Т.Галсан баавайн шилийн сайн эрчүүдтэй уулзаж учирч явсан тухай дурсамж

- ЖАНЖИН ВАНГИЙН ХОШУУНЫ ШИЛИЙН САЙН ЭРЧҮҮЛТЭЙ УУЛЗАЖ УЧИРЧ ЯВСАН ТАНГАДЫН ГАЛСАН БАЙВАЙН ДУРСАМЖ -
Ардын уран зохиолч Тангадын Галсан баавайтай саяхан уулзаж хоёр ч удаа бяцхан хөөрөлдөөн үүсгэв. Учир нь тэрбээр Жанжин вангийн хошууны сүүлчийн сайн эрчүүлтэй уулзаж учирч, заримтай нь дотно нөхөрлөж явсан аргагүй л “эртний” хүн юмсанж. Тиймээс ямар нэгэн тайлбаргүйгээр түүний үгийг хүргэе.
...Шилийн сайн эр гэдэг бол айлын угаадас горьдоод хаяанд нь хэвтэж байдаг нохой биш. Долоо хоног агаар залгиж яваад, долоо хоног шүүдрийн намраг долоож яваад (өвсний толгойд бөнжигнөсөн шүүдрийг намраг гэнэ) ингэж бие гойрсон, өөрөөр хэлбэл дөрвөн хөлтэй нисдэг адгуус болсон үедээ улаан найр хийж, халуун цус ууж байгаад хөдөлнө. Халуун цус ууна гэдэг нь дарс ууж байгаа, улаан найр хийнэ гэдэг нь мах зулгааж байгаа хэрэг. Ингэдэг эр л боохой шиг сайн эр. Тэрнээс биш өмд гутал хулгай хийдэг, өдөр явж чөдөр ханцуйлдаг, шөнө явж борлонд чирэгддэг муусайн жижиг хулгайч нарыг бол сайн эр гэдэггүй юм. Сайн эр гэж ард түмэн сайшаахын учир нь хүнд байх бүхий л хатуужил бэрхийг даван туулдаг, жишээ нь баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл биеэ баадагнаад давхичихад таван цул нь холхидоггүй. Есөн эрүүгээр шүүлгэхэд дунд нь оруулалгүй хамаг нууцаа дэлгэчихдэггүй. Ийм учраас “Сайн” гэж өргөмжилж байгаа юм. Нөгөө талаар эрийн сайнаар олсон тэр олз омог нь Монголын төлөө, ард түмнийхээ төлөө байсан. Жишээ нь Оросын “Унгасан сан”-гийнхан, Хятадын Даашинхүүгийн пүүс зэрэг Монголын ард түмний хонгоны махыг шулахтай адил буяныг нь хоосолдог байсан гадаадын дамчдын хөрөнгийг аян замаас нь дайрч авах ч юм уу, эсвэл илбэ үзүүлэхийн дайтай авхаалж самбаагаар бага сагаар хумслах ч юмуу, эсвэл тэдний урагшаа Бээжин рүү, хойшоо Бийск рүү тууж байгаа их малаас дээрэмдээд, ядуу зүдүү хүмүүст түгээдэг. Ийм учраас сайн эр гэж байгаа юм. Эрт цагийн сайн эрчүүлийг өнөө цагийн малын хулгайч нартай зүйрлүүлэх нь үнэхээр буруу. Хулгайч гэж зөвхөн өөрийгөө тэтгэх гэж жаахан эд агуурс хулгайлаад, түүнийхээ төлөөсөнд шоронд эрх чөлөөгөө тушаачихаад сууж байдаг муусайн эрийг хэлж байгаа юм. Эрт цагийн мундаг сайн эрчүүдийн нэг нь Халхын сүүлчийн сайн эр, Ламын гэгээний нутгийн Түмэнгийн Дашдаваа.
Энэ хүн бол 1970-аад он хүртэл амьд мэнд байсан хүн шүү. Нэг удаа би тэднийд очсон чинь, ээ базарваань хумпад, жинхэнэ арслан бар шиг хоёр нохой алсын газраас угтан ирж арай л унаан дээрээс буулгачихсангүй. Тэгж байтал гэрээс булган нударгатай дээл нөмөрсөн нөхөр бултасхийж гарч ирсэнээ буцаад орчихдог юм байна. Удалгүй эргээд малгай тоорцогоо тавьсаар, үс гэзгээ мөрөн дээгүүрээ давуулж шидсээр гарч ирээд хоёр нохойгоо “Жов” гэхэд л усаар шилбүүрдүүлсэн арслан шиг л зайлаад явчих жишээтэй.
Циркийн жүжигчин хүн тоглуулж байгаа арслангаа усаар шүршихэд яг л шилбүүрдүүлсэн хурга, ишиг шиг зайлдаг л даа. Ингээд би нөгөө айлд орсон чинь монгол айлд байдаг бүх юм бүрэн. Түрүүчийн сайн эр баруун хойгуураа, түнтэг дэрлэчихсэн хэвтэж байлаа. Монгол дэрийг түнтэг гэдэг юм шүү дээ. Түнтэг нь гуулин зэсэн тоног товруутай, ерөнхийдөө гонзгой дөрвөлжин хэлбэртэй. Нөгөө эрийн бахал гэж жинхэнэ бавайсан бавсар, нүүр гэж арван тавны сар мэт тэгш дугираг, царайны өнгө нь жинхэнэ сайн хүрэл шиг хүрэн бор. Нөмөрсөн дээлийнхээ хормой доогуур үйтэн хуаран өмд жийжээ. Тэрний дор 32 угалзтай монгол гутал хэрэгтэй үед хөлөө дүрэхэд бэлэн, өөрөөр хэлбэл хуйндаа ороход бэлэн сэлэм шиг сонин харагдаж байв.
За тэгээд амрыг айлтгая гэсэн чинь зугуухан босч ирээд “За чи юун хүүхэд вэ?” гэж байна. Би энэ Жанжин вангийн хошууны хүн. Хуучнаар бол Заг Байдрагийн Хүрэн бэлчирийн хүн дээ гэлээ. Энд юу хийж явна вэ? гэхээр нь “Би энд ардын засгийн ачаар тэмээ маллаж байна” гэлээ. Тэгтэл “Аа, чи нөгөө тэмээчин Галсан мөн үү” гэж байна. “За тийм байна аа” гэсэн чинь юу юугүй босч ирээд тамхиллаа. Манай нутгийн сайн эр Хөөтийн гаансыг арай гүйцэхгүй гаанстай юм. Хөөрөг нь бол Хөөтийн хөөрөгнөөс илүү. Шууд үүл нь ил харагдах тархи манан хөөрөг байлаа. Тэр хөөрөг нь зүгээр нэг үхрийн бөөр шиг юм биш, мөрөн дээрээ алтан нуухтай, түүнийхээ дор шар тосонд идүүлж болгосон номин суурьтай. Ийм хөөргөөр тамхилаад “Айраг уу” гэв.
Хажуугийн судаг дотор хэдэн адуу харагдаж байсан. Тэгэхнээ гүү уясан байж. Айрагных нь дээд талд хөөс бамбараад л... Том том тосон мөхлөг унахын тоолонгоор усан цэврүү үүсээд л, хагараад л байлаа. Энэ бол дээд зэргийн исэлт нь ханасан айраг гэсэн үг. Одооны айраг бол нэг гөлийсөн юм байх жишээтэй. Тэгээд би айраг уулаа. Тэр үед би аймаг руу зорьж явсан юм. Аймаг орох зөвшөөрөл надад тэр болгон олддоггүй байсан. Би биеэ үзүүлэх санаатай арайхийн зөвшөөрөл олоод байлаа. Тэгээд явах гэсэн чинь нөгөө сайн эр чинь явуулдаггүй дээ. “Ганц хөхүүр айраг уухгүй юм бол чи айлд ирэхийн хэрэг юу байсан юм бэ.
Оройхон хонь ойртохоор ганц шөлний юм гаргахгүй бол болохгүй хүн байна” гэж байна. Тэр үед намайг энхрий хайрт нам засаг маань яаж нүд үзүүрлэдэг байлаа даа. Тэгтэл Түмэнгийн Дашдаваа надад төлөг гаргана гэж байна даа. Эгэл жирийн ард түмэн намайг ингэж хүндэлж байсны захын баримт нь энэ юм. Тэр үед хөөрхий, авгай маамуулсан үед шөл уулгах боломж байхгүй. Эхлээд бригадын даргаар, тэгээд нэгдэлийн даргаар, орлогчоор, нягтлангаар орж байж ганц хонь хагалах эрх олж авна. Харин Түмэнгийн Дашдаваа бол амины хэдэн малтай, нэг бол тэртэй тэргүй харь гүрний ногоотой шөлний мах бэлдэж байхад би яагаад нэг төлөг хагалж болдоггүй юм бэ гэсэн аархалтай эр байсан болов уу.
Тэгээд миний гэдэс, зоогийн сав зогсоолдоо хүрээд, хөхүүрийг нь үнсэж, хүлцэл өчиж байж арайхийн замдаа гарч билээ. Энэ Дашдаваа болбоос дуртай үедээ оргодог хүн байж. Түүнийг олоход маш хэцүү. Алтайн их уулсын шувтрагын ноён оргил нь Баянхонгорын Ламын гэгээний нутагт байдаг юм. Тэр бол Их Богд хайрхан. 1957 оны өвөл энэ ууланд газар хөдлөхөд Улаанбаатарт цонхны шил цуурч байлаа шүү дээ. Тэгэхээр тэр мундаг хайрхан л даа. Дашдаваа энэ ууланд очоод бүгчихдэг байж. Энэ хайрханд байхгүй амьтан гэж үгүй. Ой модтой, оройдоо хангай, дундаасаа эхлээд хадан хясаа, доошоо болохоор говь цөл болчихдог.
Ардын засгийнхан хүртэл тэр өөд гарч мал тоолж чаддаггүй. Яагаад гэвэл айлуудын мал машин тэрэгний бараа, шатахууны хулмас дөнгөж үнэртэнгүүтээ яг л аргаль, янгир шиг дээшээ цойлчихдог. Тэгээд малчдын амаар л малыг нь тоолдог. Монгол хүн худлаа хэлдэггүй тулдаа харин малын тоо нь зөв гардаг байсан юм. Түмэнгийн Дашдаваа оргож босохоороо ийм сайхан хайрханд очдог байж. Нутгаа мэддэг хүн бол хаана ямар нуувч байна, хаана морины уяа байна, хаана түр байрлах агуй байна, хаана олон хоноглох нууц агуй байна гэдгийг андахгүй мэддэг учраас тэр. Бас нутгийн ард түмэн энэ бол хаяагаа хадарч явдаг нэг муу жаахан хулгайч биш, ард түмний хөрөнгийг хураагаад айл болгоныг тогоо тослох юмгүй болгочихсон гадаад, дотоодынхонд гоморхож явдаг сайн эр, тэмцэгч гэж хүндэлдэг учраас барьж өгдөггүй байж.
Түмэнгийн Дашдаваа нэг удаа баригдсан байдаг юм. Манай Загийн голын “Илбэт” Равдан гэдэг хүн барьжээ. Өмнө нь Дашдавааг аймгийнхан барих гээд чадаагүй юмсанж. Тиймээс Равдан “Надад унаа өг” гээд тэрэг аваад Богд хайрханд хүргүүлсэн байна “Та ганцаардана, бид нар тусалъя” гэхэд “Хэрэггүй” гээд ганцаараа явж. Их мундаг тагнуулч хүн л дээ. Эх орныхоо төлөө харьд олон явж үүрэг биелүүлсэн хүн. Ингээд мань хүн Түмэнгийн Дашдаваагийн байгаа газрыг тогтоогоод шууд ганцаараа, ямар ч зэвсэггүй явж очоод “Хөөе, Түмэнгийн Дашдаваа гараад ир” гэж гэнэ. Нөгөөдөх нь гарч ирсэнээ “Илбэт” Равданг харангуутаа буцаад орчихож. Тэгсэнээ тав үсэрдэг буугаа сумлачихаад гараад ирсэн чинь эргэн тойронд нь нэг их олон буутай Равдан зогсож байдаг. Ингээд Дашдаваа алиныг нь ч буудахаа мэдэхгүй “За чи арай олуулаа юм байна” гээд бууж өгсөн байгаа юм. Тэгсэн чинь энэ нь Равдангийн илбэ байж гэнэ дээ.
Дараа нь аймгийн сэргийлэхийн хүмүүс Равданг илбэтэй энэ тэр гээд цуурч биширч гэнэ. Хариуд нь Равдан “Ямар юмных нь илбийн шид байхав даа” гээд хөх пүүшигнээсээ цөмөөрөнд нь нэг нэгийг өгөхөд цаадуул нь авч татаад бүгд л пий пүү гээд нулимаад унаж гэнэ. Тэр үед чинь одоогийнх шиг тосон бал байдаггүй, бэхэнд үзгээ дүрж бичдэг байсан. Нөгөө хүмүүс бүгдээрээ үзэгнийхээ хошууг үмхчихсэн, ам нь бэх болчихсон байсан гэдэг. “Танай Загийн голын Равдан намайг сүүлчийн удаа ингэж баривчилсан юм даа” гэж Түмэнгийн Дашдаваа хуучилж билээ. Би Дашдаваагаас гадна Хөөт гэж сайн эртэй уулзаж учирч явлаа.
1960 онд Баянхонгор аймаг хоёр гуравхан их эмчтэй болоод байсан үед Хэнтийн буриад Дэмбэрэл гэж сайхан бавсар сахалтай, тэгш дөрвөлжин бор залуу мэс заслын эмчээр ирж байлаа. Дэмбэрэл нэг өдөр манайд ирээд эр хүний харам нулимсаа учиргүй арчдаг юм байна. Юу болоо вэ? гэж асуусан чинь “Би тийм сайхан эр үзээгүй. Манай эмнэлэгт хэвтэж байна. Хөлөө тас буудуулчихсан. Тэгсэн хэрнээ ерөөсөө ёолохгүй. Нүд нь нэг тийм ботгон нүд шиг сайхан уяруун байснаа ингээ булаалдсан буурынх шиг жаахан догширч ирээд л номхроод байх юм. Чи тэр сайн эрийг очиж үзээч” гэлээ. Тэгээд би түүний хэлсэн ёсоор эмнэлэгт очлоо. Тэгсэн нэг хүн хэвтэж байна. Хөлөө шохойдуулсан бололтой. Таны хөл зүгээр үү? гэж асуусан чинь “Чи эдгэж ядаж байгаа эрхтэнийг яах гэж хамаагүй хөндөөд байгаа юм бэ” гэлээ. Үйлдлээр хөндөхөөс гадна үгэнд бас шарх хөндөгддөг бололтой. Өөрөө өвчнөө мартах тийшээ хандаж байж л дээ.
Эндээс эхлээд би буруудлаа даа. Чааваас даа, би их мундаг боловсон сэхээтэн хүн болж байгаа юм биз дээ. Хоёр гурван лаазтай жараахай, тэгээд ганц тамхи аваачиж өгсөн юм. Тэгсэн тамхийг нь аваад, лаазтай загасыг үүд рүү шидчихлээ. Үүний оронд би дал дөрвөн өндөр чанаад, сайхан бинтэй хар шөл хийгээд очиж болох л байж. Гэтэл угаасаа нөхөр Галсан хүртэл монгол хүн биш монхор хүн болчихсон учраас л тэр лаазтай загасыг авч очоод, нөгөөх нь үүд рүү шидэж байхгүй юу. Тэр хүн ямар учиртай вэ гэхээр аймгийн прокурор байсан юмсанж. Дэмбэрэл тэгээд намайг түүнтэй цуг хэвтүүллээ. Тэгээд л би хамт байх хугацаандаа нөгөө хүний уруулаас нь угзарч, завжнаас нь чангаасаар байгаад хамаг юмыг нь хэлүүлж авлаа даа.
Энэ хүн бол шилийн сайн эр Хөөт байлаа. Нөгөө мичин жилийн зуданд Монголын мал хиарсан шүү дээ. Тэр үед зуданд нэрвэгддэггүй ганц сайхан амьтан бол тарвага байсан. Монгол даяараа тарвагаар л тогоо тосолж байсан цаг. Зуд болсоны дараагаар учиргүй их ногоо ургана. Үүнийг мал идэж таргалаад, буянт мал сүргийн хурга, ишиг хүртэл дорхоноо хээлтээд, хурганы хэнз хурга, ишигний хэнз ишиг гарах жишээтэй. Тэгсэн 1948 оноос билүү дээ, Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө гэж гарч ирлээ. Чойбалсангийн нэрээр болохоос биш төлөвлөгөөг Цэдэнбал хийсэн юм. Тэр төлөвлөгөө ёсоор яах вэ гэхээр малчин айлд энэ жил хэдэн мал байна хойтон тэр мал нь хоёр дахин өссөн байх ёстой. Байгаа малд нь мах, сүү, ноосны ялт төлөвлөгөө оногдохоос гадна байхгүй, нөгөө өсөх ёстой малд бас яг тийм хэмжээний мах, сүү, ноос оногдож улсад тушаах ёстой болов. Албан журмын ялт мал гэдэг чинь эндээс гарсан үг юм шүү дээ.
Тэрийгээ улсад тушаахгүй бол шоронд шидэгдэнэ. Манай дарга нар чинь хойд хөршийн ногоотой шөлний махыг л бэлтгэх ажилтай байсан хүмүүс шүү дээ, зайлуул. Тэгээд өнөө төлөвлөгөөнд орсон малаа тушаах гэхээр мал нь хүрдэггүй, охин мал бас бэлтгэлд авдаггүй, заавал эр хүйст мал, тэгэхдээ заавал дөрвөн шүд нь гарсан мал авдаг байлаа. Ингэхээр зэрэг ард түмэн толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд шуудангийн машинд ачигдаад шоронд орохгүйн тулд ерөөсөө бүх буянаа л шавхдаг байв. Авгайнхаа нэхий өмдний үсийг хүртэл хяргаад ноосонд өгдөг. Бас нохойныхоо сангарцагийг сэмлээд тушаана. Гэрийнхээ цагаан эсгий туургийг сэмлээд ноосонд тушаана.
Яг энэ үед Хөөт Баянхонгор аймгийн прокурор байж. Нутгийнх нь хэдэн сайхан буянтай хүн мичин жилийн зуднаар малаа хиаруулчихаад шоронд ирэхийг Хөөт үзсэн байна. Прокурор тэднийг хянаж суугаа. Тэр ч байтугай Хөөтийн ээж бас мал мах дутаасан хэргээр шоронд явахаар болчихож. Үүнийг мэдэнгүүтээ Хөөт ээлжийнхээ амралтыг аваад шууд Говь-Алтай руу давхиад Дэлгэрэх, Чандмань хавиас хэдэн сайхан бод хөөж ирээд улсад тушаачихжээ. Тэгээд малын яланд унах гэж байсан хэдэн хүнийг, бас ээжийгээ аварсан байна. Гэтэл бод хөөсөн нь баригдчихаж. Бусдыг яллаж байх ёстой хуульч хүн өөрөө хэрэг үйлдсэн болохоор шууд л ялтан болж төв засанд ачигдсан юмсанж. Явахдаа ээждээ “За хүү чинь хаврын сардаа багтаж ээждээ нэг ирж золгож байна аа” гэж гэнэ. Хуучин цагийн монгол хүний үг бол одооны их хурлын гишүүдийн сонгуулийн амлалт төдий биш байж. Жинхэнэ андгай тангараг байсан. Тиймээс Хөөт ээждээ хэлсэн ёсоороо оргодог. Тэгэхдээ “За өнөөдөр би оргоно шүү” гэж үнэнээ хэлдэг байж.
Тэгэхээр зэрэг төв засангийнхан “За Баянхонгорын сайн эр Хөөт оргох гэж байна, тэгээрэй, ингээрэй” гээд дөрвөн өнцөгтөө өнөөх цахилгаан гэрлээ асаагаад, өргөст торондоо цахилгаан гүйлгээд, энд тэндгүй харуул гаргадаг. Гэтэл мань хүн тэр өргөст торон дээгүүр нэхий өмд шидээд, ээжийгээ бодоод л ухасхийхэд цаад талд нь дүүлээд гардаг. Тэгээд хамрын тамхи, элдэв сүрчиг үнэртэн цацчихаад явахаар нөгөө үнэрч нохой нь найтаагаад явахаа больдог. Мань хүнийг засангийнхан Баянхонгор луу оргосон гээд баруун тийшээ самнадаг. Тэгтэл мань хүн зүүн тийшээ гараад Хэнтий, Сүхбаатар аймгаас сайн морьтой болж аваад Өвөр Монгол руу гараад явчихдаг. Тэр үед Хятад улс социализмд орчихсон, социалист орнуудад хил хязгаар хэрэггүй гээд манайх хойд урд талдаа нэг хэсэг хилийн харуулгүй болсон цаг байлаа. Ингэснээр зааны арьс шиг том нутгийг минь хоёр хөрш маань сэмээрхэн огтолсоор байгаад зурамны арьс шиг болгочихсон юм шүү дээ.
Тэр үеийн коммунизмын хоосон онол бол одоогийн ардчиллын хоосон онолтой ч бас адилхан. Түр зуурын төөрөгдөл байсан. Сайн эр Хөөт зүүн тийшээ гараад Өвөрлөгчийн нутгаар дамжсаар яваад хаа байсан Сэгс Цагаан богдын урдуур орж ирдэг. Өвөрлөгчийн нутгаар явж байхдаа элдэв юм гүйлгэж, холио солио хийгээд явж. Хятадад уусч байсан өвөрмонголчууд тэр үед хуучны юм элбэгтэй. Хөөт хөөрөг, гаансны дөмгийг эдэлдэгийн нууц тэр. Баян-Өндөр сумын хүн л дээ. Мань хүн сүүлчийн удаа оргоод нутгийнхаа заган шугуйд явж байтал хэдэн оторчин айлтай тааралдаж гэнэ. Тэгээд шууд л “За би оргож явна. Та нар намайг барьж өг. Уг нь би ээжтэйгээ уулзах гэж ирсэн юм. Ээж маань бурхан болчихсон байна” гэж гэнэ. “Яаж мэдэв” гэж асуухад нь “Энэ хад чулуу хэлдэг учиртай юмаа” гэж. Эхийнх нь захиас хад чулуугаар дамждаг байж л дээ.
Тэмдэг тавьдаг байсан юм болов уу. Нөгөө улс “Таныг барьж өгдөг тийм муухай хүн хаана байхав” гэж долигноцгоожээ. Тэгсэн хэрнээ л Хөөтийн хөөрөг, гаанс руу шуналын харц унагаад байж. Хүний нүдний хор тусаад байгааг мань хүн ч ажиглажээ. Тэгээд “За би тэгвэл сумын захиргаанд очиж өөрөө баригдъя даа” гээд хөдөлсөн байна. Зам нэлээд хол, тэгээд сартай шөнө заган шугуйд хэтээ цахиад, тамхиа унгатгаад сууж байтал гэв гэнэтхэн буу тасхийгээд явчихаж. Тэгэнгүүт Хөөт “Өө, ийм новшнууд байсан юм уу” гээд тэмээндээ үсрээд мордох гэтэл тэмээ нь үргэж зулраад... Буу тасхийх үед Хөөтийн хөлөнд сум туссан байж. Үргэсэн тэмээ нь тэшихэд Хөөт буудуулсан хөлөө бурантагаараа оосорлож өрөөсөн хөл дээрээ хэд дэвхрээд үсрэхэд тэмээн дээрээ гараад ирж дээ. Шоронгийн тортой хашаан дээгүүр үсэрдэг хүн чинь хэдий хөл нь санжсан ч тэмээн дээр үсрээд мордчихолгүй яахав. Тэмээний хойд бөхийг бас сум шүргэсэн байгаа юм. Ингээд үүрээр сумын төв дээр ирэхэд цагаан тэмээний урд тал тэр чигээрээ улаан хүрэн юм болчихсон, Хөөтийн цус нь дуусаад царай нь хүрлийсэн хар юм болчихсон, тэгээд сумын төвийнхөн шаваад ирж дээ.
Тэгж байтал Базар гэдэг багш түүнийг очиж үнсээд учиргүй уйлжээ. Цагаан толгой заасан багш хүн шавийнхаа улаан цусыг үзүүтээ уйлдаг ажээ. Зайлуул, Хөөт тэгээд энэ мэтийн юмыг надад яриад “Намайг хэн буудсаныг би мэдэж байгаа. Хоёрын хооронд олзонд шунасан хорхойнууд. Надаас гуйсан бол би юугаа ч өгчих байсан. За яахав энэ хөл хэрвээ эдгэдэг юм бол би тэдний үсэнд нь ч гар хүрэхгүй. Хэрвээ би хөлөө тайруулдаг юм бол хөлгүй ч гэлээ мөлхөж очоод хядна даа” гэж билээ. Тэгээд ясаа янгинасан үед араагаа орооны буур шиг нэг хавирчихаад, нүд нь яг л араатных шиг болж ирнэ. Одоо цаашдаа яах вэ? гэж намайг асуухад “Би одоо нийлбэрээрээ жаран жилийн ялтай. Сая оргосон гээд ял нэмэгдэнэ.
Оргож яваа хүн чинь эрийн сайнаар унаагаа, хүнсээ бэлддэг жамтай. Тэгээд элдэв хүмүүсийн шуналын бузрууд надад хилс ял нэмнэ. За ингээд би лавтай зуун жилийн ялтай болох биз. Хүн хорвоод зуу наслах биш. Ингэхээр төрөө зовоогоод яах вэ дээ. Эсвэл үхье, эсвэл дээш нь өргөдөл бичмээр байна” гэлээ. “Та чинь прокурор хүн, хуулийн хүн. Өргөдөл бичиж чадна шүү дээ” гэхэд “Би эхнээс нь нэг бүрчлэн тоочоод та нарынх шиг бүхэл бүтэн роман шиг юм биччих гээд ерөөсөө болж өгөхгүй юм. Чи надад өргөдөл бичиж өгөөч” гэлээ. Тэгээд би ердөө хоёрхон үгүүлбэр бичиж өгсөн. Тэр нь юу гэвэл “Төр минь гэмтэн Хөөт надад өршөөлөө хайрла, эсвэл нэг сум хайрла” гэсэн утгатай. Энэ өргөдөл Ж.Самбуу даргад хүрчээ. Гэтэл удалгүй наадмын үеэр зарлиг гарч, манай хүн өршөөгдлөө шүү. Нөгөө сайн бороолохгүй байсан хөл нь Самбуу даргын зарлигийг дуулангуут эдгэчихсэн юм шүү дээ. Сүүлд би эсэргүү хэргээр тэмээчин болсон хойноо Жинстэд яваад очсон чинь Хөөт тэндхийн нэгдэлд ердийн хөсгийн бааз байгуулчихсан мандаж явна.
Нөгөө нэгдэлүүд чинь мал маллах хүнгүйгээсээ болоод тэмээд нь зэрлэгшчихсэн, ямар сайндаа л “Зэрлэгшсэн тэмээ” гэсэн нэртэй сүрэг говиор дүүрэн болох билээ дээ. Хөөт өөрийн ижил хэдэн сайн эрсийн хамт нэгдэл нэгдэлээс зэрлэгшсэн ат цуглуулаад ердийн хөсгийн бааз байгуулчихаж. Манай тэнд хоёр нуур давстай. Тэр хоёр нуураасаа давс гаргаад намар болохоор түүнийгээ тэмээнд ачаалаад Архангай явна. Хужирсаад гэрийн бүрээс иддэг, өгөршсөн яс мэрдэг болсон үхэр мал нөгөө хужрыг чинь ум хумгүй долоогоод, хужир давсны бараа харсан хүүхнүүд тогоо тогоогоор нь ааруул, гүзээ гүзээгээр нь зөөхий барьж Хөөтийн өөдөөс гүйгээд л...
Түүний ахалсан хөсөг нутаг буцахдаа эмээлийн мод, банз, дүнз, уурга, хана зэргийг ачиж явна. Тэгэхдээ тэр нь хувьд биш нэгдэлд очно. Хөөт өвөл болохоор сумынхаа бүх арьс шир, ноос ноолуур, ангийн үсийг ачаалж аваад хот руу бас хөсөг хөдөлгөдөг байлаа. Тэгээд Улаабаатараас сумандаа жилдээ хэрэглэх цай, даалимба, чихэр ёотон авчирна. Байгаль бузарладаггүй, нэг ч дусал шатахууны гарзгүй тийм сайхан хамтлагийг сайн эр Хөөт байгуулж нэгдэлд их тус болсон. Би эсэргүү болоод тэднийд тэмээчинээр очиж байгаа юм л даа.
Тэгээд Хөөт надад хэлдэг байсан. “За хө, тэнгэрийн доор төрсөн хүн хурнаас зайлж болдоггүй золиг доо. Төрийн доор төрсөн хүн хуулиас зайлж болдоггүй золиг доо. Гэхдээ энэ хоёрт дарлуулдаг ч гэсэн дарлуулдаггүй хоёр юм байдаг юм шүү. Тэр юу вэ гэхээр бөөсөнд бариулж болохгүй. Хирэндээ дарагдаж болохгүй. За чи хиртэй цамц, бөөстэй өмдөө манай авгайд авчраад хаячихаж байгаарай” гэнэ. Бид хоёр их дотно байсан. Тэгээд зайлуул, сүүлд өнөө социалист хөдөлмөрийн бригад болж, тэдний соёлжилтонд авсан үүрэг нь биелдэггүй. Хөдөлмөрийн үүрэг нь биелээд байдаг. Тиймээс би нөгөөдүүлд чинь хичээл заахаар боллоо. Гэтэл зарим хүн “Эсэргүүнээр хичээл заалгаж болохгүй байх аа. Багш нараар заалгая” гэв. Гэвч нөгөө багш нар нь сумын төв дээр байдаг. Ингээд би арга буюу тэдэнд хэдэн сар хичээл заалаа.
Би бүгдийг нь дөрөвдүгээр ангийн үнэмлэхтэй болгосон. Тэгтэл аймгийн Гэгээрлийн хэлтэсээс шалгалт ирэв. Маш чамбай шалгасан. Яагаад гэхээр Хөөтийг дэмжихээсээ илүү энэ эсэргүү ер нь юу зааж вэ гэдгийг шалгасан. Би нөгөөдүүлийг долдугаар ангийн бүрэн бус боловсролтой болгоё гэсэн чинь зөвшөөрөөгүй. Аймгийн намын хороо, Аюулаас хамгаалах газрынхан “Болохгүй ээ. Энэ эсэргүү олон түмнийг өөртөө элсүүлэх гэж байгаа юм” гэх жишээтэй. Үзэл суртлын мангаа гэж тун ч өрөвдмөөр золиг байсан юм даа. Уг нь бол хүн болгонд байгаа давуу талыг л төр, түмэн хоёрт хэрэглэж байх учиртай юм шүү дээ. Тэгээд сүүлд нөгөө Хөөтийн байгуулсан ердийн хөсгийн баазыг дарга нар шүүмжлээд “Социализмын үед ийм бүдүүлэг тэмээн хөсөг байж болохгүй ээ, энэ чинь феодализмын үлдэгдэл байна. Тийм учраас авто хөсөгтэй байх ёстой” гэж баахан трактор авчирч тавиад, хэдэн тракторын жолоочтой болсоноор Хөөтийн өнөө сайхан эрчүүд чинь хийх ажилгүй болсон. Тэгэнгүүт Хөөт Архангай руу явсан даа.
Тийшээ олон удаа жин тээж явахдаа амьдарч болох газар байгааг мэдсэн байх. Тэрнээс хойшхи Хөөтийн амьдралыг би сайн мэдэхгүй. Архангай яваад л сураг тасарсан. Хөөт надаас сайндаа л тав ах байсан болов уу. Мөн ч тэсвэр хатуужилтай хүн байж билээ. Орон шоронд байхдаа, оргож босч явахдаа цас мөсөн дээр хайрагдаж явсан болоод ч тэр үү, өрөөсөн төмсөг нь хавдаад 16-гийн туухай шиг том болчихно. Зайлуул, надад үзүүлж байсан. Жин тээж яваад төмсөг нь өвдөхөөр гөлийгөөд суучихна. Тэгээд “Төмсөг намайг явуулахгүй санаатай, төр намайг явуулаад байх бололтой. Явна аа” гээд л босоод ирнэ. Ийм нэг сайн эр надтай нэгэн цаг үед амьдарч байлаа. За би “Шоорон” Дүгэр гэж бас нэг сайн эрийн тухай ярья.
Манай Сайн ноён хан аймгийн Эрдэнэ жанжин вангийн хошууны сайн эр. Ер нь манай хошуунд олон сайн эр байсан. Би гуравдугаар ангид байхдаа орондоо шээсэн хэргээр дотуур байрнаас хөөгдөв. Яагаад гэхээр дайны үеийн дотуур байр чинь өдөрт нэг удаа галлана. Манай сум цэвдэгийн дээр байдаг. Отгон тэнгэрийн цас ус наашаа унадаг, тэгээд дэргэдээ том голтой. Тиймээс өвлийн цагт их хүйтэн. Аав ээжийнхээ хүчинд халуун хоол идчихээд нэхий хөнжилд ороод унтдаг хүүхэд байлаа. Харин сумын дотуур байранд ирээд орой жаахан төмстэй шөл уучихаад, хүйтэн цэвдэг даавуун дээр хэвтэхээр чинь бүр тэсэхийн арга байхгүй. Тэгээд нэг арга олсон нь орондоо зориуд шээх байлаа. Ухаандаа шээсэндээ бүлээцээд нам унтаад өгнө. Харин нөгөө шээс нь доошоо орны банзтай авцалдаад хөлдчихнө. Ингээд би санаатайгаар сургуулийн эд хогшил ялзалсан хэргээр байрнаас хөөгдөв. Нэг мөсөн сургуулиас хөөчих гэсэн чинь хөөхгүй гэнэ ээ. Сурлагаар гайгүй байсан юм болов уу, эсвэл сургуульд төчнөөн хүүхэд сургана гэсэн төлөвлөгөө байсан биз дээ. Тэгээд би авга ах дээрээ очсон. Авга ах маань лам. Түүнийг би шар феодал гэнэ. Авга ах намайг “Улаантан” гэнэ. Бас нэг тайж ах байх. Тэр хоршооны нягтлан.
Түүнийг хар феодал гэнэ. Ийм гурван хүн нэг гэрт байлаа. Тэр үед гурил маш ховор байсан. Тарианы хэвгээр хааяа хааяа хоол хийнэ. Сумын төвийн албан хаагчид бол гурилын нормтой. Хоршооны нягтлан ах маань арван кг гурлын нормтой байсан. Манай шар феодал ах бол шатахуун түгээдэг байсан. Баруун талын зам ганцхан манай Загаар явдаг байлаа. Ах маань таван кг гурилын нормтой. Үүнийгээ шар тосонд хуурахад үнэр танар гэж хаа холоос үнэртэнэ. Манайхан ширмэн тогоонд гурил хуураад, дээрээс нь шар тостой цай дусаагаад, түүнийгээ “Бөөн” гэж нэрлэнэ. Тэр цагийн хонь одоогийн шүдлэн бяруу шиг юм байж дээ. Хонио төхөөрөөд гэдсийг нь Даваахүүхэн гэж авгай арилгана. Нэг удаа Даваахүүхэнд тавьсан “Бөөн” миний шуналыг хөдөлгөөд болдоггүй дээ. Хажуугаар нь гарах болгондоо л хонины хорголын хэмжээний юм авч амандаа хийчихээд байлаа. Нэг мэдсэн нөгөө бүлтгэр байсан аяга чинь ёнхор болчихсон байна шүү. Тэгээд харсан чинь ах айсуй. Би туламтай ааруул ээзгийтэй.
Тэр туламнаасаа ааруул ээзгий аваад нөгөө хүүхэнд тавьсан “Бөөн”-ийг өвөр дээрээ асгаж байгаад аяганых нь ёроолд ааруул ээзгий хийгээд, дээрээс нь “Бөөн”-өөр өнгөлчихлөө. Төдөлгүй ах “Нөгөө Даваахүүхнийг дууд хө, цай уулга” гэв. Даваахүүхэн цай уугаад “Бөөн” идэж байснаа дор нь байсан ааруул ээзгийг гэнэтхэн өвөртлөөд уналаа шүү. “Хүүхээ чи яаж байна аа, дээлийн чинь дотор нил тос болох юм биш үү” гэж ахыг хэлэхэд “Үгүй ээ, би “Бөөн”-өө идчихээд ааруул ээзгийгээ өвөртөлж байна” гэлээ. Ингээд ах намайг “Бөөн” хулгайлж идсэнийг мэдчихэв. Үүнээс болоод ах “Чи ч Шоорон Дүгэрийн удам мөн дөө” гэдэг боллоо. Дараа нь ахыг сайхан ааштай байх үед “Та намайг “Шоорон” Дүгэрийн удам гээд байсан.
Тэр нь ямар учиртай юм бэ” гэсэнд “За хө, манай хошуунд хэдэн сайн эр байлаа. Тэдний нэг нь чиний нагац ах “Шоорон” Дүгэр гэж байсан юм даа. Түүний хүү Хас гэж бий. Хасын дүү Цанжид, Түвд гээд олуулаа даа” гэж байна. Дараа нь бас нэг сайхан ааштай үед нь “Шоорон” Дүгэр гэдэг ах маань ер нь яасан хүн юм бэ дээ” гэж асуулаа. Тэгтэл “За, танай ах чинь шилийн сайн эр дээ. Хангай зүгээс бухаар нь сарлаг, говь зүгээс бол буураар нь тэмээ, алс холоос бол азаргаар нь адуу хөөж ирдэг тийм сайн эр байсан юм” гээд надад домог шиг түүх ярьдаг боллоо. Нэг удаа “Шоорон” Дүгэр Даашинхүүгийн пүүсний дансыг авч шатаасан хэргээр Улиастайн яаманд дуудагдсан байна. Манай Жанжин ван өөрөө энэ мэтийн юмыг өөгшүүлдэг байж. Тэгэхээр зэрэг манж нар Жанжин вангийн хошууны тахаруудад үл итгэж “Шоорон” Дүгэрээ баривчлахгүй байна гээд Улиастайн амбаны газраас хэдэн хүн явуулж гэнэ. Хэдэн сүртэй, сүрхий амьтан өртөө улаагаар ирчихээд “Шоорон” Дүгэрийн гэрт ирээд түүнийг хүлээгээд суучихаж.
Ууланд бүгэж байсан Дүгэр хааяа ээж дээрээ ирдэг байж л дээ. Ингээд хэдэн архайсан юм гэрт нь байж байтал “Шоорон” Дүгэр мэдэлгүй гаднаас гэв гэнэт ороод ирж. Тэр бол тийм нүсэр том биетэй, бяртай хүн байгаагүй гэсэн. Их л хурдан шалмаг хөдөлгөөнтэй, олби огтоно шиг хүн байсан юм билээ. Дүгэрийг ороод ирмэгц ээж нь “Би ер нь аз муутай хүн. Хоёр муу хүү байдаг. Нэг нь хулгай зэлгийд хардагдаад та нар барих гээд л явж байдаг. Харин энэ муу цус нь урагш муутай гэж жигтэйхэн. Адуу малд яваад хээр унтчихаад ирнэ. Одоо нэг юм ороод ирлээ шүү. Энийг ч гэсэн баривал таарна” гээд л үглэж гарч дээ. Нөгөө барих гэж ирсэн улс Шоорон биш, дүү нь байна гэж бодоод түүнтэй хамт хоносон байгаа юм. Өглөө бостол нөгөөх нь байдаггүй.
“Бага хүү чинь хаачсан бэ” гэхэд “Малдаа явсаан” гэж гэнэ. Тэгээд нөгөө мундаг тахарууд Улиастайн яамандаа буцаж очоод “Эх нь бол хулгайч хүүдээ их жигшсэн хүн байдаг юм байна. Хоёр бүтэлгүй хүүтэй юм байна” гэсэн чинь нөгөө дансаа шатаалгасан хятад “Үгүй ээ, тэр Дүгэр чинь хүний ганц хүү баа” гэсэн гэдэг. Тэр эхийн ухаан бас сүрхий байгаа биз. Ингэж би сайн эр “Шоорон” Дүгэрийн удам болохоо мэдсэн юм даа.
Эрт цагийн сайн эрчүүд гэж иймэрхүү л хүмүүс байж дээ. Харин эрхэм дүү, эрэлчин зохиолч, элбэгжүү найрагч Ойдов минь Монголын сайн эрчүүдийн үүх түүхийг түүн цуглуулж, түмний хүртээл болгож буй нь ус хөрс бохирдуулан, лус савдаг хилэгнүүлэгсэдээс цагаан буянтай, гэгээн мөртэй чамбай бичээч болсоныг илтгэнэ. Үүнд би талархаж явдагийн учир цээж дүүрэн хуучаасаа гуравханыг хэлж өгөв. Цаашид гурван сая хүний өв хөрөнгийг хулгайлж байгаа 300 дээрэмчиний нүгэлийг илчлэн бичвээс эртний сайн эрс, эрин үеийн шаар хулгайчийн ялгаа хар цагаанаараа тодорч, тэдэнд ялын тогтоол, хүмүүст ухаарал сэхээрэл болох нь лавтай.
Чи чадна шүү. Ойдов оо! Чамайг дандаа шилийн хулгайч нарын тухай бичдэг гэж нэг хүн надад муулж байсан. Тэгээд би чиний “Ар халхын шилийн сайн эрчүүд”-ийг уншлаа. Тийм биш юм байна. Их өөр юм. Ард олныхоо төлөө тэмцэгч тал нь давамгайлсан. Ингээд ирэхээр чинь “Сайн эр” гэж байгаа юм. Өнгөцхөн хараад дүгнэж болохгүй л дээ. Уншиж үзээд л сайхан ном болохыг нь мэдлээ. Өнөө чамайг үнэлэхгүй байгаа ч хожим үнэлнэ. Өнөөдөр чи шилийн сайн эрчүүдийн хөшөөг босгож байгаа бол хожим эд нар чинь чамд хөшөө босгоно шүү.
Сэтгүүлч, зохиолч Б.Ойдов

Зургийн тайлбар:
Ардын уран зохиолч Тангадын Галсан, сэтгүүлч Б.Ойдов нар Жанжин вангийн шилийн сайн эрчүүдийн талаар хөөрөлдөж сууна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ