Р.Бурмаа үүлэнд ч, хуулинд ч нөлөөлж байна

Бурмаа сайд ирвэл бороо удахгүй орно гэдэг үг төвийн бүсийн тариаланчдын аманд оржээ. Нээрэн ч сайд нь тариаланчидтайгаа очиж уулзахдаа борооны асуудлыг бүрэн шийдээд очиж. Тэрээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг буюу олны нэрлэж заншсанаар Баруунхараад нээгдэх тосны үйлдвэрийн нээлтэд очихдоо хажуугаар нь энэ мэтийг амжуулж явах аж.

Сайн мэдээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу бидний хэлж заншсанаар Баруунхараад 100 хувь Герман тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр нээгдлээ. Монголчууд жилдээ 26-30 мянган тонн ургамлын тос “иддэг” хэрэглээтэй.

Тэгвэл герман технологиор хоногт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх энэ үйлдвэр жилдээ 36 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэж монголчуудынхаа хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай аж. Энэ үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Делта холдинг” группийн захирал н.Мөнхжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү нар оролцсон юм.

Хямралд нуруугаа авахуулсан монголчуудад сайхан л мэдээ.“Делта холдинг” группын охин компани болох “Майнд тэч” компани “Чингис” бондын 22.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр эх орны хөрсөнд ургасан тослог ургамлыг боловсруулж, бидний өдөр тутмын хэрэгцээнд нийцэх, стандартын шаардлага хангасан “Оргих” ургамлын тосыг гарган Монголын зах зээлд нийлүүлж эхэлжээ. Түүнчлэн дан ганц ургамлын тос үйлдвэрлээд зогсохгүй рапсаас тосыг нь ялгаж яваад үлдэгдэл шаараар нь малын тэжээл, био дизель түлш зэргийг гаргаж байгаа.

Монголчууд нефтийн үйлдвэртэй болж тос шатахууныхаа хэрэгцээг дотооддоо хангах гэж олон жил зовж байгаа. Тэгвэл түүний өнгөн дээр хүнсний тосоо шийдээд авсан нь том ажил л даа.

Тэрээр хэлэхдээ “Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн нэг нь тослог ургамлыг болосвруулах энэ үйлдвэр юм. Монгол Улс жилдээ 25-30 мянган тонн ургамлын тосыг хэрэглэдэг. Тэгвэл үүнийг орлох том үйлдвэр ашиглалтад орж, өнөөдөр нээгдэж байгаад салбарын сайдын хувьд баяртай байна. Монгол Улсын Засгийн газар импортыг орлох, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд уг үйлдвэрийг бүтээн босгоход “Чингис бонд”-оос 22.5 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нүдээ олсон, ухаалаг шийдвэр болжээ гэдгийг энд цохон тэмдэглэе” гэсэн юм.

“Үүлэнд нөлөөлнө”

Үйлдвэрийн нээлтэд оролцоод сайдаар ахлуулсан баг шууд дараагийн ажилдаа орж Баянгол сумын нутаг дахь “Бороо” экспедицийг зорив.

Энэ зун их халуун байх төлөвтэй байгаа. Өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас хуурайшилт ихтэй. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард сэрүүхэн байсан учраас ихэнх аймгуудад ногооны гарц муу, долдугаар сард олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү халах төлөвтэй, газар тариалангийн бүс нутгаар өдөртөө +30 градусаас буухгүй гэнэ.

Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яам Ус цаг уур, орчны шинжилгээний газартай нягт хамтран ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд зуншлага харьцангуй сайтай байгаа нутгууд дахь пуужинг татан төвлөрүүлэх замаар нөөцөө ашиглаж гантай буюу гандуу бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг авч бэлтгэл ажлаа хангаад, экспедицүүдийг бэлэн байдалд оруулжээ. Салбарын сайд нь энэ ажлаа газар дээр нь биечлэн шалгасан юм.

Ард иргэдийн дунд үүл буудаж, бороо оруулна гэсэн ойлголт байдаг. Энэ буруу ойлголт бөгөөд үүл буудах биш, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа гэдэг аж. Хошуундаа иодот мөнгө агуулсан пуужинг харвагчийн тусламжтайгаар үүлэнд хүргэнэ. Пуужин нь үүлний гол буюу цөм хэсэгт задарч, уур бүхий байдалд байгаа усны молекулуудыг өөртөө агуулснаас масс нь хүндэрч, газарт унах процесс юм. Энэ нь олон улсад хэрэглэдэг, байгаль орчинд хор нөлөөгүй технологи.

Томоохон хэмжээний газар нутаг, тариалангийн талбайг хамарсан ган гачиг, түймрийн аюул тулгарвал түүнээс гарах шууд болон шууд бус хохирлын хэмжээ нь хэдэн тэрбум төгрөгөөр тогтдоггүй тул ийн пуужин худалдан авч асуудлыг шийддэг аж. Сүүлийн жилүүдэд зогсоод байсан үүлэнд нөлөөлөх ажлыг хэрэгтэй цагт нь Р.Бурмаа сайд Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлж ажил хэрэг болгож чадсан нь энэ. Одоо цаг уурчид маань хөрсний чийгшлийн хэмжээ гэх мэтийг тааруулж, тохиромжтой цаг үеийг л хүлээж байна. Ингээд л “захиалгын дагуу” хурмаст хур бороо хайрлана.

Хуулинд нөлөөлж байна

Р.Бурмаа сайд үүлэнд нөлөөлөхөөс гадна салбарынхаа хууль эрхзүйн орчныг сайжруулахаар идэвхтэй ажиллаж байгаа гэнэ. Сонгогчдын боловсролд чиглэсэн олон хууль санаачлан батлуулж байсан Р.Бурмаа гишүүн салбарынхаа ажилд уусан оржээ.

Тэрээр орон нутагт малчид, тариаланчидтайгаа уулзаж явахдаа тэдний санал хүсэлтийг байнга тэмдэглэж явдаг гэнэ. Жишээ нь өмнө нь Сэлэнгэд ирэхдээ алдарт Ш.Мардай гавьяат тэргүүтэй тариаланчидтай уулзсан бол энэ удаа жижиг талбайтай тариаланчид, төмс хүнсний ногооны аж ахуй эрхлэгч иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь тэмдэглэж авахын зэрэгцээ тонн тутамд олгодог бэлэн мөнгө гэх халамжийн хэлбэрээс илүү зах зээлийн журмаар баялаг бүтээгч гэдэг утгаар нь дэмжинэ гэдгээ сайд илэрхийлж явлаа.

Тэрээр саяхан Органик хүнсний тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан.

Монгол Улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрхзүйн орчин бүрдээгүй, органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харгалзан Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөгөө талаас түүнийг баталгаажуулсан эрхзүйн зохицуулалт үгүй, жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, хэм, хэмжээ тогтоогдоогүй байгаа зэрэг нь Органик хүнсний тухай хууль өнөөдрийг хүртэл гараагүй байсан юм.

Мөн Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлж анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрсөө сайжруулах, хамгаалах, тариаланчдын газар эзэмших хугацааг уртасгах, газрын гэрчилгээгээ барьцаалж зээл авах боломжуудыг нэмж тусгажээ.

Р.Бурмаа сайдын хийж буй бас нэг том ажил бол Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичиг юм. Энэ баримт бичгийг 2015-2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Энэ хүрээнд олон улсын худалдааны хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангасан хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулах аж. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдэх юм байна.

Түүнчлэн мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хуулинд Мах махан бүтээдэхүүнийг Хятад, Орос улсаас гадна гуравдагч оронд нийлүүлэх гэрээ хэлэлцээрүүд амжилттай хийгдэж, Араб, Японд мах нийлүүлэхээр болсон энэ үед мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хуулийн шаардлага бий болсныг тэрээр олж харсан байна.

Хууль эрхзүйн туршлагатай мастер хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байгаагийн давуу тал бол яах аргагүй энэ юм. Өмнөх сайдуудын үед газар шороо, мал ахуйтайгаа зууралдсаар эрхзүйн орчин нь хаягдаад байдаг тал байжээ. Тэгвэл эмэгтэй хүний ажил хэрэгч гавшгай зангаар сайд нь хөдөө орон нутагт малчид, тариаланчидтайгаа тасралтгүй ажиллахын зэрэгцээгээр хууль эрхзүйн орчныг нь ч чамбайруулаад эхэлжээ.

С.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ