Оросын хаяанд америкийн 250 хүнд танк очлоо

АНУ, ОХУ-ын хооронд өрнөөд байгаа хоёр дахь хүйтэн дайн гэж нэрлэгдээд байгаа Украины хямралаас үүдэлтэй таагүй харилцаа улам бүр хурцадсаар байна.
ОХУ-ын талаас шийдвэртэй эсэргүүцэж илт өдөөн хатгалга гэж үзнэ хэмээсээр байгаа Балтийн орнуудад Америкийн цэрэг, зэвсэг байрлуулах асуудлыг америкчууд нэг мөр шийдвэрлэж орхисон байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Эштон Картер мэдэгдэл хийлээ.
Түүний хэлснээр бол Балтийн орнуудад тусгайлан бэлтгэсэн явган цэргийн нэг бригад буулгахаас гадна 250 хүнд зэвсэг, техник хэрэгсэл илгээж байгаа аж. Тухайлбал Америкийн армийн бахархал болсон 90 Абрамс танк, 140 Брэдли хүнд танк, 20 өөрөө явагч их бууг илгээж байгаа гэнэ.
Тэрээр Балтийн тэнгисийн гурван орон болох Латви, Литва, Эстони улсуудын батлан хамгаалахын сайдуудтай хийсэн НАТО-гийн уулзалт дээр ингэж мэдэгдсэн байна.
Одоогоор ОХУ-ын зүгээс Эштон Картерийн мэдэгдлийн хариуг бариагүй байна. Балтийн тэнгис бол Оросын баруун хил хязгаар гэж оросууд үздэг тул Латви, Литва, Эстонид их хэмжээний цэрэг зэвсэг илгээвэл манай баруун хил дээр зэвсэг цэрэг бөөгнүүллээ гэж үзэхээс өөр ямар ч аргагүй хэмээн өмнө нь ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдээд байсан юм.
Шинжээчдийн үзэж буйгаар америкчууд Латви, Литва, Эстонид цэргийн мэргэжилтнүүдээ илгээсээр байсан ч энэ удаагийнх шиг их хэмжээний хүнд зэвсэг бүхэл бүтэн бригад цэрэг илгээж байгаагүй тул хоёр гүрний харилцаа улам хурцадмал байдалд орох нь дамжиггүй боллоо хэмээж байна.
Энэ явдал оросуудын хувьд америкийн танкууд хил дээр нь ирснээс ялгаагүй явдал. Тийм учраас энэ явдалд Орос гүрэн ихэд эмзэглэх нь гарцаагүй, харин хариу арга хэмжээ нь ямар байхаас дараа дараагийн үйл явдлууд тодорхой болно хэмээж байна.
Америкийн хувьд цэрэг зэвсэг илгээх явдлаа зөвхөн Балтийн гурван орноор хязгаарлахгүй Польш, Болгар, Румын улсад ч цэргийн баазууд байгуулна гэнэ. Польш улсад Америкийн цэргийн бааз байдаг боловч үүнийгээ улам нэмэгдүүлэн хүчирхэгжүүлэх аж.
Долоо хоногийн өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин зэвсгийн үзэсгэлэнгийн үеэр тив алгасах, сүүлийн үеийн ямар ч пуужингийн эсэргүүцэн хамгаалах системд үл баригдах орчин үеийн 40 хүчирхэг пуужингаар армиа зэвсэглэх болсон тухай мэдэгдэл НАТО-д тун хүчтэй нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж буй. Тэгвэл энэ мэдэгдлээс улбаатай америкчууд шийдвэртэй алхам хийж ийн хүнд зэвсгүүдээ Оросын хаяанд илгээж байгаа бололтой.
Эстонийн тусгаар тогтнолын баярын өдрийн парадад оролцож буй америкийн танкууд
Литва болон Америкийн армийн хамтарсан бэлтгэлийн үеэр
Литвийн танк
Вильнюст болсон баярын үеэр Литва улсын далбааны өнгөтэй тууз энгэртээ зүүсэн америк цэргүүд
Эстонид Америкийн армийн цэргүүд байлдааны бэлтгэл хийж байна
Атлантын далай гатлан ирсэн америкийн хүнд танкууд Германд бууж байна. Тэндээсээ эх газраар явсаар Балтийн орнуудад очиж байна.
Латвийн Адази хэмээх газар Америкийн Абрамс танкууд байлдааны бэлтгэл хийж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ