Бөх үү бух уу

Монголд дэлхий нийтэд тогтсон жишиг, хандлагыг зөрж эсрэгээр хөгжиж явдаг нэгэн гаж жишээг энд дурдах болно. Гадаадын аливаа оронд үндэсний спортоо дэлгэрүүлэн хөгжүүлэхийг чухалчилдаг улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөхийг илүүтэйд тооцож, үүний төлөө шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөрлөж, засаг төр нь ч байж болох бүх боломжоор дэмждэг.

Гэтэл манай улсад энэ цаг мөчид үүнээс тэс өөр жишиг үйлчилж байна. Үндэсний спортоо дэмжих нэрийдлээр олон нийт, төр засаг бөхчүүдийг /үндэсний бөх/ хэтэрхий эрхлүүлж муу зан сургаж байгаа нь нуух аргагүй үнэн.

Эсрэгээрээ оюуны спортоор дэлхийд улсынхаа нэрийг өндрөөр өргөж байгаа тамирчдад тэмцээнд оролцох зардал мөнгө ч хомс олдож, төр засаг нь ч гуйлга гуйж яваа мэтээр хялайн харах болсон нь энүүхэнд.

Өдрөөс өдөрт монголчуудын хүчирхэг ген оюун ухаанаар дамжин илэрч тив дэлхийн олон тэмцээн уралдаанд түрүүлж, магнайлах болсон.

Оюуны олимп, дэлхийн аваргууд Монголоос тодорч, шатар даамын их мастерууд маань дэлхийн аваргуудтай хожиж хожигдож, эн тэнцүү өрөг нүүж, долоохон настай хүү дэлхийн аварга болсон гээд монголчууд оюуны спортоор өндөр амжилт үзүүлсээр байхад төр засаг, олон нийт дүлий дүмбэ оргисоор суух.

Тэгсэн хэрнээ наадам болж хэн нэг өөхөн бөмбөг, хүч бяр, хөрөнгө мөнгө найраа, наймаагаараа улсын цол авбал түүний мялаалгад эгээ л дэлхийн аварга болсноос наахнуур сүржин загнаж унаа машин, байр сууц мал хуй эгээ л сайхан хүүхэн амлахаас наахнуур юм болно.

Ядаж үнэн хүч, уран мэхийг үзүүлж үзэгчдийг баясган цэнгүүлж чадах нь өнөөгийн бөхчүүд лав биш болсон. Найраа, наймаагаар даваа болгоныг хошин жүжиг болгож түүнд нь бид итгэж суудаг.

Эцэст нь авсан өгсөн тохироо нь болохгүй болоод ирэхээр ичих ч үгүй олны өмнө хэвлэлийн хурал дээр булхайгаа дуудалцаж зогсдог.Тэнд бүр нийгмийг шуугиулж байгаа албан тушаал хээл хахуулийн хэргүүд дээр дурдагддаг шиг олон саяын мөнгөний сураг сонсдохыг яана гээч. Аль эсхүл хүч бяраараа түрэмгийлж энд тэнд зодоон цохион хийж монгол бөхийн жудгийг эвдэх нь ч энүүхэнд болсон.

Начны найраа 80 саяас буухаа больсон гээд бодвол харцага, заан, гарьд арслан гээд цолны эрэмбээр авилгын тоо хэмжээ толгой эргэм болж хувирна.

Ийм муухай өнгө мөнгөний сүүдэрт ялзарч гүйцсэн бөхчүүдийн жүжигт итгэж, хир мөнгө хоёр амтагдсан хөлснөөс нь адис авч суудаг бид ч гэж бид, засаг ч гэж засаг.

Уг нь үндэсний бөхийн улсын цол нь олон улсын тавцанд алтан соёмбот далбаа өргүүлэхээс тэс өөр зүйл юм. Үүнийг улс дотроо жишиж зүйрлэвээс бяраар сумын начин болж буй нөхөд цулайж, мөнгө хаялцаж явахад оюун ухаанаар улсын аварга болсон нь тэмцээнд оролцох зардал хайж гүйхтэй адил мэт.

Ер нь манай оронд ганц үндэсний бөх ч гэлтгүйгээр биеийн хүчний бусад спортууд оюуны спортоос илүү хөгжсөн байдаг.

Төрөөс энэ гажиг хандлагыг өөрчилж яаралтай байх байранд нь оруулах ёстой. Эс тэгвээс оюуны спортын хөгжил доройтож, дэлхий дахинд цойлж эхэлсэн тамирчид маань амжилтын замналаа үргэлжлүүлэх боломжгүй болох вий.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ