Казахын дуулиант эрчүүд-22

Өмнөх буюу Казахын дуулиант эрчүүд-1-ийг энд дарж уншина уу
ХУСАЙНЫ ХАХАРМААН
20-р зууны эхээр Хятадын Алтай аймгийн Шингэл хошууны “Дөнт” хэмээх газар төрсөн Жайланд овгийн Хусайны Хахармаан насан туршдаа Баян-Өлгий аймгаар овоглож ирснийг нь хар багаасаа Баян-Өлгийд ирж суурьшсаных болов уу. Аварга том биетэй, ойгүй бяр чадалтай мань эр 1930-аад оны үед аавын хаалга татаж 15 жилийн турш Туул голд сал урсгажээ. Ингэснээр түүний бие бялдар, булчин шөрмөс улам төгөлдөржсөн байна. Гучаад оны үед шоронд хоригдсон болохоор түүнийг нөгөө л их хэлмэгдүүлэлттэй холбож үздэг. Гэвч Увс, Баян-Өлгийн дээхэн үеийн хөгшчүүл түүнийг хэрхэн шоронд орсон тухайд Шинжааны Алтай дахь Хасгийн дээрэмчидтэй ана мань тэмцэлддэг, улмаар Шинжаанаас адуу мал хөөж ирдэг байсантай нь холбодог байж. Ямартай ч Хасгийн сайн эр Хахармаан шоронд байх хугацаандаа сайн эрийн явдлыг олон удаа харуулж, хоригдлуудын дунд ихэд нэр хүнд олж авсан байдаг. Аварга том биетэй тэрбээр Туул голд сал урсгахдаа дээд зэргээр мэргэшиж, өдрийн нормоо тогтмол давуулан биелүүлдэг байснаар 1949 онд шоронгоос суллагджээ. Хэрвээ мань эр хөрөнгөтөн, феодал гэх мэтийн хилс хэргээр ял эдэлж байсан бол “Улаан арав” буюу арван жилээр яллагдах, эсвэл шууд цаазаар авахуулах байлаа. Ер нь тухайн үед хэлмэгдэгсэдийн дунд ийм л хоёр “хэнхэгийн” заалт голдуу үйлчилж байсан байдаг. Харин 15 жилийн турш шоронд сууж, өдрийн нормоо давуулан биелүүлэн байж хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдахыг бодоход Хусайны Хахармаан шилийн эр маягийн овоо том хэрэг үйлдсэн нь илт. Нэг удаа Хахармааныг ууланд мод хийж байтал хоол хүнс нь дуусч ялтанууд хоёр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөжээ. Гэтэл уулнаас нэлээд зайтай байх намганд нэгэн бүдүүн шар шаварт шигдэн үхсэн байж. Үүнийг мэдсэн Хахармаан ганцаараа явж очоод мөнөөх үхсэн шарыг шавраас татан гаргаж үүрээд майхандаа авчран нөхөддөө хоол унд залгуулж байсан гэдэг. Түүнтэй хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул Бэндэгбайн Хожогапан хэмээх бөх хоригдож байсан бөгөөд энэ эр 1949 онд Хахармаантай цуг шоронгоос суллагдсан жилээ улсын наадамд барилдаад “Улсын начин” цол хүртэж байсан байна.
НООСТЫН ЧӨЧИГ
Оготор омгийн Ноостын Чөчиг нь 1900-гаад оны үед төржээ. Тэрбээр далаад оны үед 68 настайдаа таалал төгссөн байна. Чөчиг нь Ононгийн Жантаг, Тишабайн Күнгейбай, Увсын Алдарын Намжаа, “Долоон хүзүү” Жигмэд нартай цуг нэг үе Шинжаан, Тувагийн баячуудын шүдний өвчин болж явсан байдаг. Алдарын Намжаа нь Дөрвөдийн сайн эрчүүдийн толгойлогч байсан бөгөөд тэрбээр дөчөөд оны үед цаазаар авахуулжээ. Эдүгээ 87 насыг зооглож буй Ч.Жүдэв гуай өөрийн эцэг Ноостын Чөчигийн талаар ийнхүү хүүрнэсэн юм. “...Аав маань залуу зандан насандаа шилийн сайн эр Күнгэйбайтай их нийлдэг байв. Голдуу баруун тийшээ Шинжаан, хойшоо Тува, Тэлэнгэд явна. Аав маань ядуу айлуудад адуу малаар их тусалдаг байсан юм. Би хорь орчим насандаа Күнгейбайн адууг малладаг байлаа. Ононгийн Жантаг гэж урт цагаан сахалтай хүн аавтай бас нийлнэ. Ер нь дөч, тавиад оны үед Баян-Өлгий аймагт Ононгийн Жантаг, Күнгейбай, “Долоон хүзүү” Жигмэд, миний аав Чөчиг нарын хэдхэн хүн л алдартай байсан юм. Тэр үед эд нарыг “Атакт чигарган азамт эр адам” гэж нэрлэдэг байлаа. Монголоор орчуулбал нэрд гарсан залуу шинэ хүчин гэх юмуу даа. Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат “Бөх” Аюурзана гэж сайн эр аавтай бас нийлдэг байсан. “Долоон хүзүү” Жигмэдийн хувьд гэвэл социализмын үеийн том дарга Бугын Дэжидийн хамаатан шүү дээ. Жигмэдийн Дүгэржав, Даваажав, Пүрэвжав гээд хүүхдүүд нь одоо байх ёстой. Тэд аавынхаа тухай их юм мэдэх улс даа” гэсэн юм. Үнэхээр ч “Долоон хүзүү” Жигмэд нь хар багаасаа дуулиан тарьж явжээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Жигмэд 16 настай байж. Тэгтэл нэг өдөр аймгийн Дотоодыг хамгаалах газрын хоёр ногоон малгайт эцгийг нь хилс хэргээр баривчлаад машинд суулгаад аваад явжээ. Жигмэд эцэгтэйгээ хоёлханаа амьдардаг байж. Тэгээд яахав, өнчин хоцорсон хүүхэд харж хандах ганц хүнээ алдаж байгаа болохоор санаанд нь нэг юм бууж дээ. Баригдаад явсан аавынхаа хойноос зайдан морьтой давхичихаж. Гол үертэй байсан болохоор нөгөө хоёр ногоон малгайт ус гаталж чадахгүй байж байтал шөнө нь Жигмэд давхиж очоод хоёуланг нь цааш нь харуулаад эцгийгээ аваад оргочихсон гэдэг. Тэгээд эцгийгээ хаа холын Баян-Өлгий аймагт аваачаад, өөрөө шилийн эрийн замаар орчихож. Сайн эр гэдэг нь хүн алсандаа биш, буу зэвсэгтэй хоёр ногоон малгайтныг 16 настай жаахан хүүхэд чухам ямар аргаар цааш нь харуулаад эцгийгээ аврав гэдэгт байгаа юм. “Бөх” Аюурзана, “Долоон хүзүү” Жигмэд хоёр нэлээд нас ахисан хойноо залуу цагийнхаа явдлыг сэргээхээр баруун зүг рүү нэг удаа “ухасхийгээд” ирж байжээ. Үүний учир нь гэвэл Жигмэдийн хүү Даваажав нэгдлийн адуу маллаж байхдаа гуч гаруй адуу чононд өгчихөж. Тэгээд ял авахаар болжээ. Тэр үед “Долоон хүзүү” Жигмэд нэгдлийнхээ дарга дээр явж ороод “Манай хүү гучаадхан адуу л дутаасан юм байна шүү дээ. Гайгүй л юм байна. Гурав хоногийн дотор үүнийг чинь төлчихье” хэмээжээ. Ингээд жар гаруй насны “Бөх” Аюурзана, Жигмэд хоёр баруун зүг ухасхийж гуч гаруй адуу хөөж авчран нэгдэлд тушаагаад Даваажавыг ялаас аварч байсан гэдэг. “Бөх” Аюурзана нас дээр гарсан хойноо хүн амины хэргээр шоронд суусан байна. Нэг өдөр түүнийг айлын найран дээр явж ортол нэгэн агсам танхай залуу хавь ойрын хүмүүсээ алж хядчих гээд байж. Тиймээс “Бөх” Аюурзана аварга том гараараа агсам залуугийн хүзүүнээс атгаад автал хөөрхий ядмаг эр амьсгал нь боогдоод мажийчихсан гэдэг. Гэхдээ Аюурзана удалгүй цагаадаж наранд гараад 1975 онд насны эрхээр өөд болжээ. Ноостын Чөчиг, “Бөх” Аюурзана, “Долоон хүзүү” Жигмэд нараас гадна Жангудай хэмээх сайн эр Баян-Өлгий аймагт нэг хэсэг алдаршсан байна. Оростой хил залгаа Горно-Алтай, Асгат хайрхан хавиар нутаглаж явсан Жангудайн гол дайсан нь Тувагийн зэвсэгт дээрэмчид байжээ. Энэхүү цуутай эр 101 насалсан гэдэг. Тэрбээр үхэн үхтэлээ Тувагийн зэвсэгт дээрэмчдийг шүд зуун занаж байгаад 1990-ээд оны үед таалал төгсчээ. Тувагийн зэвсэгт дээрэмчдэд дарлуулж гүйцээд байгаа өнөө цагт Жангудай шиг эр хүн бидэнд яах аргагүй дутагдах болсон билээ.
СҮРЭМХАНЫ АУКЕН
Өнгөрсөн зууны дөч, тавиад оны үед Сүрамханы Аукен хэмээх казах эр Монголд нэг хэсэгтээ л алдаршжээ. Монголчууд түүнийг Агваан гэж дууддаг байж. Сүүлдээ энэ хүн Халхын шоронд нөгөө атаман гээч нь болж Засан даяар зард гарсан байдаг. Ерээд оны шоронгийн луугар атаман гэгдэж явсан “Ландага” хочит Батцэнгэлтэй өнгөрсөн жил хүүрнэж суухад тэрбээр “Сүрэмханы Агваан гэж айхтар хасаг эр байсныг би “ахмадууд”-аас дуулж сонсож байлаа. Дөч, тавиад оны үед Улаанбайшингийн шорон гэж байхад Агваан тэргүүтэй арав хорин хасаг үнэхээр ялан дийлж, монголчуудыг бүр эргүү болгочихсон байгаа юм. Энэ Агвааныг сүүлдээ Увс аймгийн харъяат Бадрахын Монголцог гэгч сайн эр дарж авсан байдаг. Тэгээгүй бол энэ Агваан бүр дийлдэхээ байгаад Засангийн дарга нараа хүртэл айлгадаг байжээ. Энэ бол Халхын шоронд түүх болж үлдсэн хүн” гэж өгүүлж билээ. Үнэхээр ч Агваан нь түүх болж үлдсэн байдаг. Тэр үед “Мулзныхан” гэж байсан бөгөөд энэ нь ямар ч сайн эрийг мулз дээрэмддэг дийлдэшгүй чанарыг илтгэдэг байж. Засангийнхан түүнийг номхотгохоор Дандар баатрыг хүртэл турхирч байсан гэх бөгөөд харамсалтай нь Дандар баатар түүнд мулзлуулж байсан гэдэг юм. Энэ тухай ерээд оны үед ахмад сэтгүүлч Б.Цэрэнноров гуай бичиж байлаа. Сүрэмханы Агвааныг Налайхын ахмад настай казахууд андахгүй мэддэг, эдүгээ ч түүний тухай элдэв адал явдал хүүрнэж суудаг юм байна. Эдүгээ Казакстанд суугаа зохиолч Хайратын Бекен саяхан над руу Сүрэмханы Агвааны тухай ийм нэгэн мэдээлэл явуулсан юм. “Сүрэмханы Аукен бол үнэхээр алдартай сайн эр явсныг тавь, жараад оны казах түмэн мэддэг. Түүнийг Монголын шоронд хоригдож байхад 13 казах нийлсэн байдаг. Аукен бол Хэрэйдийн Ители овогт хүн байсан. Түүний хамсаатан 13 казах эрийн заримыг би хэлье. Атекей (бахат овогт), Силам (найман овогт), Хабий (жастабан овогт), Хари (санырау овогт), Орынхан (жастабан овогт), Ойтохан (жадик овогт), Солтан (молхи овогт) энэ хүн УИХ-ын гишүүн асан Баделханы овог нэгт хүн. Аукен эдгээр 13 хүнийг удирдаж Монголын шоронг нэг үе атгандаа авсан байдаг. Дандар баатар Аукенийг номхруулах зорилгоор шоронд ороод түүнд алуулах шахсан гэдэг шүү дээ. Аукен Баян-Өлгийн Цагааннуурын нутагт төрсөн. Хамаатны хүн нь Бекей гэж байсан. Сүүлдээ Аукен шоронгоос суллагдаад Налайхад амьдарч байсан. Тэгтэл Төв аймгийн Эрдэнэсант сумын нэг цагдаа түүнийг буудаж алсан. Тэр цагдаа айсандаа буудсан гэдэг. Аукен бол Монголд зард гарсан легендарный хүн шүү дээ…” гэж онцолсон юм.
АХТАЙН ЖЫЛХЫШЫ
Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, дипломатч Т.Султан гуай Казахын сайн эрчүүлийн тухай ийнхүү хүүрнэв. Аливаа ард түмний дотор зоригт баатрууд, хүчит бөх, сайн эрс гэхчилэнгээр олонд хайрлагдсан алдартнууд байдаг билээ. Тэдний туулсан амьдрал, үлдээсэн мөрийг нэхэн судалж байхад тэд голдуу илүүг харж билүүг долоосон элдэв шуналгүй, этгээд бусармаг зангүй, гүдэсхэн гүндүүгүй, бусдад тустай, буурайд өрөвч, сэтгэл ариун, зүтгэл шулуун улс байх аж. Тэгээд ч хүн ард тэднийг ямагт дулаан бүлээнээр дурсаж. этгээд зан, элдэв явдлыг нь хуучлан хөөрөлдөж,заримдаа үлгэрийн баатар мэт хөөргөн дэвэргэж ярьдагаас амьтны ам дамжин, үеийн үед үл мартагдан бидэнд хүрсэн байдаг. Казак түмний дунд ч тийм энгийн атал, эгэлгүй хүчтэнүүд олон байв. Тэдний этгээд зан, элдэв явдлын тухай уншиж дуулсан нь олонтаа. Хамгийн эхэнд Ахтайн Жылхышы хэмээх сайн эрийн тухай хүүрнэе. Баруун Монгол дахь Казакийн шеруши овгийн үкерда буюу бүгдийн тэргүүн, захирагч, эрэлхэг зоригт, эгэлгүй хүчтэн, ухаалаг шударга зүтгэлтэн. 1824 онд төрөөд 1885 онд таалал төгссөн энэхүү сайн эр 18-19-р зууны зааг дээр Өвөр Алтайд нутагладаг Керей аймаг, Зайсан нуур хавиар нутагладаг Найман аймгийн хойлогын наадам, даншигт удаа дараа түрүүлж “Тэмээн бөх” цол хүртэж байжээ. Алтайн ар, өврөөр баяд ноёдын адуу малыг хөөж туудаг байсан энэ эр мөстөж, цасанд боогдсон даваагаар адуу малаа голдуу үүрээд гарчихдаг байсан гэдэг. Алтайн өвөр, нам нутагт айл хотлоороо тариа тарьж, манж хятад, хасаг, уйгаргүй зэрэгцэн оршиход булгийн ус хүрэлцэхгүй, шөнөдөө хулгайгаар бие биенийхээ шуудууны эхний хоолойг бөглөн, хэрүүл уруул болж, тариа тарих эв дүй муутай казакуудыг шахаж эхэлжээ. Тэгэхээр нь Жылхышы нэгэн шөнө булгийн усыг өөрийнхөө талбай руу эргүүлэн, бусад хоолойнуудын эхэнд барагтай хүн даахааргүй үхэр чулуунуудыг хаяад тагалчихжээ. Эл чулууг зайлуулж чадаагүй хүмүүс Жылхышыд очин хүлцэл өчиж, гэм зэмээ сонсч, тэр өдрөөс эхлэн байгалийн усыг ээлжээр авах тухай түүний зарлигийг дагах болжээ. Жылхышы 1860-аад онд Ховд нутагт бүрмөсөн суурьшихаар шийдэж, газар нутаг сонжиж, Ховдын хязгаар алгасан, Оросын нутаг Шүйн гол руу давахад Хаант Оросын хилийн харуулын цэргүүд буудан хөөж, баривчилжээ. Зугатан буудалцаж, сандран будилж явахад түүний нэг хөлийн “Кебис” нэртэй гутал нь сугараад үлдчихсэнийг орос цэргүүд олоод авчээ. Казакууд нөмгөн арьсан оймсны гаднаас углаж өмсдөг углаашийг “Кебис” хэмээдэг. Уг нь орчин үеийн ботинк маягийн гутал юм л даа. Тэрхүү аварга том гутлыг гайхсан оросууд өмсөөд үзэхэд тэдний хоёр хөл нь Жылхышы ноёны өрөөсөн хөлийн гуталд багтчихжээ. Үүнээс үзэхэд Жылхышы ноён хэр хэмжээний биетэй байсан нь ойлгомжтой. Түүний бие, чадлыг бахдан гайхсан орос цэргийн дарга гэртээ авчруулан дайлж, улмаар түүнтэй хэл амаа ололцоод Шүйн голын эхээр отрын мал оруулахаар тохиролцож байсан гэдэг. 1884 онд өвөр Алтайн Жадик овог болон Ховдын Шеруши хоёрын хооронд нэгэн хямралдаан дэгдэж, хоёр тал цэрэг засан байлдахад нас 60 хэлбийж байсан Бүгдийн дарга Жылхышы баруун хөлдөө гарсан хорт хавдрын өвчин шаналалаа үл тоож, өвчтэй хөлөө эмээлийнхээ урьд ганзагнаас чангаан уяж, цэрэг эрсээ тэргүүлэн уухайлан давшиж, ялалт байгуулж байсан түүхтэй. Тэнгэрт халихынхаа өмнө Жылхышы ноён гурван зүйл сэтгэлд нь харамсал болж үлдэж буй тухай өгүүлжээ. Тэр нь нэгд, сайн бүсгүйн амины төлөөсийг муу эрийнхтэй адилхан тогтоож амжаагүй. Хоёрт, Хотол олноо Булган голын өнтэй нутаг “Гурван хүүхэн”-д суурьшуулж амжаагүй. Гуравт, Манжийн гурван хөшгийг довтолж үл амжсан явдал байсан гэнэ. ”Гурван хөшиг” гэдэг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Асгатын мөнгөний орд, Толбо сумын нутаг дахь Мөнгөн усны орд бөгөөд эдгээр баялаг орд газруудыг анж, хятадууд дур мэдэн эзэгнэж, эргэн тойрон харуул тавьж, нутгийн хүмүүс монгол, казакуудыг нэг ч алхам үл ойртуулан цагддаг байжээ. Тэрхүү баялаг орд газруудыг далдлан харуулдсан манж-хятадын харуулыг нутгийн ардууд “Манжийн гурван хөшиг” гэдэг байж. Жылхышы ноён манж-хятадын далд санааг эртнээс ухаж ухааран, цэрэглэн довтолж, монгол нутгаас хөөн зайлуулах бодолтой байсан нь ийнхүү түүний насан хутаг олсноор үл биелэгджээ. Монголчууд бид тэрхүү баян орд газруудыг одоо хэрнээ ашиглан, ард олныхоо тусын тулд эргэлтэнд оруулж чадаагүй л явна даа. Манай дээдэс ямар холч ухаантай байсныг бодохоос бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Жылхышы ноён өөрийн гэсэн гоо сайхны мэдрэмжтэй, сониуч зантай хүн байсан гэлтэй. Нутгийн элдэв өнгийн шороог найруулан, казакууд “Опа”, монголчууд “Энгэсэг” буюу “Нүүрний будаг”, “оросууд “Пудра” хэмээн нэршсэн будгийг бэлтгэн, айл амьтнаар явж айлчлахдаа сайхан хатныхаа нүүрийг түүгээр гоёж өгдөг байжээ.
ЕГИЗЕКИЙН АМАНЖОЛ
Аманжол нь Казак түмний Уах аймгийн хүн. Өвөр Алтайн Шеруши овгийн тэргүүн Ахтай ноёны нөмөр нөөлөгт багтан амьдарч байжээ. Шеруши овгийнхон Зайсан хавиар нутагладаг Найман аймгийн “Нүдэн хээр” нэртэй хурдан хээрийг олзолж авсанаас хоёр тал хямралдан, нүдэн хээрийн төлөөс, зарга шарга гэгч асуудал үүсчээ. Шеруши овгийнхон нэгэн заль зохиож, “Нүдэн хээрийг хулгайлсан эзэн нь Аманжол гэгч сайн эр юм. Нүдэн хээр аль хэдийнэ үхсэн. Морины оронд морь авцгаа. Эс бөгөөс, хэргийн эзэн, хэнгэрэгийн дэлдэгч Аманжолыг цээрлүүлэгтүн. Хэрвээ тиймдээ хүрвэл Аманжолыг бид шууд барьж өгч чадахгүй. Хоёр талын морьтон эрсийг жагсаагаад, тэдний дундуур Аманжолыг хар хурдаар нь давхиулж өнгөрүүлье. Тэр үед бариад авна уу? Онилон унагаана уу, та нарын хэрэг” гэжээ. Найманы талынхан уг саналыг хүлээн авцгаажээ. Тэгтэл Шеруши талынхан Аманжолид хамгийн шалмаг морийг унуулж, хувцасны дотуур нь хөнгөн хуяг нууж өмсүүлэн, жагссан олны дундуур өнгөрүүлжээ. Тиймээс Аманжол хурдан, шалмаг мориороо бултан зугатсаар саадаг нумын суманд өртөлгүй, уулын тагтанд гараад явчихаж. Ийнхүү хоёр талын зарга шувтарчээ. 1883 оны өвөл Алтайн Жадбик овог, Ховд нутгийн Шеруши овгийнхан цэрэглэн тулалдсан нэгэн түүхт үйл явдал бий. Тэр нь одоогийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг Бардамын аманд болжээ. Энэхүү тулалдаанд Жадик талынхан морьдынхоо сүүлийг сүлжин уясан нь тэдний өөр хоорондын таних тэмдэг болж гэнэ. Үүнийг Аманжол мэдэж авсанаар мориныхоо сүүлийг адилхан сүлжиж уясан байна. Ингээд тэр Жадик овгийнхны ар хударгаар орж, халз тулалдаан ид өрнөх үед “Зугтаарай! Манайх ялагдлаа! Зугтаарай, Та минь ээ!” хэмээн хашгирч үймүүлжээ. Ингэснээр Жадик эрчүүдийн арын эгнээ аяндаа сийрч, удалгүй бүгдээрээ зугтан зайлжээ. Шеруши талынханы ялалтанд Аманжол ингэж тус нэмэр болж байсан гэдэг.
АРХАЛЫК, ГУНГАА ХОЁР
18-19-р зууны зааг дээр Алтайн ар, өврөөр адуу мал хөөн, хазаар ногт гүйлгэдэг Карахас овгийн Архалык хэмээх сайн эрийг казакууд “Архалык баатар” хэмээн алдаршуулдаг юм. Сайн эрийн явдлаар амьдарч, ядуу барлаг хүмүүсийг тэтгэдэг байснаас ингэж олны хүндэтгэл хүлээсэн биз. Шинжаан дахь казакуудын ерөнхийлөн захирагч, язгуур сурвалжит Ажы түүнийг хэд хэдэн удаа гянданд хорьсон ч мань эр Манжийн шоронгоос оргож босоод огт баригддаггүй байжээ. Тэрбээр Дөрвөдийн Гунгаа хэмээн сайн эртэй андын холбоо тогтоож, Далай ханы баячуудын морьдыг Алтайн өвөр лүү давуулан, түүнчлэн Ажы ноёны хурдан хүлгүүдийг Ховд руу тууж, наймаалахыг нь наймаалж, ядуучуудад тараахыг нь тарааж амар заяа эс үзүүлдэг байсан аж. Ийнхүү явахдаа Гунгаа тэр хоёр цасанд хаагдсан Алтайн их даваагаар адуу малын хөлийг хүлж, явган үүрээд гаргаж байсан гэдэг. Эдүгээ Увс, Баян-Өлгий аймгийн нутагт сайн эр Аркалыкийн нуугдан бүгэж байсан “Архалыкын агуй”, “Архалыкын ам” хэмээх газрууд бий.
“АТАМАН” АТЕКЕЙ
Монгол улсын түүхэнд 100 жилийн ял авч, онц хатуу дэглэмд хоригдсон цорын ганц хүн бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул Мардамын Атекей гэгч эр биз. Зарим хүмүүсийн ярих нь түүнийг 125 жилийн ял сонссон ч гэдэг юм. Ямар ч атугай Монголд хамгийн олон жилээр шийтгүүлсэн нэгэн эр бол Атекей мөнөөс мөн. “Шоронгийн атаман” гэгдэж явсан уг эр дунд зэргийн нуруутай атал бахим гартай, чийрэг биетэй, асар их тэнхээтэй, харьшгүй эр зоригтой, зөрүүд зантай, хэнэггүй, танхайдуу эр байсан гэнэ. Түүний ял зэм сонсох болсон нь уг нь ялимгүй зүйлээс эхтэй юм. Гол нь өөрийн тэрхүү зөрүүд зангаас болж асуудал ийнхүү газар авсан бололтой. 1950-иад оны үед Хөдөө аж ахуйн нэгдэл байгуулагдахад Цагааннуураас Улаанхус сум хүртэл жин тээж яваад, дөрвөн тэмээ гурил будаа, цай даалимбыг зам зуур дур мэдэн худалдаад, заримыг нь хар бор амьдралтай айлуудад тараачихсан аж. Улсын өмчийг санаатай шамшигдуулсан хэргээр тухайн үеийн Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар 25 жилийн ял авчээ. Хорих газарт Жанчив хэмээх “босс” байх ба хэнд ч дийлддэггүй, хоригдлуудын дулаан хувцас, хоол унд, хөнжил гудас, эргэлтийн хэдэн бор цаасыг хүртэл хамж авдаг зоргоороо нэгэн байж л дээ. Бас лагс хүнд, биерхүү, хүч тэнхээтэй, асар хэрцгий, харгалзагч нар ч түүний дэргэд шонгүй, дуртай үедээ гарч, дургүйгээ хүрвэл гадуур хоног төөрүүлж, тэр хавийг бүрэн эзэгнэдэг эр байж. Түүний өмнөөс дуугарах аавын хүү үгүй. Үг сөрвөл үхэлтэйгээ золгоно. Атекейд оногдох аяга шөлийг нь бас нэг бус удаа булаан авч өлсгөлөн үлдээжээ. Дөрөв дэх удаа нормын хоолоо булаалгасан Атекей нэг өдөр гал тогоонд гүйж ороод Жанчивыг унагаан дарж аваад “Хулгай хийж, хоол булаадаг гар чинь энэ үү” гээд балиус хутгаар түүний баруун гарыг тохойгоор нь таслан хаяжээ. Ингээд дахин 25 жилийн ял нэмэн авчээ. “Тэртэй тэргүй 50 жилийн ялаас амьд гарах биш” гэж бодсон Атекей тэгтэл нэг өдөр шоронгоос оргочихжээ. Ингээд замын хүнс базаахаар нэгэн хужаа айлын гаднах чингэлэгийг ухаж байтал эзэн нь гараад ирж гэнэ. Атекей балмагдахдаа түүнийг “нударч” орхиод, удалгүй баригдан, буудан алах ял сонсчээ. Хүүгийнхээ эл хэргийг сонссон хөөрхий ээж Дарига нь түүнийг бараадан Налайхад нүүж ирээд, Атекейн том хүү Хонырыг Дүгэрсүрэн гэгч эрхтэн дархтанд өргүүлэн, улмаар төрийн өршөөл энэрэл гуйж, алах ялыг нь 25 жилээр солиулжээ. А.Хоныр нь хожим Д.Хонгор нэртэй сайн нисэгч болж Монголын агаарын тээвэрт нэртэй төртэй алба хаасан юм. 75 жилийн ялтай Атекейн хэрэг явдал үүгээр шувтарсангүй. Сүрэмханы Аукен хэмээх ялтантай хамт оргож, бас 25 жилийн ял нэмүүлжээ. Сүүлчийн удаа оргохдоо харгалзагч харуулд баригдан жадлуулаад, улмаар бууг нь булаан авч хариу жадлан, түүнийг хороогоод баригдсан байна. Ийнхүү дөрвөн удаа хүн амины хэргээр 100 жилийн ялаар шийтгүүлсэн Атекей хатуу дэглэмийн гянданд 25 жил яс суугаад 1970-аад оны сүүлчээр нутагтаа эсэн мэнд эргэж ирсэн билээ. Казакууд “Багтаж ядсан хүч чадал хатуу чулууг хаглана. Эс бөгөөс толгой хаглана” хэмээхийн үлгэр энэ болой.
ТОНАШАГИЙН БЕКТАС
Шеруши овгийн Төлек омгийн хүн. Эрэлхэг зоригт, чинээлэг баян, өгөөмөр зангаараа алдаршсан сайн эр. Эгэлгүй хүчтэй, эр зоригтой, дээдсийн өмнө бодсон сансанаа шударгаар шууд хэлчихдэг нэгэн байж. Алтайн ар, өвөр, Шинжаан, Ховдын нийт казакуудын шашны тэргүүн, Мухамет Мухминтэй үг сөрж: “Меккад найман удаа очихдоо Керейчүүдийн улаан зүст, ууцан сүүлт хониор очоогүй, куран судрынхаа үсгээр очсон юм уу?” хэмээн агсарч байсан гэдэг. Тэрбээр, намрын таргаа авсан 1000 морио ядуу зүдүү хүмүүст уналгаар өгч, ирэх хавар нь турж эцсэн хойно нь цуглуулж авдаг буянтай хүн байж. Хүмүүсийн ярих нь ар нуруундаа адууны дэл шиг ширүүн үстэй байжээ. Өтөлсөн хойноо үүдэн шүд нь шинээр ургасан гэлцдэг. Өөр нэг сайн эр гэвэл 1975 онд дайснууддаа хорлогдсон Ескендрийн Дубай юм. Шинжааны ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тэмцэгч, баатар эр Дубай нь Гоминданы зандалчин цэргүүдэд баригдаж, улмаар зандалчид түүний улаан нүүрэн дээр эхнэрийх нь хөхийг огтлон, төрсөн хүүгийнх нь зүрхийг амьдаар нь сугалан тамлахад бууж өгөлгүй эсэргүүцэн тэмцсээр босоогоороо амиа алдсан гэдэг. Эр зоригийн хувьд Монгол-Баргын эрэлхэг хүү Манлайбаатар Дамдинсүрэнтэй нэн төстэй.
ХУТПАНЫ ИМАНЖҮСИП
1863 онд төрсөн энэхүү сайн эр Казакстаны Павлодар мужийн Ахсу районд төрж өсчээ. Эгэлгүй хүчтэй бөх, ая зохиогч, яруу найрагч, дуучин зэрэг төрөл бүрийн авъяастай нэгэн байж. Иманжүсип Хояндын намрын яармагт цугларагсадын дунд “мухар хуруут” хочит алдарт бөх Нурмухамбетийн өргөсөн 51 пуд буюу 830 кг чулууг өргөж байжээ. Мөн алдарт бөх Нурмухамбеттэй хүч үзэж, өгөө аваатай явсан байна. Тэр нэгэн найран дээр нөхдийнхөө хамт найман хүүхнийг оргуулан одож, олныг шуугиулж байсан түүхтэй. Хожим энэ тухай дуу зохиож дуулсан нь олны хүртээл болжээ. Иманжүсип насан туршдаа Оросын булаан эзлэх, колоничлох бодлогыг эсэргүүцэн тэмцэж, дээдсийн бусармаг явдлыг илчлэн дуу зохиож, олонд дэлгэснээс ад шоо үзэгдэж, улмаар нэг бус удаа нутаг заагдаж, эцэст нь гянданд хоригдож 1931 оны 2-р сарын 3-ны өдөр Зөвлөлтийн онцгой комиссын шийдвэрээр буудуулжээ. Түүний үг, аяыг нь зохиож, өөрөө дуулж олны хүртээл болгосон олон арван дуу эдүгээ Казах түмний тайз дэлгэцнээ амьдарсаар л байна.
АРГЫНБАЙН СҮЙНБАЙ
Сүйнбай 19-р зууны сүүлч 20-р зууны зааг дээр Ар, Өврөөр амьдарч, амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Ховдын хязгаарын Казахын Шеруши хошуу, одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт амьдарч байгаад насан өөд болжээ. Сүйнбай эр зориг, эгэлгүй чадлаараа гайхуулж явсан, зөрүүд зантай, ааш авир гэж адсага, этгээд зан араншинтай, олны дунд “Сүйеке” гэж хүндлэгдсэн нэгэн байж. Тэрбээр, залуу зандан насандаа баяд ноёдын адуу малыг хөөж, Алтайн ар, өврөөр хазаар ногт гүйлгэж, арилжаа наймаа хийж явсан байдаг. Сүйнбайн эр зориг, эгэлгүй хүч тэнхээ, этгээд зан, элдэв явдлын тухай олны ам дамжсан янз бүрийн хууч яриа олон байдаг юм. Сүйнбай сайн эрийн явдлаар амьдарч байсан үедээ ойр төрлийн хамаатан, итгэлт сайн нөхөр Мангытай хэмээх эрийг голдуу дагуулж явдаг байжээ. Нэгэнтээ хоёулаа өвөр Алтай-Шинжааны нутагт олз омог хайхаар мордож, тус бүр гурван ширхэг ааруулыг өвөртлөн, түүгээр долоо хоногийн хүнсээ хийхээр тохиролцоод дараа уулзах өдөр, газрыг болзон явцгаажээ. Долоо хоноод болзсон газартаа ирвэл Мангытай олз омог муухан, хариугүй өлсөж цангаад гутлынхаа түрийнээс огтлон авч шарж идэж суух юм гэнэ. Харин Сүйнбай өнөөх гурван ширхэг ааруулаас нэгийг өвөртөө үлдээжээ. Сайн эрчүүд алсын аянд явахдаа хатсан ааруулыг зөвхөн амандаа хүлхэн, хоолойгоо чийглэн, ходоодоо хуурч, өл залгаж явдаг байж. Тэгтэл Мангытай өлсөхдөө тэвчилгүй нэгмөсөн идээд орхисон аж. Нэг удаа мань хоёр бас л адуу малын ашиг хонжоо хайж өвөр Алтайг зорин морджээ. Олзны морьдоор уналгаа юүлэхээр хоёулаа туранхай байдас унаад гарчээ. Алтайн их даваанд ойртоход урдаас нь Өвөр Алтайн есөн хулгайч эр гарч ирээд яалт ч үгүй тулчихжээ. Хулгайч нарын гарт орохыг гадарласан Сүйнбай “Чи ганц хоёр цохиулаад ухаан алдсан дүр эсгэж мориноосоо ойчоод өг. Харин тэдний явсан зүг чигийг сайн анзаарч авах юм шүү. Юутай ч гэсэн тэдэнтэй би үзэлцэе” гэжээ. Учир нь Сүйнбай муна бороохой, ташуурын зодоонд гаргууд нэгэн байж. Өнөөх есөн хулгайчийн зургааг нь бороохойдон унагатал хүрлэгэр царайт, хүдэр нэг нь түүний толгой руу цохиж ухаан алдуулжээ. Ийнхүү ялан дийлсэн хулгайч нар тэдний хоёр байдасыг олзлон оджээ. Явгарсан хоёр ухаан сэргэсэн хойноо Сүйнбай толгойныхоо шархыг боолгож, битүү хавдсан нүүрээ алчуураар дээш татуулаад хулгайч нарын мөрийг мөшгин алхсаар л байж. Тэд өдөржин, шөнөжин таваргалцсаар ойн ширэнгэнд улалзах галын гэрлийг олж харжээ. Отсоор ойртвол гурван эр гал тойрон хуучлах бөгөөд бусад нь дуг нойрондоо дугжирч байх юм гэнэ. Тиймээс мань хоёр гал манасан гурвыг ганц ганц цохиод унагаажээ. Тэгээд Сүйнбай “Чи морьдоо тайлж бэлтгэ. Үлдсэн хэдийн учрыг би ольё” гээд хусан бороохойгоор тэднийг нэг нэг цохиод, өнөөх хүдэр харыг дараад авчээ. Тэгээд бэржгэр чулуугаар хамар ам, нүүр нүдгүй үрж, ухаан баларттал ноолжээ. Мангытай морьд бэлэн болсныг илтгэхэд тэд морьдоос хоёрыг нь шилж унаад өөрсдийн хоёр байдасын хамт үлдсэн морьдыг нь туугаад арилан оджээ. Олон жилийн дараа Сүйнбай гуай өвөр Алтайд аянчилж яваад нутгийн нэгэн найран дээр таарчээ. Барианы газар хурдан морьд хүлээн суусан олны дунд нүүр ам нь цоохортож сорвижсон, шантгар хамартай нэгэн хүрлэгэр өвгөн суух юм гэнэ. “Хамар амыг нь би тэгшилж өгсөн өнөөх мангар хар биш байгаа даа?” гэж Сүйнбай бодоод ойртож очоод мэнд ус мэдэн, яриа өдөнгөө “Өвгөн гуай таны нүүр ам яахаараа ингэтлээ шарх сорви болоо вэ?” гэж асуужээ. Шантгар хамарт хүдэр хар өвгөн болсон явдлыг тоочин өгүүлснээ “Залуугийн ааг, тэнэгийн гай юм даа хө” гэж гэнэ. Түүний яриаг чимээгүй чагнаж суусан Сүйнбай “Тийм юм болсон гээч. Тэгвэл чиний хамрыг идсэн өт би байна. Миний толгойг идсэн өт хорхой чи мөн байх нь” хэмээн малгайгаа авч, муна бороохойд цохиулан сорвижсон толгойгоо үзүүлжээ. Хоёр өвгөн тэврэлдэн учирч, өнөөх хүдэр хар Сүйнбайг гэртээ урьж, тарган даага гаргаж идээ будаа болж шөнөжин залуугийн явдал, сайн эрсийн амьдралаар өнгөрүүлсэн өдрөө хуучилцгааж, маргааш нь андын тангараг өргөлцөн салцгаажээ. Нэг удаа Сүйнбай алсын аяныхаа замд нэгэн айлд хоног төөрүүлжээ. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр хоноцод таагүй байсан болов уу? Олигтой хоол унд болж ёс төрлөсөнгүй. Тэгтэл гэдэс нь хонхолзож, уур нь хүрсэн Сүйнбай шөнө дундын үед босоод гэрийн хойморт байсан лааны тосыг юу ч үлдээлгүй идчихжээ. Хожим үеийнх нь эрчүүд түүнийг шоолоход “Өлсбэл лааны тос байтугай өнөөхийн өөхийг идэх биз” гэж хариулж суусан гэдэг.
МАХАШЫН ХОЖЫХ
Казахын Уах аймгийн Бидалы овгийн Хараман омгийн хүн. Эцэг Махаш нь 22 мянган адуутай, энгийн номхон аж ахуйч хүн байж. Хожых нийтдээ есөн эхнэрээс 24 хүү төрүүлсэн, тэд болон охин Нархыз нь эцгийгээ дуурайсан эрэлхэг зоригоороо алдаршсан хүмүүс байжээ. Хожыхынх хүүхдүүдийн хамт 7000 адуутай, 200 тэмээтэй, олон мянган богтой, чинээлэг айл байсан байна. Казахын сайн эр Хожых нь Хаант Оросын булаан эзлэх, колончлох бодлогын эсрэг босч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлсон Абылай хааны хүү Кенесары ханы их цэргийн нэгэн нэрт жанжин байжээ. Гэвч энэхүү эрх чөлөөний хөдөлгөөн дарагдаж, Кенесары хан алагдсан бөгөөд үүнээс хойш Хожых 30 жилийн турш цэргээ тараахгүйгээр Кенесары ханаас урвасан хүмүүсийг өршөөлгүй цээрлүүлж, 200 гаруй цэргийг тогтмол байлдааны бэлэн байдалд байлгасаар л байжээ. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд өшөө авах нэрээр урвагчдын адуу малыг хулгайлан тууж, дээрэм тонуул хийж амар заяа үл үзүүлснээс “Дээрэмчин”, “Тонуулчин” хэмээгдэж, нутгийн ноёдын матаж мэдүүлснээр Хаант Оросын цэргүүдэд өөрийнхөө есөн хүүгийн хамт баригдаж, Сибирьт цөлөгдөн амиа алджээ.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ