Оросын иргэд газраа Хятадад өгөхөд дургүй байна
{!!!right!!!}Энэ сарын эхээр БНХАУ-ын засгийн газраас ОХУ-ын Өвөр Байгаль дахь 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болсон тухай мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Хятадын засгийн газрын төлөөлөл бүхий төрийн өмчит «Zoje Resources Investment» корпорацийн охин компани «Хуаэ Синьбан» газар түрээслэх гэрээнд төлөөлөгчөөр оролцсон бөгөөд ингэснээр хагас зууны туршид ОХУ-ын Өвөр Байгалийн нутаг Хятад улсын мэдэлд байх юм.
Хятадын “Жэньминь жибао” сонинд бичсэнээр бол нэг га газрыг жилийн 250 рублиэр, нийтдээ 49 жилийн турш нийт 1.4 тэрбум рублээр түрээслэх ба энэ хугацаандаа гэрээнд заагдсаны дагуу Өвөр Байгалийн бүс нутагт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх ёстой тухай бичжээ.
Мөн Хятадын дотоодод энэ тухай талархалтайгаар бичиж байгаа бол оросууд тааламжгүй хандаж байгаа аж. Тухайлбал орон нутгийн иргэд засаг захиргаатайгаа, мөн ОХУ-ын улс төрийн сөрөг хүчнийхэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай эсэргүүцэл илэрхийлж байгаа юм.
Энэ бүс нутагт хэдийгээр хүн амьтангүй зэлүүд боловч тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй тул хоёр талын ашиг сонирхолд аль аль талаараа нийцэж байгаа аж.ОХУ-ын үзэж байгаагаар бол зэлүүд газар нутгаа 49 жилийн дараа томоохон хөрөнгө оруулалт хийгдсэний дараа буцааж авах бол Хятад улс газар түрээслэн хүнсний ногоо, ургамал, буудай тариалах энэхүү төслөө хоёр үе шаттай төлөвлөжээ.
Эхний үе шат нь 2015-2018 онд хэрэгжих гэнэ. Хэрэв амжилттай хэрэгжвэл цаашид дахин 200 мянган га талбайг түрээслэх гэрээг байгуулах ажээ. «Хуаэ Синьбан» компанийн захирал Ли Дэмин Хятадын «Хуанцю Шибао» сонинд өгсөн ярилцлагадаа "115 мянган га газрын хөрсийг боловсруулахад дор хаяж 2000-3000 хүн хэрэгтэй. Гэтэл Өвөр Байгальд ажиллах хүч алга. Тиймээс Хятадаас хүмүүс ажиллах хүч авна" хэмээн дурджээ.
Тэгвэл газар нутгаа түрээслэхийг эсэргүүцэгчдийн үзэж буйгаар тус бүс нутагт болон Алс Дорнод, Сибирийн бүсэд газар түрээслэж авахаар АНУ, БНАСАУ, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос улс идэвхтэй өрсөлдөж байгаа гэнэ. Эдгээр улсуудаас геополитикийн ямар нэгэн далд ашиг сонирхолгүй улсыг сонгож болох байсан, хүн ам ихтэй Хятад улсад газар нутгаа түрээслэснээр Оросын зах хязгаар нутгийн аюулгүй байдал алдагдах магадлал өндөр хэмээн санаа зовниж байгаа аж.
Тухайлбал Өвөр Байгалын газар нутгийг түрээслэх юм бол олон сая хятадууд орж ирж ирээдүйд Хятадын мэдэлд орох нь дамжиггүй хэмээн үзэж нутгийн иргэд гарын үсэг цуглуулан ерөнхийлөгч В.Путинд ханджээ.
Тэд хятадуудын тоо нэмэгдэхээс гадна байгальд хортой химийн бордоо ашиглаж байгаль сүйтгэх вий гэхээс санаа зовж байна гэсэн бол ийм утга агуулгатай ил захидлыг Новосибирск хотын иргэн Константин Солодков ерөнхийлөгч В.Путинд хэвлэлээр дамжуулан илгээсэн байна.
Одоогоор яг аль газрыг түрээслэхээр болсон нь тодорхойгүй байгаа ч Агийн Буриадын тойрог дахь Нерчинско-Заводск, Улетовск, Сретенск, Шилкинскийн дүүргүүдийн газар нутаг хамрагдах нь тодорхой байгаа гэнэ.
Түүний захидалд “Би хувьдаа Өвөр Байгалын газар Аляска мэтийн бусад бүс нутгийн хувь заяаг бүү давтаасай гэж хүсч байна. Хятадууд 50 жил Оросын газарт тариа тарьж, харин бид энэ газраа зүгээр л алдах болно. Сүүлд түрээслэгдсэн газар гэдгийг хэн ч батлахгүй. Хэн ч үүнийг сонирхохгүй. Газрыг ч буцааж өгөхгүй. Хятадууд энэ бол манай газар нутаг гэж хэлэх нь тодорхой. Харин дэлхий нийт тэр үед Хятадыг дэмжиж Оросын эсрэг зогсох болно” гэжээ. Думын орлогч дарга Игорь Лебедев “Тэр байтугай 20 жилийн дараа Өвөр Байгалийн захирагч хятад хүн болсон байх вий” гэж ярьсныг “Коммерсант” сонинд эш татжээ.
Оросын Либерал Ардчилсан Намын Дум дэх фракц энэ асуудлаар ерөнхий сайд Дмитрий Медведевт хандаж орон нутгийн захиргаанд түрээсийн гэрээ байгуулах эрх өгөхгүй байхыг хүссэн байна.
Харин ОХУ-ын засгийн газрын эх сурвалжаас бол саяхан болж өнгөрсөн Санкт Петербургийн эдийн засгийн форумын үеэр Хятадын талаас 1 их наяд долларыг ОХУ-д хөнгөлөлттэй өгөхөөр болсон гэнэ. Тиймээс 1 их наяд долларын зээл авахын тулд оросууд Өвөр Байгалийн дээр дурдсан хэмжээний газар нутгаа түрээслэх гэрээнд гарын үсэг зурахад хүрсэн бололтой хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ