АНУ-ын Ардчилсан нам террористуудыг агнаж эхэллээ

Америкийн хэвлэлүүдээр Аль Каида бүлэглэлийн топ лидерийг устгасан тухай шуурхай мэдээтэй зэрэгцэн Америкийн засаг захиргаа терроризмын эсрэг тэмцэлдээ яаравчлан тусгай ажиллагаануудыг шил дараалан хийж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Йеменд Америкийн нисгэгчгүй онгоцны дайралтаар амиа алдсан террорист бол Арабын хойгийн Аль Каида бүлэглэлийн №1 лидер, дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг толгой Аль Каида бүлэглэлийнх нь хэмжээнд Айман аль Завахиригийн дараа №2-т бичигддэг томоохон этгээд Насир аль Вуаяши байсан гэнэ.
Аль Каидагийн томоохон салбар түшиц бүлэглэл нь Йемен дэх "Арабын Хойгийн Аль Каида" нэрт бүлэглэл бөгөөд энэ террорист байгууллагыг олон жил толгойлж байсан удирдагчийг нь Америкийн тагнуул, цэргийн байгууллагын тусгай ажиллагаагаар амжилттай устгасан тухай Пентагоноос энэ мэдээллийг баталсан байна.
Мөн Аль Каидагийн зүгээс ч энэ мэдээллийг баталсан байна. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт АНУ-ын агаарын хүчин Ливи улсын нутаг дэвсгэрт цохилт өгсөн юм. Энд бас л Аль Каидагийн салбар байгууллагын толгойлогчийг устгах тусгай ажиллагаа явагдсан юм. Энэ тухай бямба гаригт Пентагоноос мэдээлж Ливийн засгийн газрын зүгээс баталсан байна.
Газар дундын тэнгист байрлаж байгаа Америкийн нисэх онгоц тээгчээс хөөрсөн сөнөөгч онгоцууд пуужингийн цохилт өгсөний дүнд Алжирын ахмад дайчин Мохтар Белмохтар гээчийг хөнөөсөн тухай энэ мэдээлэлд дурдсан байна.
Тэгвэл Мохтар Белмохтар нь алжир гаралтай бөгөөд хуучин Афганистаны дайнд оролцож оросуудтай тулалдаж явсан, тэр үедээ өрөөсөн нүдээ алдаж байсан бөгөөд сүүлд Аль Каидагийн гишүүн болсон гэж үздэг этгээд аж.
Ингээд ч зогсохгүй Мохтар Белмохтар нь Аль Каидагийн Ливи дэх бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч болсон хэмээн америкчууд террористуудын дансанд оруулаад байсан юм. ХаринМохтар Белмохтарыг хөнөөхөөс өмнөхөн Сомали дахь Аль Каида бүлэглэлийн толгойлогчийг мөн устгаад байсан.
Дашрамд дурдахад зартай алан хядагч Осама бин Ладены байгуулсан Аль Каида бүлэглэл нь Йемен, Ливи, Сомали, Сири, Ирак, Афганистанд гол салбарууд нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Энэтхэгт хүртэл албан ёсны салбар бүлэгтэй хэмээн үздэг.
Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд Аль Каидагийн хамгийн хүчирхэг гэсэн гурван салбарын удирдагчдыг америкчууд тусгай ажиллагаа явуулан устгасан нь араасаа сонгуультай холбоотой гэх мэдээллийг дагуулж эхэлсэн байна.
Учир нь Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан, одоогийн ерөнхийлөгч Барак Обама мөрийн хөтөлбөртөө заагдсан ёсоор терроризмтэй идэвхийлэн тэмцэж АНУ-ын гол дайсан Аль Каидагийн удирдагчдыг устгаж, энэ террорист байгууллагыг мөхөөх нь ирэх 2016 оны сонгуульд мөн Ардчилсан намаас нэр дэвших хатагтай Хиллари Клинтоны рейтингд чухлаар нөлөөлөх учиртай гэнэ.
Тиймээс ч төрийн эрх барьж байгаа Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн зүгээс террористуудтай хийх тэмцлээ яаравчлан шамдуулахыг АНУ-ын ерөнхийлөгчид шахах болсон гэнэ.
Ингэснээр сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Аль Каидагийн гурван ч нөлөө бүхий лидерийг тусгай ажиллагааны дүнд түүж устгаад байна хэмээн өрнөдийн хэвлэлүүдэд тоймлосон байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ