Сенкаку буюу Дайюу арал Хятадынх уу, Японых уу?

Азийн тэргүүлэх гүрнүүд болох Япон, Хятад улсуудын маргааны гол сэдэв болсон Сенкаку арал нэг талдаа шингэх цаг нь ирсэн бололтой. Учир юун гэвээс Япон улсад атомын бөмбөгийн хөнөөлт аюулд нэрвэгдсэн өдрүүдийг тэмдэглэж байх цаг мөчид тус улсын албаны хүмүүс Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард суусан мэдээлэл цацагдаад байна.

Хятад, Японы талууд Сенкаку буюу Дайюу арлын эзэн хэн нь болох талаар эртнээс сөргөлдөж ирсэн сэдвийг цэглэхээр чармайж байгаа аж. Ингэхдээ Сенкаку арлын Тайвань аралтай ойролцоо бүлэг арлуудыг Хятадын талын эзэмшил хэмээн тооцох, улмаар үлдсэн цөөн арлуудыг Японы эзэмшил болгон тохиролцохоор хэлцэж байгаа гэнэ.

Эртнээс хоёр улсын сөргөлдөөний гол талбар болоод байсан энэхүү бүлэг арлуудыг Хятадаар Дайюу гэх ба Японоор Сенкаку хэмээн нэрийдэж ирсэн. Хоёр гүрний булаацалдах болсон шалтгаан нь эртний газарзүйн маргаанаас гадна сүүлийн жилүүдэд нөөц баялаг нь улам бүр нэмэгдэж тооцогдсоор байгаа тус арлуудын ойролцоох байгалийн баялаг юм.

Энэхүү арлуудын ойролцоо усан дор их хэмжээний газрын тос, байгалийн хий байгааг тогтоосон нь арлуудын эзэн болох өрсөлдөөнийг улам нэмсэн юм.

Харин одоогийн байдлаар хоёр улс эерэгээр зөвшилцөж бүлэг арлуудаа хуваан эзэмшихээр тохиролцоод байгаа гэнэ. Гэхдээ энэ ажил тийм амархан шийдэгдчихгүй бололтой гэнэ. Учир нь Хятадын дотоодод ч энэ ажил ширүүн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна. Хятадууд эртнээс энэ арлыг манайх хэмээн үзэж нэг сөөм ч хадан цохиог Японы талд өгөх хүсэлгүй байдаг. Тэгвэл Японы нийгмийн идэвхтнүүд ч уламжлал ёсоор энэ аралтай холбоотой ямар нэгэн яриа хэлэлцээрийг дэмждэггүй эсэргүүцдэг.

Үүнээс гадна арлуудын дор байгаа байгалийн баялгийн хэмжээг нарийн тооцож тогтоосноор аль арлыг хэн нь авахаа шийдэх тул магадгүй нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдаж ч мэдэх аж.

Ямартай ч Номхон далайн бүлэг арлуудаас болж Азийн хоёр гүрэн сөргөлддөг асуудал ойрын хэдэн жилдээ намжихаар төлөвтэй боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ