Авлигын хар муур харайсан уу


Эвслийн Засгийн газрын 100 хоногтоо амжуулсан хамгийн том ажил бол таван тэрбум ам. долларын Чингис бондын эхний ээлжийг олон улсын зах зээл дээр арилжаалж, 1,5 тэрбум ногоон босгосон явдал. Манай дансанд мөнгө орж ирсэн өдрөөс эхлэн хүү төлөх тоолуур ажиллаж эхэлсэн бөгөөд хоногт 200 мянга гаруй ам. доллар болж байна. Гэсэн ч Чингис бондын хөрөнгийг улс орныхоо их бүтээн байгуулалтад анхнаас нь хямгатай зарцуулна гэсэн Засгийн газрын хажуугаар бас эзэн суухыг хүссэн эрхэм гишүүд, сайд дарга нар анхнаасаа гарч ирсэн. Тухайлбал, төмөр замд хөрөнгө оруулах сайд нарын саналыг дэмжээгүй "Монголын төмөр зам" компаний захирал М.Энхсайхан албанаасаа мултарсан билээ. Тэрээр "Бондын мөнгө үргүй зардал болох магадлал өссөөр байна. Хуйвалдаан шатлан өргөжиж байгаа юм байна. Том том завхралууд олонд ил болж байнаа. Бондыг завхруулбал Монгол "failed state" болно" гэсэн юм. Ер нь манай зарим улстөрч замын хөрөнгөөр гараа угааж гаршсан гэхэд болно.
Замыг там болгож гаршсан эрхэм гишүүн асан “Очир төв”-ийн босс Д.Дамба-Очир тун саяхнаас Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу ДЦС-5-ыг барих бүтээн байгуулалтын ажилд нэгэн салаа зам гаргав бололтой. Түүний будилуулсан юм мундахгүй. Замыг там болгож сурсан мань эр өнгөрсөн парламентад Эрдэнэтээс эрхэм гишүүнээр сонгогдохоосоо эхлээд Төв аймгийн Лүнгийн замыг там болгосныг монголчууд андахгүй. Гэтэл одоо их хот гал алдах дээрээ тулаад байхад нэгэнт сонгон шалгаруулалт нь явагдаад дууссан тендерт өнгөрсөн жил “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв” гэсэн консорциумын нэрээр ороод өвдөг шороодсон мөртлөө дахин задлахаар салаа зам гаргаж, хямд үнийн саналаар гул барьж явна. Олон нийтэд хараахан ил болоогүй энэ асуудал даамжирч, сэтгэлийн гал дутсан эрх мэдэлтнүүдийн уршгаар энэ өвөл Улаанбаатарчууд хэрхэн өвөлжихийг хэн ч таашгүй.
Бага зардлаар их ажил хийнэ гэж төвөг уддаг “Очир төв”-ийн булхай хуучраагүй байгаа. Д.Дамба-Очир УИХ-ын гишүүн болоод жилийн нүүр үзэж байхдаа буюу 2009 оны 11 дүгээр сард энэ хямралтай хүнд үед бүхэл бүтэн 123 км зам барьж дуусгана гэдэг тийм ч амар ажил биш. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа гэжээ. Гэтэл 2010 оны есдүгээр сарын эхээр удахгүй улсын комисс хүлээж авах байх. Үндсэндээ 13-14 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар энэ зам боссон. Нийт 34 тэрбум төгрөгөөр Лүнгийн зам ашиглалтад орж байна хэмээн өртгийг нь даруй хоёр дахин өсгөсөн мэдэгдэл хийсэн байх юм. Эрхэм гишүүн асны хэлснээс үзвэл, тухайн үедээ УИХ-аар хэлэлцэж батлах улсын төсвөөс ахиухан мөнгө нэмж цохих иймэрхүү арга нийгэмд дөрвөн жилийн өмнөөс газар авсныг одоо хууль хяналтын байгууллагынхан эхнээс нь шалгаж байна. Түрүүчээсээ дээлээ толгой дээгүүрээ нөмөрч байгаа нь ч нууц биш. Лүнгийн замын тендерт 2007 онд шалгарсан “Очир төв” 2008 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ам өгсөн боловч хугацааг 113 хоногоор дахин сунгаж, улсаас дөрвөн тэрбумын санхүүжилт нэмж хийхээр болж байсан нь хэр найдвартай түнш вэ гэдгийг шууд харуулна.
Гэтэл одоо “Улаанбаатар-ДЦС-5” төслийн тендерт нэгэнт ялагдсан атлаа Чингис бондын хөрөнгө мөнгөнөөс хумсалж, БНСУ-ын “Самсунг” корпорациар бариулахаар болжээ. Түүний үгийг өлгөж аваад хямд үнийн саналыг нь сонсохоор чихээ сортойлгож байгаа Засгийн газрын эрх мэдэлтнүүд ч гэсэн арван лангийн ембүүнд алгаа тосдог түшмэд арай биш байлтай. Ер нь шилжилтийн үеийн улс орнууд гал голомтоороо тоглож болохгүй гэдгийг Азийн зарим орны гашуун сургамж яруу тод харуулж байгаа. Гэтэл ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэгчээр ноён Д.Дамба-Очир очиж очиж “Самсунг”-тай хамсарч, Монголын гал голомтыг самрах гээд байна уу гэсэн хардлага төрж байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадаагүй эл эрхэм Эрдэнэтийг саалийн үнээгээ болгодог байсан улстөрчдийн нэг. Гэтэл хажуугаар нь Багануурын нүүрсний уурхайн захирлыг тэтгэвэртээ гарах болоход эрхэм гишүүний сэнтийгээс аман шийдвэрээр дараагийнх нь захирлыг томилж, бишгүй хэл ам таталж байсан нь эрчим хүчний салбарт эртнээс гар дүрэхийг санаархсаны шинж гэлтэй. Түүний зүтгүүлж байсан хүн нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн даргын албыг түр хашиж байсан ч нүүрсний уурхайн талаар ёстой “А” ч үгүй этгээд байсан юм билээ. Тэгэхэд Д.Дамба-Очир уг уурхайн 39 хувийг эзэмшдэг гэж хээвнэг тайлбарлаж байсан ч “Багануур” хувьцаат компанийн 25-хан хувь нь л хувьд байдгийг учир мэдэх хүмүүс андахгүй. Энэ мэт ашиг сонирхлын урьд өмнөх зөрчлүүд нь ДЦС-5-ын тендерийг будилуулж, Чингис бондтой зарим талаар хольж хутгахад хүргэж байна.
Дашрамд сануулахад “Улаанбаатар ДЦС-5” төслийн хувь заяа эргэж буцсаар өнгөрсөн оны зун нэг мөр шийдэгдсэн боловч Улаанбаатарын утааг багасгах, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг амилуулах гол судсыг таслах хар муурыг “Очир төв”-ийн Д.Дамба-Очир солонгосчуудтай хамсарч гүйлгэсээр байгаад саатуулж орхив. Том төслийн мөнгийг толгой дотроо эргэлдүүлснээр цахилгаан, дулаан үйлдвэрлэж чадахгүй. Одоо их хааны нэр дээрх 1,5 тэрбумаас 347 сая л үлдээд байна. УГ нь ДЦС-ыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нэгэнт барихаар шийдчихээд байсан ч болиулжээ.
Өдгөө олон жил дуншсан “Улаанбаатар ДЦС-5” төслөөс авлигын үнэр ханхалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ