүхдийн эрх хөсөрдөж үгээр хэлэхийн аргагүй аймшигт орчинд тэд өсөн торниж байна. Нийтлэлийн сэдэв Сири улсад болж өнгөрсөн үйл явдлаас үүдэлтэй.

BBC агентлагийн сурвалжлагч 14 настай сири хүүтэй ярилцлага хийснээ дэлхий нийтэд цацсанаар шуугиан дэгдээж байна. Олон улсын аюулгүй байдалд заналхийлсээр удаж байгаа "Исламын улс" алан хядах бүлэглэлийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчсөөр байгаа тухай мэдээллүүд хөвөрдөг.

Тэгвэл тэрхүү 14 настай хүүг "Исламын улс" бүлэглэлийн яргачид удтал тамлаж байцаажээ.Энэ явдлыг дүрс бичлэгээр баталгаажуулсан бөгөөд хүүг тамлаж байх үед хөндлөнгийн нэг этгээд гар утсаар бичлэг хийж байх ажээ.

Хүүг Ахмед гэдэг бөгөөд гараас нь олсоор уяж таазнаас дүүжлээд хоёр багтай яргачин ташуурдаж, гараараа цохиж, цусыг нь гартал нударгалж байгаагаар гарна. Нэг нь гартаа хутга болон гар буу барьсан байх бөгөөд нөгөө нь ардаа АК-47 буу үүрч гартаа ташуур барьж хүүг зодно.

Тэд хүүг Сирийн хойд нутгийн Ракка хотод Исламын улс бүлэглэлийн харьяаны нэгэн байшинд тэсрэх бөмбөг байрлуулсан хэмээн буруутгаж тамласан нь энэ аж. Ахмед буруугүй гэдгээ хэлж, ээжээ хэмээн хашгиравч Исламын улсын яргачид түүнийг хоёр хоног тамлажээ.

Хүүг зодож, ташуурдаж, цахилгаанд цохиулж байсан ба эцэст нь ухаангүй болсон үед шүүхийн шийдвэр уншжээ.

Исламын улсын яргачид түүнд буудан алах ял оноосон бөгөөд ялыг гүйцэтгэхээр тав хоногийн дараа шоронгоос гаргаж нүдийг нь боон ял гүйцэтгэгч хүмүүст хүргэж өгчээ.

Бурхны авралаар цаазын ял гүйцэтгэх байсан этгээд тамлуулж, үхэх дөхөөд байгаа Ахмед хүүг өрөвдөж зугтах боломж олгожээ. Тэгэхдээ Ахмедийг тамлаж байх үед суртал ухуулгын зорилгоор хийгдсэн бичлэгийг мөн хүүд өгч зугтаалгажээ.

Ингээд хүү эцсийн хүчээ шавхсаар Исламын улсын дайчдын гараас зугтаж тэдний хяналтад байгаа газар нутгуудыг нуугдан явж туулсаар Туркийн хил дээр иржээ. Ингээд хүү сирийн дүрвэгчидтэй нийлж Туркийн хилийн дээс алхсанаар хүүхдийн эрх хамгаалах байгууллагынхантай уулзаж, улмаар сэтгүүлчидтэй таарч тохиолдсон бүхнээ ярьжээ.

Исламын улс бүлэглэл Сири улсын нутаг дэвсгэрт дайн өдүүлэхээс өмнө тус улсад өрнөсөн иргэний дайны үеэс л хүүхдийн эрх зөрчигдөж, бага насны хүүхдүүдийг цэрэгт татаж дайн тулаанд оролцуулах явдал гарч байжээ.

Ингээд "Исламын улс" бүлэглэл Ирак, Сирийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж ард иргэдийг харгислан зовоож эхэлснээс хойш энэ явдал бүр ч аймшигтай хэмжээнд хүрчээ. Олон хүүхдийг тэд олзолж эгнээндээ элсүүлэн заримыг нь хөнөөдөг гэнэ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ