Туркийн цохилт курдуудыг дарахад чиглэгджээ

Сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв нь Турк болон түүний ерөнхийлөгч Эрдоган болоод байна. Турк улс "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой төвийг сахисан байр сууриа эрс өөрчилж Сирийн газар нутгийг хүчтэй бөмбөгдөж эхэлсэн юм. Үүнийг Туркийн нэгэн хотод "Исламын улс"-ын амиа золиослогч бөмбөг дэлбэлж 32 хүн амиа алдсаны дараа эхлүүлсэн. Гэвч энэ явдлыг дэлхийн хэвлэлүүд өөрөөр бичиж байгаа юм.

Туркийн тал “Исламын улс”-тай тэмцэхийн зэрэгцээ Курдистаны ажилчны намын (КАН) зэвсэгт бүлгүүдийг бөмбөгдөж эхэлсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Учир нь Суруч хотод дэлбэрэлт болохоос өмнө Туркийн эрх баригчид КАН-ыг алан хядах ажиллагаанд буруутгаж эхэлсэн нь энэ үйл ажиллагааг эртнээс бэлтгэж байсныг илтгэх аж.

Ингэснээрээ курдууд ерөнхийлөгч Эрдоганыг 2012 онд КАН болон Туркийн засгийн газар хоорондын энхийн гэрээг зөрчсөн хэмээн буруутгаад байна. Туркийн эрх баригчид болон курд үндэстнүүдийг тусгаар улс болгохын төлөө тэмцдэг тус хөдөлгөөний хооронд олон жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар 40 мянга орчим хүн амь насаа алдсан түүхтэй.

Эрдоганы тушаалаар КАН-ын байршлыг бөмбөгдсөний дараа тус хөдөлгөөн цаашид улс төрийн яриа хэлэлцээр хийж, гал зогсоох гэрээг улам бататгах үйл явцыг зогсоосон гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Курдүүдийн улс төрийн хөдөлгөөнүүд өөр өөр зорилго агуулсан байдаг. Тухайлбал, Курдийн өөрийгөө хамгаалах хүчний зэвсэгт бүлгүүд “Исламын улс”-ын алан хядагчидтай байлдаж, АНУ-ын дэмжлэгийг хүлээж байгаа. Харин КАН-ын хувьд “Исламын улс”-тай илэрхий сөргөлддөггүй боловч дэмжээд байдаггүй. Харин эсрэгээрээ Турк, Сири, Иран, Иракийн нутаг дэвсгэрт хуваагдсан 40 сая курд үндэстнийг нэгтгэж ирээдүйн Курдын бүгд найрамдах улс байгуулахыг зорьж ажилладаг.

КАН-ын хөдөлгөөнд хамгийн эмзэг ханддаг улс бол Турк. Иракын хувьд АНУ-д эзлэгдсэн, "Исламын улс" бүлэглэлд талхилагдаж байгаа зэргээс болоод улсынхаа цөөнхтэй холбоотой асуудалд төдийлөн оролцох тэнхэлгүй яваа улс. Харин Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын хувьд курдуудыг нэгтгэхийг мөн эсэргүүцэж хүчээр барьж байдаг боловч цөөнгүй жил үргэлжилж байгаа иргэний дайны улмаас нутгийнхаа хойд хэсэг дэх нутаг дэвсгэрийг бараг хяналтаасаа алдсан.

Тэгвэл сүүлийн үед болсон үйл явдлуудаас харахад Туркийн эрх баригчдын зүгээс Сирийн нутгийг бөмбөгдөж эхэлсэн нь жихадистуудтай тэмцэх биш харин курдүүдийг сулруулах зорилго агуулсан гэдэг нь тодорхой болсныг “Economist” сэтгүүлд бичсэн байна.

Курдүүдийн тосгоныг бөмбөгдсөнөөр Турк дахь курдуудын талыг баримтлагч сөрөг хүчний Ардын ардчиллын намын дэмжлэгийг сулруулах боломжтой ба Эрдоган тус намаас парламентад сонгогдсон хэд хэдэн гишүүнийг алан хядах ажиллагаанд буруутган шүүхэд өгөх бодолтой гэдгээ илэрхийлсэн аж.

Туркийн эрх баригчид “Исламын улс” бүлэглэл хүчирхэгжихэд тодорхой үүрэг гүйцэтгэснийг Английн “Гуардиан” сонинд бичиж байв. Тухайлбал, исламистууд өөрсдийн эзэлсэн нутгаас олборлосон газрын тосыг Туркд хямд үнээр нийлүүлж, тус улсын тусгай албад хариуд нь зэвсэг, тусгай хэрэгсэл нийлүүлж байсныг илтгэх олон баримт нотолгоо байдаг.

Үүнээс болж Туркийн тусгай албад болон хил хамгаалах байгууллагын хооронд үүссэн зөрчилдөөний тухай мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан юм. Энэ бүгдээс үзэхэд Туркийн эрх баригчид Исламын улстай тэмцэх дуулианыг ашиглан КАН болон курдүүдийн хөдөлгөөнийг нэг мөсөн дарж авахыг зорьсон бололтой.

Энэ бүхний үр дүнд Турк улсыг бас нэг Пакистан болж хувирах хувилбарыг барууны орнуудад дэмжих магадлалтай юм. НҮБ-аас хүртэл Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганд хандан энгийн номхон иргэдийн амь насыг хөнөөж байгаа явдлаа зогсоохыг уриалсан мэдэгдэл гаргаад байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ