Авлигын скандал америкчуудын зохиолоор өрнөж Зепп Блаттер огцорлоо

АНУ-ын санаачлагатайгаар FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг тойрсон авлигын хэргийг сөхсөнөөр эцэс төгсгөлгүй мэт дуулианууд үргэлжилсээр байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр хэдхэн хоногийн өмнө ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд ялж үүрэгт ажлаа дахин үргэлжлүүлэхээр болоод байсан Зепп Блаттер өчигдөр сайн дураараа огцорч байгаа тухайгаа албан ёсоор зарлалаа.

Зепп Блаттерыг огцрох тухайгаа мэдэгдэхээс хэд хоногийн өмнө, тодруулбал ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялсаныг зарлахаас хоёр хоногийн өмнө ОУХХ-ны томоохон удирдлагуудыг Швейцарьт авлигын хэргээр баривчилж мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм.

Эндээс дэгдсэн дуулианыг америкчууд санхүүжүүлж байна, ойрын хэдэн дэлхийн аваргад АНУ уламжлал болоод байгаа Өмнөд Америк, Европ гэсэн хоёр тивийн дарангуйллыг унагахаар нууцын зэрэглэлтэй томоохон төсөл хэрэгжүүлж эхэллээ хэмээн Би Би Си бичсэн.

Мэдээж хэрэг үүнийг нөгөө талаас авлигын хэрэгт холбогдон баривчлагдсан удирдлагуудаас зориудаар бичүүлж байгаа хэмээн тайлбарлаж эхэлсэн ч АНУ-ын оролцоо үнэхээр сонирхол татам.

Дуулианыг АНУ-ын Хуульзүйн яамнаас эхлүүлсэн. Тэд ОУХХ-г тойрсон шударга бус явдлуудыг цэгцэлнэ, авлигатай холбоотой асуудлуудыг сөхөн гаргаж ирж тэмцэнэ гэдгээ зарласан. Ингээд Швейцарьт байгаа холбооны удирдлагуудыг баривчилсан юм.

Улмаар ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Зепп Блаттер ч энэ авлигын хэрэгт гар дүрсэн хэмээн шуугиан дэгдэх болсон.

Гэсэн хэдий ч ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгууль явагддагаараа явагдаж Иорданы тэрбумтныг ялж Зепп Блаттер үүрэгт ажлаа үргэжлүүлэхээр болсон юм. Энэ үедээ тэрээр ямар ч асуудал байхгүй, байвал шалгуулна гэдгээ онцолж байсан юм. Тэгвэл хэрэг явдал өчигдрөөс эхлэн өөрөөр эргэж мөрдлөгийн хүрээнд америкчууд ерөнхийлөгч Зепп Блаттерыг шалгах хэрэгтэй болсон байна.

Тиймээс Зепп Блаттер ОУХХ-ны ерөнхийлөгчийн суудлаас огцрох шийдвэр гаргажээ. Зепп Блаттер өдгөө 79 настай бөгөөд Швейцарь улсын иргэн.

Тэрээр огцрох мэдэгдэл хийх үеэрээ "Миний бүрэн эрхийг бүгд хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагдаж байна, тиймээс би одоо үүсээд байгаа дуулианаас нэрээ цэвэрлэж авахын тул сайн дураараа огцрох болсноо зарлахаас аргагүй хүрлээ.

Ингэснээр ОУХХ-ны конгресс ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж дараагийн ерөнхийлөгчийг сонгохыг хүсч байна. Тэр бол би үүрэг гүйцэтгэх болно" хэмээсэн.

Зепп Блаттер 1998 оноос эхлэн FIFA-гийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. FIFA-гийн ээлжит конгресс 2016 оны тавдугаар сарын 13-нд Мехико хотод болох бөгөөд түүнээс өмнө ерөнхийлөгчөө дахин сонгохоор ээлжит бусаар хуралдах нь тодорхой болоод байна. Тэр хүртэл Зепп Блаттер нь ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Хэрэг явдал ийм дээрээ тулж ОУХХ-ны удирдлага орвонгоороо эргэснээр хэнд ашигтай вэ гэдгийг хэвлэлүүд таамаглахыг оролдож байна. Мэдээж хэрэг хөлбөмбөг бол ганц нэг үндэстний спорт биш учраас улс орон болгоны хэвлэлүүд өөрийнхөөрөө таамаглаж, хэрэг явдлын зангилааг олохыг хүсч байгаа.

Америкийн хэвлэлүүд одоо л цэвэр хөлбөмбөгийн холбоо гарч ирж дэлхийн аваргын тэмцээн шударга явагдах нь, 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг мөнгөөр оросуудад өгсөн энэ сэдвийг ч дахиж хөндөх хэрэгтэй хэмээж байгаа бол европчууд үүнтэй санал нийлэхгүй байгаа юм.

Хүсэвч хөлбөмбөгийн гүрэн болж чадахгүй байгаа америкчууд өөр аргаар тэмцэж эхэллээ, ОУХХ тойрсон авлигын скандал тэдний зохиолоор өрнөж байна, ирээдүйд болох аль нэгэн ДАШТ-д АНУ-ын шигшээ баг цоорч гарч ирэх нь тодорхой боллоо гэх мэтээр бичиж байна.

Харин хойд хөршийн хэвлэлүүд Орос улс шударгаар өрсөлдөн зохион байгуулах эрхээ олж авсан хэмээж байгаа. Гэх мэтээр дэлхийн хэвлэлүүд Олон улсын хөлбөмбөгийн холбоог тойрсон авлигын скандалаар амьсгалж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин