Даншиг наадамд хэр зардал гаргадаг байв?

Удахгүй болох Даншиг наадмын тухай монголчууд янз бүрийн л санал бодолтой явцгаана. Намар дөхөж, найр наадам тасрахгүй нь ажлаа хийцгээе гэсэн зарим нь байхад уламжлалт ёс, өв соёлоо сэргээж байгаагаараа ач холбогдолтой гэх нэг нь ч байна. Тэгвэл Даншиг наадмын тухай түүхэн эх сурвалж түшиглэсэн мэдээллийг хүргэе. Ардын засгийн жилүүдээс өмнө тогтмол зохион явагдаж байсан наадмын түүхэн цадигаар аялахдаа даншигт хэр хөрөнгө мөнгө зарж зарлагадаж байсан тухай Магсаржав хурцын “Долоон хошуу наадам” товхимолоос сонирхсон нь энэ юм.
1800 оны үед болсон нэгэнДаншиг наадмын зарцуулсан хөрөнгө мөнгийг сонирхвол бие мөнгө лангаар 2000, магнаг торго 1, хөө хуяг 1, буу 1 атан тэмээ 10, морь 87, бүхэл торго 20, зах торго 3, үнэгний арьс 15, хагас булигаар 4, бие хонь 370, сэрж хадаг 10600, тайлсан сэрж хадаг 204250 тус тус хэрэглэсэн байна.
Бусад зүйлийг бөхийн шагнал, харваачдын шагнал, гурван насны морьд, басазарга, жороо, дааганы шагналд олгохоос гадна тогтмол бай шагнал авдаг ажлын хүмүүст хурдан морийг шүдэлдэг хүмүүс, мөн морь хөөдөг, морь барьж, цоллодог хүмүүс, бөхийн засуул, хөлийн сайд, бөхийнонооны түшмэл, бичээч нар, сур харваачдын оноог бичдэг самбарчин зэрэг ордог ажээ. Наадам нь арав гаруй хоног үргэлжилдэг бөгөөд томхон түшмэл хоногт нэг хонины шүүс хэрэглэх журамтай байж. Бадаргуулт төрийн 30 дугаар оны зуны дунд сард Богдод даншиг (бат оршил) өргөхөд дөрвөн аймгийн хан, ван, бэйс, гүн, гүн засаг, 17 ноёд зөвлөлдөн Бээжин бадрахын пүүснээс дээдэстөргөхөөр сувд шүр хатгасан хуйлаа торго нэг бүхлийг авсны үнэ 700 лан мөнгийг төлөх өрийг олон газарт хуваарилан ногдуулжээ.
Их хүрээнээс Жавзандамба хутагт Хүй мандалд болдог наадамд очих замын үдлэгийг Толгойтын даваанд хийдэг байж. Бадаргуулт төрийн 32 дугаар онд Жавзандамба хутагтын наадамд очиж ирэхдээ үдэлж, түүнд зориулсан зүйлийг мөнгөөр бодож гаргахад сэрж хадаг 289223 болон төлөх мөнгө 1807 лан зургаан цэн дөрвөн пун, бас биеэр гаргасан мөнгө 490 лан таван цэн хоёр пун, бусад зүйлд 9436 лан найман цэн таван пун болов. Эдгээр бүгд 10 түмэн долоон мянга 567 лан дөрвөн цэн есөн пун нэг лии найман хуу хоёр ший болсныг дөрвөн аймаг, шавь таван газар хуваахад нэг газарт хоёр түм нэг мянга 513 лан дөрвөн цэн” болжээ. Зөвхөн дээрх дөрвөн баримтаас үзэхэд долоон хошуу наадам, арван засгийн наадамд үлэмж зардал гардаг нь тодорхой байна.
Түрүү, үзүүрийн бөх сөнгийн идээг авч наадамчин олонд цацаж өгөөд үлдсэн өөрийн хувийг зодгондоо боож авдаг заншилтай. Түүнчлэн түрүүлсэн бөхөд дутуу болгосон хонины битүү толгой, үхрийн чөмөг өгдөг байсныг тэр бөх үзэгч олны нүдний өмнө хутга хэрэглэлгүйгээр бяр чадлаа үзүүлэн бяц мушгиж толгойг идэх буюу гараараа хуга ташдаг байж. Үүнийг одоо дагаж мөрдвөл бас их сонин зүйл болох байх аа.
Даншиг бат оршил хэмээх ёслолыг жил бүр зуны сүүл сард өргөдөг байж. Наадмын өмнө дөрвөн аймгаас их наадамд хэрэглэх элдэв тахил, тавилгын үнэ, харамжны мөнгийг бэлдүүлдэг. Хошуу хошуунаас 1000 лан гаргаж хутагтын санд өргөдөг ёстой аж. Үүнээс гадна уул тайлгын орон нутгийн наадамд бас үлэмж хэмжээний мөнгийг ардуудаас татварлан гаргасан нь судалгаанаас харагдаж байна.
Дээдэст тал засах явдал бөхийн барилдаанд ч асар хортойгоор нөлөөлж байсны нэг жишээ нь бөхийг гоц мөргүүлэхдээ Богдын шавийн цолтой сайн бөхийг ээлжээр гоц мөргүүлнэ. Үзүүр түрүүнд Богдын бөх үлдвэл түүнийг хүчээр давуулна. (“Гарьд магнай” кинонд тодорхой гардаг) Иймийн тулд хошуу ноёд сайн бөх, сайн морь, сайн уяачаа Богдод өргөн тал засч их хааны нэр дор уралдуулж, барилдуулж, харвуулдаг ёсон байв. Одоо та бүхэнд хамгийн их хөрөнгө мөнгө зарсан даншиг болох бадаргуулт төрийн 22 дугаар оны наадамд зарцуулсан зардлыг толилуулья.
Энэхүү тоо баримтыг дурдахын ялдамд даншгийн ёс дэгээс одоо ч суралцах сайн зүйл их байна. Ихэс дээдсээ хүндлэх, тэр дундаа морь, бөх, сурчдаа маш өндөр зэрэглэлд хүлээн авч, тэдний байр хоол унааны зардлыг тухайн бөх, морь, харваачийн аймаг хошууд бүрэн даадагт гол утга нь байгаа юм.
Одоо бол өндөр цолтой бөхчүүдээ мөнгө төгрөгөөр пүүс компаниуд ивээн тэтгэдэг бол бага цолтой бөхчүүд өөрийнхөө зардал мөнгөөр бэлтгэл сургуульд гарч байгаа нь мэр сэр харагдаж байна. Бас нэг сонин баримт нь Түшээт ханы Дайчин чин вангийн хошуу, Сэцэн хан аймгийн бөхийн сорилгууд бөхчүүдийг хамрагдах хүрээ чансаагаараа тэргүүлдэг байжээ.
Цолыг олгохдоо хүчит амьтан, жигүүртэн, бат суурьтай зүйлээр жишээлж тулгат, шандас, харцага, бүргэд, гарьд, шонхор, начин, заан, арслан, аварга гэх мэт цолыг дэс дараалан олгох болжээ. Үүнээс улбаалан Монголын үндэсний бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр начин, харцага, заан гарьд, арслан, аварга болсон нь бөхчүүдийн барилдааны давааг үнэлсэн сайхан ажил билээ.
Их бат оршил өргөх баярт бөхийн тоо 1088, нижгээдийг давсан бөх 544, хошоотыг давсан бөх 272, гурваадыг давсан бөх 136, дөрөв давсан бөх 68, тавыг давсан 34 үлдэж, зургаа давж шөвгөрөхөд 17 хүнийг Богдод үзүүлэн мөргүүлж өргөх явдал байжээ. Долдугаар үед 16 бөх наймаараа тулалцаж, нэг бөх гоц мөргөнө. Наймдугаар үед найман хүн дөрвөө дээр тулалцаж, нэг бөх гоц мөргөдөг. Найм давсан тэмдэгтэйтаван бөх дөрвөн хошоо дээр барилдаж, нэг бөх гоц мөргөснөөр гурван бөх ес давна. Аравдахь үед хоёр бөх тулж нэг бөх гоцлоно.
Арав давсан тэмдэгтэй хоёр бөх үзүүр түрүү булаацалдан нэг нь 11 давж түрүүлнэ. Иймэрхүү тоо баримт, шагнал урамшууллын хуучны харгуйгаар мөшгөхөд ийм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ