Турк Путины дургүйцлийг дээд зэргээр хүргэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Умит Ярдымыг дуудаж ихэд уурссан тухай, Сирийг "Том Сталинград болгож чадна шүү" хэмээсэн тухай гадаадын хэвлэлүүд шуугиж байна.

Дэлхийг донсолгоод байгаа энэ яриаг "Москва Таймс" олон нийтэд анхлан цацсан байна. Турк Улс энэ цаг мөчид "Исламын улс" бүлэглэлийн байрлалд агаарын цохилт өгөх нэрийдлээр Сирийн нутгийг хайр найргүй бөмбөгдөж байгаа. Хэвлэлүүдийн бичиж буйгаар Туркийн онгоцнуудын хаясан нэг ч бөмбөг "Исламын улс"-ын хяналтад байгаа газар нутагт унаагүй бөгөөд харин эсрэгээрээ Сири дэх курдуудын, тус улсын ерөнхийлөгч Башар Ассадын мэдэлд байгаа томоохон зангилаа байрлалуудыг бөмбөгдөж байгаа аж.

Үүнийг нь Туркийн ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган "Исламын улс"-ыг дарах нэрийдлээр салан тусгаарлах эрмэлзэлтэй курдуудыг нэгмөсөн дарж авах, хажуугаар нь сандал ширээнээс нь буулгахыг удаан хугацаанд оролдож ирсэн Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын хүчинд томоохон цохилт өгөх замаар давхар туулай буудахаар оролдож байна хэмээн олон улсын шинжээчид тоймлож байгаа.

Тэгвэл Сири улсын ойрын холбоотон ОХУ-ын ерөнхийлөгч сүүлийн өдрүүдэд болж буй зүйлийг зүгээр хараад сууж тэвчсэнгүй бололтой. Орост суугаа Туркийн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Умит Ярдымыг дуудаж уулзангаа ихэд уурсан "Танай улс Сири болон Ирак, Йемен дэх Аль-Кайдагийн террористуудыг дэмжиж байна. Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган эсрэгээрээ Сирид үйл ажиллагаа явуулдаг "Исламын улс" бүлэглэлийг дэмжиж байна" хэмээн Туркийн гадаад бодлогыг буруушаасан тухай Москва Таймс мэдээлсэн байна. Харин үүний хариуд Туркийн элчид сайд ч Сирийн одоог хүртэл үргэлжилж байгаа иргэний дайнд Оросын талыг буруутгасан үгс хэлжээ.

Эцэст нь ерөнхийлөгч Путин "Тэгвэл та өөрийн дарангуйлагч Ерөнхийлөгчдөө ингэж дамжуул. Тэр өөрөө Сири дэх "ISIS"-ийн алан хядагчидтайгаа хамт тамд очиж магадгүй шүү. Яагаад гэвэл, танай Эрдоган ба Адольф Гитлерээс ч хорлонтой түүний хамсаатан Саудын Арабын холбоотнуудад чинь Сирийг бүхэлд нь том Сталинград болгож хувиргахаас өөр зам надад алга" гэж хашгирсан тухай Москва Таймс онцолсныг олон улсын олон хэвлэлүүд уламжилж байна.

"Танай Ерөнхийлөгч хоёр нүүртэй. Нэг талаас ардчиллын төлөө гэж Египетийн цэргийн эргэлтийг хурц шүүмжилдэг, нөгөө талаас Сирийн Ерөнхийлөгчийг түлхэн унагаахыг оролдсоор байгаа дээрэмчдийн бүх террорист үйл ажиллагааг цайруулж байна. Манай улс Сирийн хууль ёсны төр засгийг үргэлж дэмжсээр байх болно. Сирийн эцэс төгсгөлгүй иргэний дайныг зогсоох улстөрийн шийдэл олохын тулд өөрийн холбоотнууд Иран, Хятадтай хамтран ажиллана" гэж Путин нэмж хэлсэн байна.

Оросын ерөнхийлөгч болон Туркийн элчин сайдын хооронд болсон яриаг Москва Таймс ямар аргаар олж авсан болон ямар ч цензургүй нийтэлсэн нь гайхал төрүүлэхээр.

Мөн энэ тухай Туркийн дотоодод ч гэсэн бүх сонин хэвлэлүүд нь шуугиж байгаа тухай бичиж байна. Ер нь Турк улсын сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа гадаад бодлого тун аюултай галаар наадаж эхэлсэн болохыг олон улсын ажиглагчид тэмдэглэж байгаа.

Иран, Ирак, Сири, Туркийг дамжсан курд үндэстний эсрэг аймшигтайгаар хүч хэрэглэнэ гэдэг 40 жил үргэлжилсэн Туркийн дотоод дахь иргэний дайныг дахин өдөөх төдийгүй Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг улам өдөөсөн хэрэг болох юм. Улмаар дээр дурдсанчлан Сирийн засгийн газрыг идэвхтэй хамгаалагч нь байсаар ирсэн ОХУ-ын дургүйцлийг хүргэж магадгүй цэргийн хүч хэрэглэхэд ч хүргэж мэдэх юм.

Турк ОХУ-ын хувь түүхийнхээ олон зууны туршид дайн мөргөлдөөнд хүрч байсан түүхтэй. Оросын өмнөдөд байнга санаархаж дэлхийн 1, 2-р дайнд эсрэг талд нь зогсож байсан юм. Тиймээс энэ хоёр улсын гадаад харилцаа түүхийнхээ хувьд ээдрээтэй байсаар ирсэн. Одоо ч НАТО-гийн гишүүн оронд Турк багтаж явдаг.

Нэмж дурдахад ОХУ-ын цорын ганц тэнгисийн цэргийн бааз Сирийн харьяаны Газар дундын тэнгисийн хэсэгт байрладаг. Тиймээс ОХУ-ын Ойрхи Дорнод дахь цорын ганц ойрын холбоотой гэсэн үг. Тэгвэл Путин энэ холбоотноо ямар ч үнэ цэнээр хамаагүй хамгаалах нь тодорхой.

Тиймээс Туркийн ерөнхийлөгч галаар наадаж эхэллээ гэдэг нь ч яах аргагүй үнэний ортой болж байгаа юм. Сүүлийн үед Оросын цэрэг армийн нөлөө бүхий эрхмүүд ч Сирид цэрэг буулгах сэдэвтэй үг яриа хэвлэлд өгөх болсон. Жишээ нь Оросын Агаарын десантын анги нэгтгэлийн командлагч, хурандаа генерал Владимир Шаманов "Сири улсад террористуудыг устгахад манай Оросын десантчид туслахад бэлэн. Хэрэв манай орны эрх баригчид ийм даалгавар өгвөл бид гүйцэтгэнэ. Орос, Сирийн хооронд эртний найрамдалт харилцаатай. Түүнчлэн Сирийн олон мэргэжилтэн, цэргийнхэн ЗХУ, Орост боловсрол эзэмшсэн" гэж В.Шаманов мэдэгдсэнийг "ТАСС" дамжуулсан юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ