Тагнуулын төв газрын "тархи угаах" аймшигт төлөвлөгөө

Манкурт боол хэмээх уран зохиолын дүрийг хүмүүс сайн мэддэг. Эзний хэлснээр л бүх зүйлийг хийдэг. Ямар ч өөрийн ухаан бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага гэж байхгүй. Энэ бол нэг ёсондоо орчин цагийн хэлээр тархиа бүрэн угаалгасан, буюу "пи ар"-т автсан хүнийг хэлээд байгаа хэрэг. Тэгвэл "пи ар" нийгмийн шинжлэх ухаан шахуу болж хөгжихөөс өмнө өнгөрсөн зууны түүхэндхүний тархи толгойг бодитоор нь яаж эргүүлж удирдах вэ гэсэн туршилтыг том гүрнүүд хийж байсан нь өдгөө нууц биш болжээ.
1950 онд “Miami news” сонин дээр “Тархи угаах тактик” хэмээх шуугиантай нийтлэл гарснаас хойш дээрх нэр томъёо нийгэм, сэтгүүл зүйн үгсийн санд орж ирсэн гэдэг. Улмаар уг нийтлэлийн зохиогч болох сэтгүүл зүйн салбарын нэрээр АНУ-ын ТТГ-ын нууц ажилтан байсан Эдвард Хантер уг сэдвээрээ цуврал бүтээл хэвлэсэн аж. Тэрээр тухайн нэр томъёог хятад хэлний “си-нао”( 洗腦 – xǐ năo) буюу “оюун ухаан цэвэрлэх” хэмээх ойлголтоос зээлдэн авсан байна.
АНУ-ын ТТГ тухайн үед “МК-Ультра” нэрийн дор тархи угаах арга техник боловсруулах анхны нууц туршилтаа хэрэгжүүлж байсан бөгөөд туршилтын зорилго нь хүмүүст зүгээр нөлөөлөх төдий бус, тэдгээрийн сэтгэлгээний хэв маягийг цоо шинээр бүрдүүлэхэд чиглэж байсан аж.
Төслийг санаачлагчид Солонгосын дайнд Умардуудад олзлогдсон өөрсдийн цэргүүдийн үйлдлээс санаа авсан гэдэг. Умардуудыг дэмжиж байсан Москва, Бээжингийн зүгээс Умард солонгосын радио сувгаар дамжуулан АНУ-ын засгийн газар, түүний бодлогыг гутаан доромжилсон мэдэгдэл, ухуулгыг явуулах болсон байна. Урьдын эх оронч залуус олзноос эх орондоо ирснийхээ дараа өөрсдийгөө чөлөөлөгдсөн гэж үзээгүйгээр барахгүй Умард Солонгосчуудын дэмжлэгтэйгээр ухуулах хуудас тарааж, түүгээр үл барам өөрсдийгөө коммунистууд руу буцаахыг шаардаж болсон аж.
Солонгосын дайны төгсгөлөөр Хятадын талд олзлогдсон америк цэргүүдийн тоо 7000 гаруй болж, тэдгээрийн 70% нь гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн бол хятадуудтай хамтран ажиллаж АНУ-ыг Ази дахь дайнаа зогсоохыг уриалсан мэдэгдэлд гарын үсгээ зурахыг зөвшөөрсөн нь 15% байсан бол зөвхөн 5% нь л аливаа шахалт шаардлагыг эсэргүүцэн хүлээж аваагүй байна.
Нэг ёсондоо улс эх орныхоо даалгаварт үнэнчээр үлдсэн америкчууд маш цөөн бөгөөд бараг бүгдээрээ шахам ямар нэгэн тулган шаардалтыг аймхай хулчгар ч юмуу ямар нэгэн сэтгэлзүйн шалтгааны улмаас эсэргүүцэлгүй хүлээн авсан байна. Америкчуудын дээрх үйлдэл дайнд олзогдсон англи, австрали, туркчуудын хувьд таагүй үлгэр дууриал болсон байна. Гэхдээ америкчуудтай харьцуулахад бусад орны олзлогдогсдын хувьд ийм урвалт тун цөөн байсан тул Америкийн ерөнхийлөгч тусгай албадуудаас учир шалтгааныг нь тайлбарлахыг шаардсан юм.
Солонгос дахь “тархи угаалт”-ын үр дүнгийн талаар олон янзын таамаг, дүгнэлт байдаг бөгөөд хятадуудын суртал ухуулга ямар ч үр дүнгүй зүйл байсан гэх буюу ерөөс энэ бүхэн нь худал цуурхал гэж нөгөө хэсэг нь шүүмжилдэг.
Ингээд Америкийн тусгай албад цэрэг эрсээ ямар ч тулган шаардалт, тамлал цээрлэлд халшрахгүй нэг үзэл баримтлалдаа үнэнч болгохын тулд тусгай хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Мэдээж хэрэг энэ нь аймшигтай байлаа.
ТТГ-ын захирал Аллен Даллес дэлхийд нэр алдартай мэдрэлийн эмч Харольд Вольфыг 1953 оны сүүлээр “тархи угаах” арга техникийн судалгаанд татан оролцуулсан ажээ. Тэд дундад зууны үеийн “ариун инквизици” буюу шашны залхаан цээрлүүлэх аргуудаас аваад фашист германы хорих газрууд дахь нацист сэтгэл зүйчдийн бүтээлийг нэг бүрчлэн судалж эхэлжээ.
Шорон, эмнэлгүүдэд эмч нар марихуан, LSD зэрэг мансууруулах бодисууд хар тамхичдын бие организмд ямар нөлөө үзүүлж буйг тогтоох нууц туршилтууд явуулж байлаа. Тэдгээр эм бэлдмэлүүд түр зуурын нөлөө үзүүлж байснаас биш ямар нэг эрс өөрчлөлт үзүүлсэнгүй. Чухамдаа тодорхой эрс өөрчлөлт, үр дүн л чухал байлаа.
Дараагаар нь Аллен Даллес профессор Эвен Камероныг төсөлдөө татан оролцуулав. Камерон зүгээр нэг шизофрени судлаад зогсохгүй хүний зан байдлыг хянах механизмыг нээх зорилгыг өмнөө тавьсан байсан юм.
Ингээд туршилтад “дифференциал ой санамжийн гажиг” буюу мартах ёстой тэр зүйлийг мартуулах аргыг туршихыг санал болгов. Тэрээр өвчтний тааламжгүй дурсамжийг мартуулах, зүүдээ үгүйсгэх, хүчтэй өвдөх мэдрэмжээ дарахыг олон давталтаар хэлэх, цахилгаанаар цохиулах эсвэл урт хугацаагаар буюу жил сараар зүүдэнд автуулах байдлаар бодит байдлаас таслах зэрэг сэтгэцэд нөлөөлөх аргуудыг хэрэглэж эхэлжээ. Энэ нь өвчтний амьдралын бүхий л үйл явдлуудыг ой санамжаас нь ор цэвэрлэх, өмнөх дадал, итгэл үнэмшлийг арилган шинээр бий болгох замаар шинэ бие хүнийг “төрүүлэх”-эд чиглэж байлаа.
Камерон туршилтынхаа талаар “Туршилт 3 үе шатыг дамжина. Эхлээд өвчтний ой санамжийн ихэнх хэсгийг мартуулна.
Мэдээж энэ үед тэд ямар учир шалтгаанаар хаана байгаагаа ойлгож байдаг. Хоёрдугаар шат, тэдгээрийн орон зай, цаг хугацааны талаар төсөөллийг арилгана. Гэхдээ ой дурсамжинд ямар нэг зүйл хадгалагдсан хэвээр байдаг.
Өвчтөнүүд “Би хаана байна вэ?” гэх асуултад хариулах чадваргүй болно. Энэ байдал нь тэдгээрийн санааг зовоож, түгшүүрт байдалд оруулж байдаг. 3 дахь шатанд санаа зовж түгших байдал оргүй болно. Ингээд бүрэн мартагналын байдалд шилжинэ.
Профессор эрүүл болон шизофрентэй хүмүүсийг цахилгаан шок болон зүүдлүүлэх эм бэлдмэлийн нөлөөгөөр бие хүнийх нь зан байдлын схемийг өөрчилж чаджээ. Тэрээр “бүтэн ой санамжийн гажиг”-ын дараагаар шизофрений ямар нэг шинж тэмдэггүй эрүүл зан байдал бүхий санах ойг тухайн хүнд эргүүлэн авч ирж болохыг баталсан ажээ.
Улмаар ТТГ-аас “Хүний зуршил дадлын орчныг судлах нийгэмлэг” хэмээх байгууллага үүсгэж, Камеронд 19 мянган долларыг олгож, эмнэлгийн захирлаар давхар томилов.
Хүний зан байдалд буй стереотипыг арилгахын тулд дээрх нөхцлийг бүрдүүлсний дараагаар шинэ стереотип суулгах, дахин програмчлах ажиллагаа явагдана. Товчхондоо, хүн өнгөрсөн амьдралынхаа чухал, нууц зүйлсийг бүрэн мартсаны дараагаас ТТГ-ын аливаа даалгаврыг үг дуугүй гүйцэтгэх этгээд болох ёстой юм.
1980 онд Канадын “Лидерпост” сонинд Камероны нууц судалгааны агуулгыг задалсан байна. “Зохих хэмжээнээс 75-100 дахин өсгөсөн цахилгаан хүчдлийн нөлөөллийг ашиглахын хамт дуу хуураагуурт бичсэн тушаалыг олон цагаар өвчтөнд сонсгоно. Урт хугацаагаар нойронд автуулахын тулд мансууралд оруулсан хүнийг доргилттой үгээр бөмбөгдөн, улмаар зан байдлыг нь дахин програмчлана”. Тэрчлэн “нойрны коктейль”-ийн жорыг ч нарийвчлан бичсэн байдаг.
Улмаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас ийм төрлийн төсөл хөтөлбөрүүдийг Америкт бүрэн зогсоосон гэдэг бөгөөд хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж санаанд оромгүй байдлаар туршилт хийж байсан хүмүүст ямар ч ял шийтгэл оноогоогүй юм. Мөн шүүхийн сэтгэл зүйч Дик Энтонигийн баталж буйгаар ТТГ-ын “тархи угаах” практик оролдлого, туршилт нь үр дүнд хүрээгүй, онолын төдий асуудал болж үлдсэнаж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ