Путин том, Итали жижиг байлаа

{!!!right!!!}Одоогийн Ромын папын эрх мэдлийн нөлөөллийг дундад зууны үеийнхтэй нь харьцуулшгүй өөр болсон. Гэхдээ л христос шашинтан улсуудын дотор Ватиканы эзний нэр, нөлөө хангалттай их байдаг. Тэгвэл Ромын паптай албан ёсны уулзалт хийхдээ хоцорч очдог, хүлээлгэдэг цорын ганц хүн байдаг нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Италид айлчилсан бөгөөд энэ үеэрээ Ватиканд зочилж, дэлхийн нэг тэрбум иргэд шүтдэг шашны лидертэй ганцаарчлан уулзахаар цаг товлосон аж. Тэгвэл товлосон цагаасаа бүтэн цагаар ерөнхийлөгч хоцорч очсон байна.

Тэрээр 2013 онд мөн л Ромын паптай уулзахдаа 50 минут хүлээлгэж байж уулзсан нь дэлхийн хэвлэлүүдээр шуугиан тарьж байсан юм. Тэгвэл энэ удаа хоцорсон шалтгааныг Кремлийн төлөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа "Манай Ерөнхийлөгч хүндэтгэх шалтгаанаар хоцорсон, Италийн ерөнхий сайд Рензитэй хийсэн Миланы хэлэлцээр сунжирч бас замын түгжрээ их байсан" гэж хэлжээ.

Путин хамгаалалтын урт лимузинд сууж, түүний цуваанд 13 авто машин явж агаараас нисдэг тэргээр хамгаалуулж Миланаас Ром ороход нь Ватиканы хамгаалалтын албаны швейцарууд угтан авсан гэнэ. Дашрамд дурдахад Ромын папын хамгаалалтыг олон зууны өмнөх уламжлал ёсоор швейцарь цэргүүд хийдэг юм.

Ромын пап хэдийгээр зочноо хоцорч ирсэн ч гэсэн найрсгаар угтан авч Энх тайван, шударга ёсыг авч ирэгч Сахиусан тэнгэрийн медалиар шагнасан байна. Хариуд нь Путин Аврагч Христийн сүмийг алтан утсаар хатгасан зургийг Ромын папт бэлэглэжээ.

Ингээд пап лам болон ерөнхийлөгчийн яриа хөөрөө ямар байдлаар өрнөснийг хоёр тал албан ёсоор нийтэд зарлаагүй ч уулзаж ярилцсан асуудлуудын дотор Украин ба Сири, Ойрхи Дорнодын байдал, Итали Оросын харилцаа зэрэг асуудлууд багтсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Путин айлчлалынх нь үеэр зохион байгуулагдаж байгаа "Итали Оросын бизнес эрхлэгчдийн Экспо"-д очихоор Ватиканаас гарахад нь цугласан олон "Путин мандтугай", "Путин", "Орос" хэмээн хашгиралдаж түүний зургийг барьсан олон эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд үзэсгэлэн худалдаанд ирэхэд нь угтан авчээ.

Эндээс харахад Путины шүтэн бишрэгчид Италид хүртэл байдаг болохыг мэдэх төдийгүй, ер нь европчууд Атлантын цаадах нөлөөллөөс залхаж Оростой ойртохыг хичээж байгаагийн нэг илрэл хэмээн Оросын хэвлэлд бичсэн байна.

Харин 2013 онд Путиныг ирэхэд италичууд эсрэгээрээ "Pussy Riot" хэмээх охидын хамтлагийг сулла, хүний эрхийг дээдлэ гэсэн агуулгатай уриа лоозун барьж эсэргүүцэл үзүүлж байсан юм.

Тэгвэл сүүлийн гурван жилд Путины нэр хүнд эрс дээшлэж, италичууд түүнд ихэд талтай болсныг энэ удаагийн айлчла гэрчилж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Германы Баварид болсон ИХ долоогийн уулзалтаар Оросын эсрэг хоригийг хэлэлцэж байгаад ирсэн Италийн Ерөнхий сайд Маттео Рензи, Европын холбоо хориг тавьсан ч хоёр орны харилцаа сайн хэвээр гэж Путинд харуулахыг их хичээж байсан гэж дэлхийн сонин хэвлэлүүд бичиж байна.

Гэхдээ л уур амьсгал Путины өмнөх айлчлалаас арай өөр байлаа хэмээжээ.

Учир нь түүний өмнөх айлчлалаар Путин Италийн ерөнхий сайд асан Берлусконитой дотны андын ёсоор уулзаж тэр үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Энрико Леттаг үл тоосон байдлаар харьцаж байсан хэмээн хэвлэлүүд тэмдэглэсэн байдаг.

Тэгвэл Рензигийн хувьд гэм хийсэн хүүхэд мэт Оросын ерөнхийлөгчид хандаж байлаа хэмээн Америкийн хэвлэлүүд бичиж байгаа тухай Итали, Оросын харилцаа сайжрахаас цаашлаад Европт Оросын нөлөө томрохоос америкчууд айж байгаа тухай Оросын хэвлэлүүд бичжээ.

Путин айлчлалынхаа тухай "Их сонирхолтой, гүн агуулгатай, ач холбогдолтой өдөр байлаа. Засгийн газрын тэргүүнтэй сайн ажилласан, Ромын Паптай хийсэн уулзалт сайхан болж өнгөрлөө" хэмээн тэмдэглэжээ.

Нэмж өгүүлэхэд, Америк энэхүү айлчлалыг их эмзэглэн хүлээн авч тэр бүү хэл Итали дахь Америкийн элчин хэвлэлд ярилцлага өгөхдөө Ромын Папт хандан "Оросын Ерөнхийлөгч Путинтэй их хатуу, чанга ярьж шүүмжлэх хэрэгтэй" хэмээсэн байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ