Харь улсад домог болсон Хамаг Монголын гүнж нар-22

Өмнөхийг эндээс - Харь улсад домог болсон Хамаг Монголын гүнж нар-1

ЭЗЭН ЧИНГИСИЙН ГУЧ ОХИН ЭРГЭНЭ ГҮНЖ

{!!!right!!!}Их Монгол улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн хатад эмсийн дундаас Чингис хааны гуч охин Эргэнэ хатан яах аргагүй онцгойрдог юм. Энэ хатны нэрийг түүхэн сурвалж бичгүүдэд Эргэнэ, Ургана, Уркена, Оркына гэх зэргээр тэмдэглэсэн байдаг бөгөөд тэрбээр Чингис хааны охин Цэцээхэний хүү Барбөхийн охин буюу яах аргагүй эзэн Богд Чингисийн мах цусны тасархай гуч охин нь байв. Эргэнэ үзэмж төгс, гоо үзэсгэлэнт нэгэн байснаас гадна багын цовоо сэргэлэн, эелдэг найрсуу зантай байсан тул Чингисийн хоёрдугаар хүү Цагадай ихэд таалдаг байсан гэдэг. Тийм ч учраас өөрийн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэгт эхнэр болгон авч өгөөд бүх бэрүүдээсээ онцгойлон үзэж “Эргэнэ бэр” хэмээн дотночлон дууддаг байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Цагадай хаан өөрийнхөө дараа Хархүлэгийг хаан ширээнд суулгах ёстой хэмээн амьд ахуйдаа гэрээсэлж угсаа залгамжлагчаараа тодруулж байсан тул 1242 онд Цагадайг нас барахад түүний гэрээслэл ёсоор Эргэнэ хатны нөхөр Хархүлэг Цагадайн улсын эзэн болж суурийг нь залгамжилжээ. Хархүлэг улсаа 1242-1246 он хүртэл дөрвөн жил захираад байтал Өгөдэй хааны хүү Гүюг 1246 онд Их Монгол улсын хаан болмогцоо “Хүү нь байхад ач нь яахин улсаа захирч болох билээ” гээд Хархүлэгийг хаан ширээнээс зайлуулж, Цагадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байдаг. Ингээд Есөнмөнх 1251 он хүртэл Цагадайн улсын төр барьж байлаа. Харин 1251 онд Гүюг тэнгэрт хальж Их Монгол улсын хаан ширээ Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан бас солигдоход хүрсэн бөгөөд энэ цагаас эхлэн Эргэнэ хатны нэр Их Монгол улсын хатан хаадын түүхэнд зүй ёсоор орж ирсэн байдаг юм. Мөнх их хаан болмогцоо өөрийн дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг эргүүлэн өгчээ. Гэвч Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсч, үүний улмаас Мөнх хаан ахин зарлиг гаргаж Хархүлэгийн орыг түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Энэ үед Мубарак шах дэндүү балчир байсан тул засгийн эрхийг Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авахаас өөр аргагүйд хүрч тэрбээр 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд гарч ирсэн түүхтэй. Эргэнэ хатан өөрийн эр нөхрийн үхэлд Есөнмөнхийг буруутгаж байсан учир юуны өмнө нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид болон бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан Алтан ордны хаан Бат руу явуулжээ. Гэвч Бат хаан Есөнмөнхийг хэсэг зуур өөрийн дэргэд байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Тийм бөгөөс Эргэнэ хатан түүнийг ахин хаан ширээний төлөө тэмцэж балчир хүүг нь хөнөөж мэднэ гэж хаширлаж, мөн эр нөхрийнхөө өш хонзонг авах үүднээс хөнөөж орхисон гэдэг. Үүнээс болж Цагадайн улсын ард иргэд Эргэнэ хатанд таагүй хандах болсон бөгөөд тэрбээр нутаг дэвсгэрээ нийтэд нь захирч чадахгүйд хүрсэн учир ихэнхи хэсгийг нь Тулуй болон Зүчийн удмынхан эрхшээх болсон байна. Тэд мөн Өгөдэйн улсын газар нутгийг ч эрхшээж байлаа. Тулуй болон Зүчийн удмынхан ийнхүү ах дүүгийн газар нутгийг хувааж авсанаар Чингис хааны удмынхан хоорондоо эвдрэлцэх үүд хаалга нээгдсэн ч гэж үздэг юм. Мөнх хаан, Бат хаан хоёр Их Монголын эзэнт гүрний газар нутагт ингэж ноёрхоод зогсохгүй Өгөдэй болон Цагадайн удмын балчир хүүхдүүдийг их хааны ордонд хүмүүжүүлэх нэрээр эцэг өвгөдийнх нь эзэмшил нутгаас салган хүчийг нь сааруулж байсан явдал ч бий. Эдгээр балчир хөвгүүд бүр хожим Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт очиж суух эрхтэй болсон гэдэг. Гэхдээ Эргэнэ хатан Зүчи болон Тулуйн удмынхан дотор нэр хүнд сайтай байжээ. Тийм ч учраас Мөнх эзэнт гүрний хаан ширээнд сууж байх үед буюу 1251-1260 он хүртэл балчир хүүгийнхээ оронд Цагадайн улсыг дангаар захирч эмгэнэлтэй хүндхэн үеийг даван туулж улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байдаг. Чингис хааны гуч охин Эргэнэ хатан хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байсан учраас алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй нэгэн байжээ. Түүнээс гадна түүний эгч нар болох Аригбөхийн хатан Илчигмиш, Хүлэгү хааны хатад болох Кубак, Өлзий нар ч мөн ёсыг сахигч, ухаалаг сэцэн хатад байсан гэдэг. Харамсалтай нь тэдний тухай тоймтой тодорхой зүйл түүхэнд үлдэж хоцорсонгүй ээ.

ХАЙДУ ХААНЫ ОХИН “ХОТОЛ ЦАГААН” ГҮНЖ

Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны Хутулан буюу “Хотол цагаан” гүнж гоо үзэсгэлэнтэйгээс гадна биерхүү, хүч чадалтай нэгэн байсан тул эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байж. Мөн тэрбээр баатар эрсийн морьт тулааныг ихэд сонирхдог байжээ. Энэ ч утгаараа “Бөх гүнж буюу Хотол цагаан гүнжийн домог” хэмээх эрт цагийн нэгэн бодит явдал түүхийн шарласан хуудаснаа дурайтал үлдсэн байдаг. Хутулан гүнж нэг эхээс цувж төрсөн арав гаруй ахтай байсан бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Тэгээд нас биед хүрмэгцээ наадам тэмцээнд оролцож, мөн эцэг Хайду хааныхаа цэргүүдийг удирдан тулаанд орж хэд хэдэн удаа ялалт байгуулсанаар Монголын овог, аймгуудын дунд нэр нь цуурайтах болсон байна. Ер нь ганц Хутулан гэлтгүй эртний монгол охид моринд гарамгай, хар багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байж. Олон арван баатар эр түүнтэй амьдралаа холбохыг санаархаж байсан ч Хутулан гүнж “Надтай барилдаад намайг давсан хүнтэй л би сууна” гэж ам гарчээ. Гэвч түүнийг давах эр гарч ирсэнгүй. Хайду хааны хувьд Хутулан гүнж хамгийн хайртай хүүхэд нь байжээ. Энэ үүднээс Хутулан гүнжид атаархагчид “Бөх гүнж хаан эцэгтэйгээ эр эмийн ажил хийдэг” гэсэн цуу дэгдээсэн байна. Тиймээс Хутулан гүнж хаан эцгийнхээ нэр төрийг сэвтээхгүйн тулд баатар эрсийн дундаас хамгийн итгэлтэй сайныг нь сонгож гэрлэсэн түүхтэй. Түүний эцэг Хайду хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзсэн Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байсан бөгөөд Хутулан гүнж ч эцгийнхээ үзэл бодлын дагуу суурин амьдралыг ойшоодоггүй байж. Хубилай хааны дэргэд олон жил суусан Италийн жуулчин Марко Поло болон Ираны түүхчид Хутулан гүнжийн талаар дээрхи сурвалж бичгийг үлдээсэнээр 18-р зууны үеэс Европт Азийн нэгэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай яриа дэгдсэн байна. Тиймээс Францын эрдэмтэн зохиолч Франсуа Питис де Ла Крой Хутулан гүнжийн тухай зохиол бичиж, үүндээ түүнийг Алтан хааны 19 настай Турандот хэмээх турк охины дүрээр дүрсэлсэн байдаг. Уг зохиолд Хутулун гүнжийн бөх барилдаж даваад эр нөхрөө сонгох хүсэлтийг гурван янзын оньсого болгож өөрчилжээ. Хутулан гүнжид унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг. Уг зохиол мэндэлсэнээс хойш зуу гаруй жилийн дараа Италийн хөгжмийн зохиолч Ж.Пуччини Азийн гүнж гэгддэг “Турандот” хэмээх алдарт дууриа туурвижээ. Гэхдээ уг дуурийн гол дүр Турандот нь эрт цагийн Хутулан гүнж шиг хүч чадалтай, баатарлаг эмэгтэй бус өөрөөсөө дорд гаралтай эр хүнтэй суухаас татгалзаад хайртай хүнээ насан туршдаа хайж яваа бардам эмэгтэй билээ. Нэг ёсондоо Хутулан буюу монголчуудын хэлж заншсанаар Хотол цагаан гүнжийн домог нь хөгшин Европын урлаг соёлд бардам эмэгтэйн түүх болж үлдсэн билээ. Ер нь Хотол цагаан гүнжийн үед манай Монголын их хаадын үр удам болох үзэсгэлэн төгс олон арван гүнж төрөн гарсан байдаг. Тэдний зарим нь харь улсын хаан, вангуудад бэлэг болж очдог байж. Энэ тухай УБИС-ийн багш, БНСУ-ын Данкууг их сургуулийн профессор Р.Чүлтэмсүрэн нэгэн сонирхолтой баримт дэлгэж байсан билээ. Жишээ нь 1219 онд Монголын жанжин Хабжин, Cолонгосын жанжин Жо Чун нарын манлайлсан цэргүүд Cолонгосын нутагт үймээн дэгдээж байсан Киданы хулгай нарыг хамтын хүчээр даран сөнөөжээ. Тэгээд тэд ялалтаа тэмдэглэх үедээ “Бидний хоёр улс үүрд ах дүү байж, үр сад маань энэ өдрийг түмэн үед бүү умартаг” гэж андгай тангараг өргөөд Хабжин жанжин дөчин нэгэн монгол цэргийг солонгос хэл сурагтун хэмээн Солонгост үлдээжээ. Энэхүү ах дүүгийн барилдлага яван явсаар Хубилай хааны гүнж Хутагт бэхи, Хубилай хааны хүү Чингимийн ууган хүү Гамалийн охин Будшилэн, Есөнтөмөр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны тав дахь удмын Бортөмөрийн охин Нүнчиг зэрэг үзэсгэлэнт монгол бүсгүйчүүд төр улсын өндөр ёслолын хүрээнд Солонгосын үе үеийн хаад вангуудын хатан болж байсан түүхтэй.

ХОРИ БУРИАДАД ГҮНЖ БОЛЖ ОЧСОН БАЛЖИН ХАТАН

Монголын эртний хатдын дотроос Хори Буриадад гүнж болж очсон Балжин хатны түүх нэлээд өвөрмөц юм. Буриадын домгуудад өгүүлснээр бол өвөг дээдсээ Хиад боржигоны нэгэн адил Бөртэ чоно, Гоо марал гэнэ. Ер нь аль ч түүх судрыг нь сөхөөд харвал “Бөртэ Чоно, Гоо маралаас угшилтай Хоридой мэргэн хэмээх хүү нь Баргажин-гуа гэдэг хатантай байжээ” гээд л цааш хөвөрнө. Монголын нууц товчоонд ч бас “Хорилардай мэргэн Баргажин гуа нэрт хатантай билээ. Тэдний охин Алунгоо болно” гэж бичигджээ. Монгол овог аймгууд нэгдэхээс өмнө Баргажин төхөмд нутагласан Түмэд аймаг нь Хори овгийнхонтой нэгдэн аж төрж байв. Энэ үеэс тэднийг Хори-түмэд гэх болжээ. Баргажин төхөм нь одоогийн Оросын Буриадын нутаг буюу Байгаль нуур орчмын хэсэг бөгөөд энд 12-13-р зуунд Төгөлус, Булгачин, Хэрэмчин аймгууд нутаглаж байгаад 1207 онд ойн иргэдийн хамтаар Монголын их нэгдэлд элсэн оржээ. Гэхдээ зарим нь Чингисийн эсрэг босч явсан удаатай. Чингис хаан Хятадыг дайлаар мордох үед Хори-түмэдүүд хааны ордонд бослого гаргаж, их эзний итгэлт анд Борохулыг хөнөөсөн байлаа. Үүнийг Чингис хаан сонсоод ихэд хилэгнэж Дөрвөдийн Дөрбэй Доншинд Хори-түмэд аймгийг байлдан дагуулахыг зарлиг болгожээ. Ингээд Хори-түмэд иргэдийг эзэлсэний дараа Зүүн түмэдийг нь Борохулын гэр бүлийн мэдэлд өгч, Хори-түмэдийг одоогийн Хөх хотын зүүн хойд тал руу Өвөр Монголын нутагт шилжүүлэн нүүлгэсэн байдаг. Домогт Балжин хатны түүх намтар энэ л үеэс эхэлжээ. Түүний аав ээж нь Ордос, Хөх хот орчмоор нутаглаж байсан байна. Түүхч Тойсомын Галсан Балжин хатны үлгэр мэт сонирхолтой баримт, он тоолол, угсаатны зүйн мэдээллүүдийн мөрөөр мөшгөж судалсаар эцэст нь “Хори Буриадын домогт хатан Балжин нь Монголын Алтан гэгээн хааны охин бөгөөд Батмөнх даян хааны гуч, Мандухай Сэцэн хатны гуч охин болохыг тогтоов” гэсэн байдаг. Чингис хааны Өвөр Монгол руу шилжүүлэн нүүлгэсэн Хори-түмэд 16-р зууны эхээр эргэн ирж Онон голын доод биеэр нутаглах болжээ. Гэтэл энд эртнээс нутагшсан хамнигадууд дургүйцэж, улмаар тэмцэл тулаан хийх болсоноор Буриадын Бавж баатар тэргүүтэй хүчин хамнигадыг дийлж, хожим нь эвийн хэлэлцээр хийж найрсгаар аж төрөх болсон байна. Батмөнх даян хааны үед Барга, Буриадын зарим хэсэг нь Хянганы уулсаас Эргүнэ гол руу бас нүүсэн байлаа. 1580-аад оны үед буюу Батмөнх даян хааны дөрөвдүгээр үеийн Буянт Сэцэн хааны үед Солонгууд аймгийн захирагч Бүүвэй бэйл өөрийн хүү Дай хунтайжид үзэсгэлэнт бүсгүй Балжинг сүй тавин авч өгсөн байна. Ингэснээр Байгаль нуур орчмын овог аймгууд дотор буриадуудын байр суурь дахин бэхжих нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, арван зургаахан насандаа Дай хунтайжийн эхнэр болсон Балжин хатны инжинд Хөх хот, Шар мөрний хойд талаас Онон гол руу ирээд удаагүй байсан Хори буриадуудыг Түмэдийн мэдлээс салгаж, Байгаль нуур орчмын нутаг руу нь нүүлгэсэн байна. Инжиндээ бүхэл бүтэн үндэстэн ястаныг хамруулж байсныг бодоход Балжин хатан нь харь нутгийнханы харцыг булаасан хосгүй үзэсгэлэнтэй гүнж байсныг илтгэнэ. Балжин хатан тухайн үедээ Монгол угсаатныхаа тусгаар байдал, эрх чөлөөний төлөө Мандухай сэцэн хатан лугаа хурц ширүүн тэмцэл дундуур туучаагүй ч гэсэн овог аймгийнхаа хэмжээнд өөрийн гэсэн дуу хоолойг хадааж явсан нэгэн байжээ. Жишээ нь Балжин хатан өөрийн инж болох Хорийн 11 овгийн буриад зон олноо Байгаль нуурын хойд эрэгт суурьшуулахыг анх санал болгосон байдаг. Тэрбээр энэ тухай айлдахдаа “Эрхэм тайжтан та Хорийн буриад язгууртныг эцэг Бүүвэй бэйлийнхээ мэдлээс гаргаж, өөрийнхөө захиргаанд авч, албатаа болгох бус уу. Тэгсэн цагт би таны итгэлт хатан болно” гэж тулгаж байсан гэдэг. Ингээд бүх зүйл хатныхаар болж Дай хунтайж Балжин хоёрын амьдрал хэсэгтээ л амар тайван байсан байна. Гэвч эхнэр нөхрийн нандин харилцааны дундуур хар цагаан хэл ам, бэлгийн муу үйлийн сэдэл гээд зүсэн бүрийн адал явдал тохиох нь тэр. Дай хунтайжийн эцэг Бүүвэй бэйлийн хатан нас барсанаар хөгшин бэйл үзэсгэлэнт бэр Балжинд сэтгэл алдарч улмаар түүнийг хүүтэйгээ хувааж эдэлж хэрэглэх болсон байна. Энэ талаар Балжин хатны домгуудад янз бүрээр дүрслэгдсэн байх бөгөөд нэгэн домогт “Бүүвэй бэйл өөрийн бэр Балжин хатныг эр эмийн ажилдаа уруу татан ашиглахыг оролдож, хатныг дургүйцэхэд хүчээр эдэлдэг болов. Үүний хариуд Балжин хатан “Би эцэг хүү хоёрын эдэлбэр байж чадашгүй нь” гээд Бүүвэй бэйлийн эсрэг тэрсэлсэнээр хэрцгийгээр алагдав” хэмээжээ. Тэрбээр ёс бус үйлийн эсрэг амиа золин тэмцэхэд хэзээд бэлэн явсаныг эндээс харж болно. Монгол төрийн оршин тогтнох, бэхжих үндэсийн үндэс нь өрх гэр, овог аймгийн нэгдэл хэмээн Балжин хатан гүн бат ойлгож, үүнд ямагт үнэнч байхыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн гэлтэй. Бардам, дээрэнгүй, өрх гэрийн ёс горимыг умартсан Бүүвэй бэйлийн үнэн нүүр царайг ч тийнхүү илчилжээ. Үүнд нь өширхсөн Бүүвэй бэйл түүнийг цаазаар аваачсан байх бөгөөд үзэсгэлэнт хатныг зүгээр ч нэг цаазалчихсангүй. Домогт өгүүлсэнээр бол бүх биеийг нь мөчилж хуваагаад дөрвөн зүг, найман зовхист тараасан гэх бөгөөд үүний улмаас “Балжин толгой”, “Балжин хөл”, “Балжин гар”, “Балжин нуруу” гэх мэтийн нэртэй газрууд Буриадад бий болж, өдгөө ч эдгээр нэрээрээ нэрлэгдэж байдаг юм байна.

МАНЖИЙН ТӨРИЙГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН СЭЦЭН АМИРЛАНГУЙ

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээлэлийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг. Харин судлаач А.Одмандах чамгүй судалгаа хийсэн нь бахархууштай. Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж. Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна. Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордоны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордоны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордоны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна. Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг. Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна. Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордоны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг. Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ. Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй. Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа. Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ. Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ. Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг. Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бас бий билээ.

АЛШАА ВАНГИЙН АВЪЯАСЛАГ ШҮЛЭГЧ НАСЛАНБУУ

14-р зууны үед Хиад Боржигон аймгаас Хятад газар богтлогдож очсон үзэсгэлэн төгс Агай хатан болбоос элдэв янзын тэмцэл тулаанд оролцож Монголын түүхэнд үндэсний эв нэгдэлийг нэгэн шатаар ахиулсан алдарт шүлэгч бүсгүй байлаа. Жишээ нь “Гуниг хорслын шүлэг”, “Алтан бөлзөгийн дуу” хэмээх шүлгүүд нь өнөө хүртэл бидэнд хадгалагдсаар ирсэн билээ. Атаатан дайсандаа хорлогдсон хайрт нөхөртөө зориулж “Гуниг хорслын шүлэг”-ээ бичиж орхиод амиа хорлосон энэ бүсгүйн шүлгийн хэллэг нь урсгал сайхан мөртөө гүн аястай, уярал эмгэнэлтэй. Тэрбээр хятад шүлгийн ай дотор төрөлх сайхан монгол үгээ эвтэйхэн оруулж, хэм холбоц, айзам зохцилдолгоог нь аятай сайхнаар нийцүүлж чадсанаараа эртний Монголын алдарт эмэгтэй шүлэгч гэдгээр мөнхөрсөн юм. Монголын эртний хатдаас түүн лүгээ шүлэг найргаар “өвчилж” байсан хүн бараг үгүй. Харин 1800-гаад оны үед Ар халхын удам дамжсан ван Алшаа хэмээгчийн охин Насланбуу хэмээх авъяаслаг шүлэгч бүсгүй төрөн гарсан түүхтэй. Түүнийг сурвалжлан гаргаж ирсэн судлаач өгүүлэх нь: “1805 оны зуны нэгэн өдөр тэр үеийн Манж Чин улсын нийслэл Бээжин хотод умраас 20 орчим тэмээ хөсөглөсөн нэлээд чинээлэгхэн жингийн цуваа орж иржээ. Энэ бол хааны зарлигаар хааны журганд (яаманд) ажиллахаар Ар халхаас гэр бүлийн хамт ирж буй Алшаа вангийн хөсөг байлаа. Бичиг үсгийн өндөр чадвартай, боловсролыг дээдлэгч Ар зүгийн энэ ван ийн ирэхдээ дөрвөн настай бяцхан охиноо дагуулан иржээ. Тэр бол Насланбуу охин байлаа. Эрдэмийг чухалчлан үздэг аав нь Насланбууг долоон настай байхад нь тэр үеийн Чингийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг Хүй Ен Бумбад шавь оруулсан байна. Энэхүү Хүй Ен Бумба бол эрдэм мэдлэг хэтийдсэн нэрт яруу найрагч эмэгтэй байсан юм. Түүнчлэн Алшаа вангийн төрсөн эгч болох Жимээ хэмээх эмэгтэй эрдэм мэдлэг өндөр хүн байсныг түүний “Лио Юн Ми вангийн шүлгийн хуулбар” хэмээх шүлгийн түүврээс мэдэж болно. Ингэж л бяцхан охин Насланбуу хар бага наснаасаа багш болон нагац эгчийнхээ нөлөөнд орж бичиг эрдэмд сайтар суралцсанаар тэр үеийн Чингийн өмнөө барьдаг чадварлаг сэхээтэний нэг болж өсч өндийсөн түүхтэй билээ. Бяцхан Насланбууг хэдийдээ хатан болчихов оо гэж гайхах хэрэггүй. Тэрбээр хаан угсаатай хүнтэй ураглаж, тэр үеийн Чингийн хаан Сайшаал ерөөлтөөс “Хатан” хэмээх хүндэт алдрыг хүртэж байжээ. Насланбуу нь шүлэг найрагтай бүх амьдралаа холбож, олон арван шавь нарыг сургаж Чингийн төрд олон сайн боловсон хүчин бэлтгэж өгсөн гавъяатай хүн” гэж онцолжээ. Авъяаслаг найрагч Насланбуугийн маш олон шүлэг монгол хэлэнд хөрвүүлэгдсэн байх бөгөөд тэрбээр,
“Дөрвөн настайдаа нийслэл хотноо нүүдэллэн ирээд би
Дээдсийн нутаг Монгол газраас гучин жил холдов оо
Төрж өссөн уул ус минь хаа байдаг болоо
Тэнгэрийн хаяа, газрын хязгаарт үүл манан үргэлж
Түүх шастираа Чингис хаан тив дэлхийд үлдээж
Тэнгэр уудам дайны талбар нь тэртээд хүрээд алсрав аа” хэмээн Халх Монголоо дурсан санагалзсан байх аж. Мөн тэрбээр,
“Дайчин баатрууд арван түмэн нум сумаа хөвчилж
Даяар алдарт тэнгэрлиг хөвгүүд эрт урьдаас хүчирхэг” гэх мэтээр эрт цагийн баатар эрсээ дурсан санагалзсан нь олонтаа. Түүний зарим шүлэг “Цагийн будангуйд тасхийсэн төмөр шүглийн дуу” болон цуурайтаж байсан нь шууд ойлгогдоно. Жишээ нь тэр Хятад даяар алдартай Күнзийн сургаалийг эсэргүүцэж байсан нь гайхмаар. “Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм болой” гэсэн эртний уламжлалт бурангуй ёсыг цогтойгоор шүүмжилж,
“Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм гэдэг нь чалчаа үг
Эртнээс аваад шүлэгчийн ухаан эмэгтэй хүнд л заяасан юм” гэх мэтээр шүлэглэж байжээ. Мөн тэрбээр нөхрийнхөө хамаатан болох нэгэн залууг тухайн үед цэцэглэн хөгжиж байсан “Хар тамхины дайн”-д мордох гэж байхад нь,
“Сайн эр нэр нүүрээ гутаавал
Санасан үйл хариугүй болно
Эрэлхэг зоригоо бүрэн бадраавал
Эртний үйлээ дахин сэргээнэ” гэх мэтээр ухааруулан сэнхрүүлж байсан байна. Насланбуу найрагчийг тодруулан гаргаж ирсэн судлаач эцэст нь өгүүлэхдээ “Монголчууд бид ухаант хатадынхаа тоогоор дэлхийд тэргүүлнэ. Үүнээс нэг хүнд ноогдох ухаант хатадын тоогоор мөн л дэлхийд өрсөлдөгч үгүй тэргүүлнэ. Энэ сайхан хатдын маань нэг нь Насланбуу хэмээх алтан ургийн цустай авъяас төгөлдөр шүлэгч эмэгтэй мөнөөсөө мөн. Та бүхэн өнө эртний олон арван сайхан хатдынхаа нэрэн дээр Насланбуу хатныг нэмж, түүний арвин баялаг түүхээс суралцаж, энэ сайхан хатныг аливаад жишээлэн ярилцаж, бусад алдарт хатдын адилаар санан дурсч яваарай” гэж захисан байв.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ