“Түрэмгий улаан”-ыг шаламгай болгосон нь

1980-аад оны үед хотынхон “Яаръя гэвэл “Яармаг”-т суу” гэж өөр зуураа ярилцдаг байжээ. Энэ нь Яармагийн чиглэлийн автобус хамгийн хурдан, шуурхай гэдгийг хэлсэн хэрэг. Таван буудал, Зурагт, Сансар биш яагаад заавал Яармагийн автобус тийм хурдан шуурхай байсан юм бол гэж асуух хүн гарч мэднэ. Тухайн үед Яармаг өнөөгийнх нь ийм их төвлөрөл суурьшил үүсээгүй, хотын захын сэлүүхэн хөдөө байв. Хотын төв рүү ажилдаа ирэх гэсэн хүмүүс цаг мөчтэй уралдан яарч сандрах нь элбэг. Харин Яармагийн автобуснууд ямар ч үед зорчигчдоо хоцроож байсангүй.Яармагийн чиглэлд үйлчилж байсан автобус бригадынхан үүгээрээ бахархдаг. Эгнээнээсээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар тээвэрчин төрүүлсэн хамт олон ингэж бахархах нь аргагүй бизээ. Эгэл жирийн тээвэрчид дундаас, тэр тусмаа нийтийн тээврийнхний халуун бүлээс төрсөн тэрхүү хөдөлмөрийн баатар бол Сэрсэнжавын Дашцэрэн юм.Тэрээр 1974-1996 он хүртэл нийт 22 жил Автобус баазад бригадын даргаар ажиллажээ.

Тэр л он жилүүд С.Дашцэрэн баатрын хувьд хөдөлмөр бүтээл оргилж, амжилтын оргилд тэмүүлсэн цаг хугацаа байв. Төрөлх нутаг Говь-Алтай аймгийн Төгрөг сумандаа найман жил хэртэй нэгдлийн тэрэгний жолоо мушгисан залуу эр 1971 онд Улаанбаатарт шилжиж ирээд автобус баазад жолоочоор орсноор нийтийн тээврийн салбартай нэг насны амьдралаа холбосон байна.Энэ тухайгаа “Жил дараалан шахуу гарсан найман хүүхэдтэй, эхнэр бие чилээрхүү. Ийм л айл Улаанбаатарт шилжиж ирсэн. Хотод ирээд би бодсон. “За, гэр бүлийн хүний маань эрүүл мэнд ийм. Тиймээс эхнэр, хүүхдээ эргэж тойрч байх хэрэгтэй” гэж. Хүн л аливаа юмыг бүтээдэг. Би өөрийнхөө чадахаар машинаа сайн барьж, хүнд үйлчилж, үүнд л гол хөдөлмөрөө зориулъя гэж бодсон. Тэгээд автобус баазад жолоочоор орж бөөн баяр болж байлаа” хэмээн С.Дашцэрэн гуай хуучлав. Ингээд тэрээр Яармагийн чиглэлийн автобусанд гурван жил жолоо барьсны дараа 1974 онд бригадын дарга болжээ.Тухайн үед Яармагийн чиглэлд гурван минутын зайтай 10 автобус, дөрвөн минутын зайтай найман автобус явдаг, үндсэндээ таван минутын дотор буудал бүрт нэг автобус тасралтгүй очиж байхаар зохицуулдаг байжээ. Ийм л чанд хатуу шаардлага, сахилга батыг баримтлан ажилласнаар С.Дашцэрэнгийн ахалсан бригад улсын гурван удаагийн аварга болж алдар нэр нь түгэж эхлэв. С.Дашцэрэн жолооч өөрөө мөн гурван удаа улсын аварга болжээ. “Тухайн үед хөдөлмөр зохион байгуулалтын ажлыг маш сайн хийдэг, жолооч нарын ажлын гүйцэтгэл, амжилт, алдаа дутагдал бүхнийг нэг бүрчлэн дүгнэнэ. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр, ажиллагсдын идэвх санаачилга ч сайн байсан” хэмээн С.Дашцэрэн баатар дурслаа.

Тэрээр бригадын даргаар ажиллаад дөрвөн жил болоход тэдний хамт олон ажил хөдөлмөрөөрөө хот, дүүрэгтээ тэргүүлж, социалист уралдаанд түрүүлж, тухайн үеийн ЗХУ, Чех, Унгар зэрэг ах дүү социалист улс орнуудад аялах эрхээр шагнуулжээ.Ийнхүү аялж явахдаа тэрээр өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврийн үйлчилгээг сонирхон ажиглаж, эх орондоо очоод нэвтрүүлж болох зүйл юу байгааг харж явсан гэдэг. Бүр хэрэг болгон трамвай, тролейбус, метро, автубус гээд нийтийн тээврийн унаа бүгдэд сууж үзсэн байна. 1979 оноос Яармагийн чиглэлийн автобуснууд дараагийн зогсоол болон аль буудал дээр хэдэн цаг, хэдэн минутад очихоо зарладаг болсон нь С.Дашцэрэн баатарын гадаадын улс орноос “ганзагалж” ирсэн шинэ санаа амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн нь тэр байв. Ингэж буудал, цагаа зарлах болсон нь зорчигчдод маш их таалагдаж жолооч, кондукторуудад баяр хүргэдэг байжээ. Чухам энэ үеэс л дээр өгүүлсэн “Яаръягэвэл Яармагт суу” гэдэг үг гарсан хэрэг. Тухайн үед Яармаг, Нисэх, Био комбинат, Шувуун фабрик чиглэлээс хотын төв рүү ирэх хүмүүс голцуу үйлдвэрийн ажилчид байв. Тэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэсээр яарч сандран автобусанд суухад тэдэн цаг, тэдэн минутад Үйлдвэр комбинатад очно гэх мэтээр зарлахад санаа амардаг байсан гэдэг. Ийнхүү “Төв замын түрэмгий улаан” гэгддэг автобусууд шаламгай үйлчилгээтэй болжээ.Хожим С.Дашцэрэн гуайг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болоход Яармагийн иргэд түүнд тусгайлан баяр хүргэж байжээ. Сэтгэлээсээ хийсэн ажил хүний сэтгэлд хүрч, хэчнээн он жил улирсан ч мартагддаггүйн жишээ энэ бизээ. Хорин жилийн өмнө тэрээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар болж алтан таван хошуу энгэртээ гялалзуулан зогссон тэр агшинд модон бүхээгтэй “ЗИС-5”-ын тэвшин дээр анх гарч үзээд гайхан алмайрч, басхүү жолооч болох хүсэл мөрөөдөлд автан зогссон хагас зууны тэртээх хүүхэд насаа эргэн дурсч аньсага чийгтсэн гэнэм. Наймхан настайдаа эцгээсээ өнчирч, ээж дүү нартаа түшиг тулгуур болон өрх толгойлж үлдсэн Дашцэрэн хүү эр хүний хийдэг бүхий л ажлыг хийж, айл гэрийн амьжиргааг залгуулж хатуу хөтүүг нугалдаг байв.

Дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуульд оръё гэж бодсон ч боломж гарсангүй. Ар гэр нь хүн бүл цөөн тул тэрээр 20 нас хүртлээ мал маллажээ. Гэвч жолооч болох хүслээ орхисонгүй. Харин ч яавал жолооч болох вэ гэдэг бодол салахаа байв. Тухайн үед цэргийн албанд мордсон залуус жолооч болж ирдэг байсан тул ерөөсөө цэрэгт явбал хүсэл мөрөөдлөө биелүүлэх юм байна гэж бодсон нь оножээ.Энэ бол 1958 он байв. Хил хязгаар тайван болж цэрэг авахаа бараг байсан үе тул түүнийг цэрэгт бүртгэсэнгүй. Гэвч ах дүүсээрээ батламж гаргуулж байж цэргийн албанд морджээ. Ингээд Цэргийн яамны ар тал, аж ахуйн салаанд хуваарилагдан очиж мах түгээгч, нярав цэрэг болов. Цэргийн хоол хүнс, ачаа бараа буулгах машиныг ойр зуур барьсаар хэдийнэ жолооны дөртэй болоод авчээ. 1961 онд цэргээс халагдах жил нь түүнийг авто сургуульд явуулсан нь жирийн малчны хүүгийн алтан шар замын эхлэл байв. Тухайн үеийн Доод Нисэхэд байрлаж байсан авто сургуульд суралцан онц дүнтэй төгсч жинхэнэ жолооч болов. Хүн дуртай юмаа хамгийн амархан сурдаг гэдгийг тэрээр биеэр үзүүлсэн гэдэг.

“Будаг нь ханхалсан” шинэхэн жолооч Дархан хотод хуваарилагдан бүтээн байгуулалтад нь гар бие оролцжээ. Дарханд хоёр жил, Говь-Алтайд найман жил ажиллаад Улаанбаатарт ирж автобус баазтай амьдралаа холбосон ажээ.Тэрээр анх “Төв замын түрэмгий улаан” гэгддэг “Шкода” автобусаар иргэдэд үйлчилж, дараа нь чех автобус Монголд орж ирэхэд анхны жолооч нарынх нь нэг болжээ. Хожим “Кароса” автобус барьсан байна. “Кароса” автобус хойноо мотортой, нум, хаалга зэрэг нь хийгээр ажилладаг. Гэтэл өвлийн хүйтэнд хийн төхөөрөмж нь хөлдөж хүндрэл үүсгэдэг байсныг Дашцэрэн баатар арилгаж ШБОС нэвтрүүлсэн гэдэг. “Жолооч хүн машин техникээ ариг гамтай эдэлж, өөрөө гардан засвар үйлчилгээг нь хийх ёстой. Тэгсэн цагт бүх ажил гарт ороод ирдэг юм. Хөдөлмөрч хүн бол аргыг нь олдог, залхуу хүн шалтаг хайдаг” хэмээн тээвэрчин баатар хэлэх дуртай. Энэ бол түүний баримталдаг гол зарчим.Түүний ажил амьдрал, ар гэрийнхэн нь авто тээврийн салбартай салшгүй холбоотой.

С.Дашцэрэн гуайг 1995 онд авто тээврийн салбарын 70 жилийн ойгоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэх үед тэдний гэр бүлийнх нь долоон хүн “Автобус-2” баазад ажиллаж байсан гэдэг. Эхнэр нь кондутороор, долоон хүүгийнх нь тав нь аавынхаа мэргэжлийг өвлөн автобус баазад жолоочоор ажиллаж байсан нь тээврийн салбарын түүхэнд гараагүй нэгэн содон тохиолдол болон үлджээ. Хөвгүүд нь автобус баазын жолооч болоход мэдээж С.Дашцэрэн гуайн нөлөө их байв. Чин сэтгэлээсээ хөдөлмөрлө, шударга бай, ажилдаа бүхнээ зориул гэдэг сургаалыг тэрээр хүүхдүүддээ хэлдэг. Бригадын даргаар тасралтгүй 22 жил ажиллахдаа ч ийм л зарчмыг баримталж ажиллажээ. Хүнд тус хүргэж, баярлуулах шиг сайхан юм байхгүй. Нийтийн тээврийн салбараас төрсөн тээвэрчин баатрын амьдралын философи ийм юм. Үйлчлүүлэгч та хаан, хүний төлөө гэх мэт өнөө цагийн сүржин уриаг тэрээр ийм энгийнээр, ийм үнэн байдлаар ажил хөдөлмөр, амьдралынхаа мөрдлөг болгожээ. Эгэл бүхэн агуу байдгийн нэг жишээ нь С.Дашцэрэн баатар билээ.

Г.Сонинбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ