Йемен агаарын довтолгоонд өртөж, 44 хүн амиа алджээ

Йемений нийслэл Санаа хотод Саудын арабаар удирдуулсан эвслийн армийн явуулсан агаарын дайралтын улмаас 44 иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Ням гарагт болсон энэхүү агаарын довтолгооны бай нь босогчдын цэргийн төв штаб байсан хэмээн Saba агентлаг уламжлаад энэ дайралтад Тахрир дүүрэгт байх хэд хэдэн айлын орон гэр өртсөн тухай мэдэгджээ. Харин эрүүл мэндийн ажилтны сүүлийн үеийн мэдээллээр шархагдагсдын тоо 180 хүрсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Йемений босогчид Саудын арабын нутаг дэвсгэр лүү "Scud" пуужин харвасны хариу болгож Саудын Араб улс ийнхүү агаарын цохилт өгчээ.Энэ сарын 14-нд Женев хотноо Йеменийн босогчид энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой байв. Гэвч наана нь энэ мэт мөргөлдөөн гарч байгаад ажиглагчид түгшиж байгаа юм. Гурван сараас хойш үргэлжилж буй Йемен дэх мөргөлдөөний улмаас дор хаяж 2000 хүн амиа алдаад байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ