Их долоо Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлнэ

Германы Бавари мужийн Эльмау шилтгээнд дэлхийн Их долоогийн бүлгийн удирдагчдын ээлжит саммит өндөрлөөд байгаа. Уг уулзалтад ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Рензи , Канадын ерөнхий сайд Стивен Харпер сайдууд оролцлоо. Энэ жилийн уулзалтыг даргалагч Германы канцлер Меркель Орост тавьсан хоригийн үр дүнгийн талаарх илтгэлийг тавьсан байна.

Энэ үеэр бусад удирдагч нар саналаа хэлжМинскийн тохиролцоог бүрэн биелүүлтэл Орост тавьсан хоригийг хэвээр үлдээж улмаар хориг арга хэмжээнүүд дээр нэмэлтээр зарим саналууд оруулж болзошгүй байдалд хүрч байгааг тэмдэглэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Хэрэв шаардлагатай гэж үзвэл, бид Оросын эсрэг нэмэлт хоригийг авах болно.

Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Украинаас бид шаардах ёстой” гэсэн бол Британийн ерөнхий сайд Кэмерон "Одоо байгаа хориг арга хэмжээ Минскийн тохиролцоог бүрэн биелтэл үйлчлэх ёстой, Украины талаас ч Оросын талаас ч хүчин зүтгэл шаардана” гэлээ. Мөн “Орос Украины зүүн хэсэгт зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэх, зүүн хэсэгт цэргийн оролцоогоо таслахгүй байвал тэр нь шинэ хориг гаргах үндэс болно” гэдгийг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд анхааруулсан юм.

Гэх мэтээр Их долоогийн удирдагчид Орос, Украины талаар саналаа хэлцгээсэн бөгөөд үүнээс гадна Украинд эдийн засгийн тусламжийг үргэлжлүүлэн өгнө, Украинд шинэчлэл явуулах, авлигатай тэмцэхэд нь тусламж үзүүлэх дэмжлэгийн групп байгуулахаар шийдсэнээ мэдэгдэв.

Харин энэ үеэр Францын лидер G7-гоос гадна G20 гэдэг өргөжүүлсэн формат байгааг сануулаад “Орос нь Сири, Иран, Украины талаар явуулах хэлэлцээрт гол үүрэгтэй"-г хэлсэн юм.

Долоогийн бүлэг XXI зууны сүүл гэхэд агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг тэглэх ёстой, 2020 он гэхэд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд 100 тэрбум ам.долларыг улсын болон хувийн эх сурвалжаас гаргахаар тохиролцов. Мөн, их долоо халдварт өвчний цар тахалтай тэмцэх тэмцлээ идэвхжүүлэхээр болсон юм.

Энэ уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлсэн үгийг онцлоё. Тэрээр "Хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг сайжруулах хамгийн сайн аргуудын нэг бол эрүүл мэнд болон эмнэлгийн тусламжийг сайжруулах юм.

Дэлхийд эрүүл мэндийн салбараараа тэргүүлэгчийн хувьд өнгөрсөн хоёр жилийн турш Африкийн бизнэс эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж сургалт явуулж, Мозамбиктай сувилагчийн сургалт болон жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдэд зориулсан эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах тал дээр хамтран ажиллалаа.

Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхий дахинд эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж болон боловсрол олгоход нь зориулж 3 тэрбум ам.доллар зарцуулжээ. Өнгөрсөн жил Эбола вирусын эсрэг тэмцэхэд өөрсдийн эмч сувилагчдаа явуулан нийтдээ 170 сая ам.доллар зарцуулсан. Үүгээр зогсохгүй олон өөр тусламжийг үзүүлдэг бөгөөд эрүүл мэнд, байгаль орчин, дэд бүтцийг хөгжүүлэхэд тусалсан тусламжууд маань хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт итгэж байна. Дараа жил Япон улс их долоог даргалах болно. Үүнээс өмнө их долоогийн удирдагчидтай илүү ойр ажиллаж, дурдсан эдгээр асуудлуудад үр дүнтэй хэлэлцүүлэг хийхийг хүсч байна” гэлээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ