Малайзын ЗГ онгоцны ослыг нууж, төөрөгдүүлсэн гэв

Сураггүй болоод бүтэн жилийн нүүрийг үзэж байгаа Малайзын МН370 онгоцны хэрэг дахин шуугиан дэгдээгээд байна. Сураггүй болсон онгоцонд зорчиж явсан хохирогчдыг албан ёсоор нас барсан гээд Малайзын засгийн газраас зарлачихсан байхад хүртэл төдийлөн бухимдалгүй чимээгүйхэн гашуудаж суусан ар гэрийнхэн онгоцны хэсгүүд олдож эхлэхэд л жинхэнэ эсэргүүцлээ гаргаж эхэллээ.

Олон улсын эрлийн багийнхан маш их хөрөнгө мөнгө зарцуулж их урт хугацаанд томоохон хэмжээний газар нутгийг хамруулан эрэн хайж байсан Боинг онгоцыг үнэндээ бүр баруун тийшээ бараг л Африк тив рүү явчих юм гэж хэн санах билээ.

Энэтхэгийн далайд орших Францын эзэмшлийн Реюнион арал нь Африкийн Мадагаскар арлын хажууханд оршдог. Тиймээс тэндээс онгоцны далавчны хэсэг олдсоноор л эрлийн багийнхан анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ингээд алга болсон Боинг 777 онгоцных мөн эсэх талаар Францын Тулуз руу шинжилгээнд явуулж шинжилгээний эхний дүнгээр л Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак онгоц осолдсон тухай албан ёсны мэдэгдэл хийн амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм.

Ингэснээрээ Малайзын ерөнхий сайд асар их шүүмжлэлийн бай болон хувирлаа. Хохирогчдын ар гэрийнхэн Нажиб Разакыг хүний дүртэй чөтгөр ч гэж нэрлэж байна. Хамгийн муу хариуцлага Нажиб Разакт бий, түүнд хүн ёсны ямар ч эс ширхэг байхгүй, авлига хээл хахуулийн торонд орооцолдсон, гэмт хэргийн үүр уурхай болсон улстөрч хэмээн Өмнөд Азийн орнуудын сонин хэвлэлд, Хятадад ч бичигдэж байгаа хүн бол Нажиб Разак.

Зорчигчдын ар гэрийнхэний дунд хоёр таамаглал байгаа тухай Хятадын нэгэн сонинд бичигдсэнийг CNN агентлаг дамжуулжээ. Эхнийх нь, Малайзын засгийн газар эхнээсээ л онгоц осолдсоныг баттай мэдэж байсан, олон улсын эрлийн багийнханд гаргаж өгөөгүй нууцалсан баримтууд дунд нь хаа байсан Африк тив рүү онгоц эргэснийг нотлох тэмдэглэлүүд ч байсан гэнэ. Олон нийтийн шүүмжлэлээс эмээсэн Нажиб Разакын шууд тушаалаар эрлийн багийнхныг санаатай төөрөгдүүлж, цөхрөлд хүргэх зорилготой ажилласан гэнэ.

Хоёр дахь таамаглал нь мөн л эхнийхтэйгээ адил. Малайзын засгийн газар ослыг санаатайгаар нуун дарагдуулсан. Дуулиан намжмагц онгоцны хэсгүүдийг ээлж дараагаар Африкийн Мадагаскарын ойролцоох Реюнион арлын орчимд аваачсан. Тэднийг нь нутгийн оршин суугчид олох байдлаар илт далайн эрэгт хаясан, улмаар нэгэнт бүтэн жил гаруй хугацаа өнгөрч ар гэрийнхэн нь хайртай хүмүүсээ амь эрсэдсэн гэдэгтэй эвлэрчихсэн байгаа тул олны зүгээс ирэх гал бага хэмээн тооцоолсон гэх таамаглал бичигджээ.

Үнэн ч бай худал ч бай ямар ч атугай амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд Малайзын засгийн газрыг онгоцны сүйрэлтэй шууд холбоотой гэж хардсан хардлага байсаар байна. Тэдэнд онгоцны хэсгүүд олдсоноос сураггүй алга болсон чигээрээ байх нь илүү сэтгэл санаа нь амар амгалан байх байж. Гэтэл нэгэнт онгоцны хэсгүүд олдоод эхэлсэн нь тэдэнд үнэхээр аймшигтай санагдсан нь лавтай. Ингээд л Малайзын засгийн газраас бодит үнэнийг нэхэж хатуу эсэргүүцэл зарлаж эхэлсэн байна.

Франц руу явуулсан шинжилгээний эхний хариунд яаран мэдэгдэл хийх хэрэггүй гэж сануулсаар байхад Нажиб Разак түргэдсэн нь ямар учиртай вэ. Гэтэл өнөөг хүртэл Францын талаас яаран хариу өгөхгүй байгаа бөгөөд зөвхөн эхний шатны хариу учраас баттай мөн гэж хэлэх боломжгүй хэмээж байгаа юм.

Малайзын тээврийн сайд Лиоу Тионг Лай мөн Реюньон арлаас онгоцны цонхны хүрээ, суудлын дэр зэрэг олдсон тухай дурдаад тэр бүгдийг Францын тал руу шинжилгээнд явуулсан хэмээв.

Гэвч Францын талаас үүнийг үгүйсгэсэн бөгөөд шинжилгээний эцсийн хариуг үндэслэн баттай мөн гэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдээд байна. Ингээд зогсохгүй томоохон хэмжээний эрэн хайх экспедиц Реюнион арал руу Францын талаас илгээсэн байна.

Хоёр талын зөрүүтэй мэдээллийн алинд нь итгэхээ иргэд мэдэхгүй байгаа бөгөөд сүүлдээ Малайзын засгийн газрыг худал хэлж байна гэж сэжиглэх хүмүүс ч гарсаар байна.

Уурлаж бухимдсан иргэд Бээжин дэх агаарын тээврийн байгууллагын гадна жагсаал хийж, үнэн зөв, тодорхой хариу өгөхийг шаардаж байна. Хятадын гадаад хэргийн яамнаас ч Малайз улсыг иргэдийн эрх, ашгийг хүндэтгэн үзэхийг сануулаад байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ