Ж.Золбоо: Бөмбөр бол бүх хөгжмийн удирдаач

Танд зориулж тэр бүр хэвлэлийн баатар болоод байдаггүй нэгэн хүнийг бид зочноор урин сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын томоохон төлөөллийн нэг бол Никитон хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо юм.

-Танд нарлаг зуны өнгөлөг өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач.

- Танай хамт олонд болон уншигч, сонсогчиддоо мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Жанцангийн Золбоо гэдэг. Би 82-р сургуулийг 1993 онд төгсөөд, МУИС-ийн Сэтгүүлзүйн ангийг дүүргэсэн. Утга зохиолын багш мэргэжилтэй.

-Урлагт хэрхэн анх хөл тавьсан тухайгаа дурсах уу?

- Би хоёрдугаар ангид байхдаа анх хүүхдийн ордонд Батболд багшийн шавь болж, “Цэцэг” хамтлагийн соло гитарчнаар тоглож эхэлсэн. Харин 18 наснаасаа хойш одоо 22 жил бөмбөр тоглож байна даа.

-Яагаад гитараа биш бөмбөр тоглох болсон юм бэ? Уг нь гитар илүү уянгалаг хөгжим санагддаг юм.

- Тайзан дээр амьд тоглолт тоглогдож л байгаа бол тэр тоглолт хэр эмоцитой сайхан болохыг шийддэг хөгжим бол бөмбөр. Гитар нээх гоё харагддаггүй юм аа. Бөмбөр бол тайзан дээр хамгийн нүсэр харагддаг, бас чанга дуутай байсан болохоор бөмбөрт илүү дурласан. Бөмбөр бол бүх хөгжмийн удирдаач гэж болно.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

-Манай аавыг Жанцан гэдэг. Цэргийн мундаг хүн бий. Надад ямар нэг зүйлд тууштай тэмцэгч байхыг сургасан хүн дээ. Манай ээжийг Д.Буянхишиг гэдэг. Хөгжим бүжигттөгөлдөр хуурын багш байсан. Манай аав, ээж, өвөө, эмээ бүгд багш. Уг нь аав, ээжийн талынхан бүгд бөхчүүд байдаг. Намайг бөх болгоно гэдэг байсан гэсэн. Бадамсэрээжид хурц арслан манай ээжийн төрсөн ах. Уг нь би бас хэр баргийн хүнийг аваад шиднээ. /сурв. инээв/

- Та одоогоор ажиллаж байна уу, амарч байгаа юу? Ер нь урлагийнхан хэдийгээр амрах боломжтой байдаг вэ?

- Би ерөнхийдөө амралтын байдалтай байна. Урлагийнханд тогтсон амралтын хугацаа гэж байдаггүй. Өөртөө л амралт өгч, ажлаа завсарлаж байхгүй бол ажиллаад л байна. Гэхдээ дуртай юм болохоороо хувийн юмаа хаяаад хэдэн хэнгэрэгээ чирээд л гүйнэ шүү дээ. Амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ хөдөө, эсвэл гадагшаа газар үзэж явдаг. Мөн гэр бүлээрээ зусландаа очоод утсаа унтраачихаад амарна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Урлагийнхны амьдрал ээдрээтэй гэдэг. Таныг ойлгож чаддаг тэр гайхалтай эзэгтэйг танилцуулах уу?

-Миний гэргийг А.Алтанцэцэг гэдэг, хуульч хүн. Бас хөөрхөн дуулдаг юм. Бид 7-10 настай хоёр зулзагатай. Манай бага нь хүү, бас бөмбөр тоглох дуртай.

-Таныхаар монголын дуу хөгжмийн урлаг хөгжиж байна уу, хөшүүн байна уу?

-Сүүлийн үед овоо эргээд амьд хөгжмийг сонирхдог болжээ. Урлагийн хөгжил тал дээр нийгмийн байдлаар авч үзвэл зүгээр л тэр урлагт дуртай хүний хувь хүмүүсийнх нь сонирхлын түвшинд л байна. Тэр цөөхөн хүн нь гадагшаа явдаг ч юм уу, өөр ажил эрхлээд явчихвал монголд урлаг байхгүй болно. Шууд унана гэсэн үг. Ийм л эмзэг үед байна.

-Рок, амьд хөгжим гэхээр л хүмүүс их хүнд хүлээж авдаг хэсэг бий.

-Хотжоогүй, нийгэмшээгүй хүмүүсийн л үзэл бодол.

-Амьд хөгжмийг тэдэнд зөвөөр ойлгуулъя гэвэл та юу гэх вэ?

-Ер нь цаг хугацааны асуудал юм даа. Яг хэлд орж байгаа хүүхэдтэй зүйрлэж болно. Хүн шинэ орчин, шинэ бүхэнд суралцаж дасахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Жишээ нь би шууд англиар яриад эхлэхгүйтэй адил.

-Тэгвэл та зохиолын дуу сонсдоггүй юм уу?

-Сонсолгүй яах вэ. Гэхдээ Түмэндэмбэрэл, Банзрагч, Төмөрхуяг гээд л зөндөө сайхан дуучдын дууг сонсдог. Ялангуяа хол замд явж байхдаа тавьж сонсох дуртай.

-Харин хип хоп урсгалыг юу гэж боддог вэ?

-Гоё шүү дээ. Татар, Люмино, Гайс донжтой шүү.

Бидний яриа улам халуун өрнөж эхлэв. Аливаа улс орны ухамсар,хөгжил яах аргагүй тэр улсын урлаг соёлын хөгжилтэй салшгүй холбоотой гэдэг. Тиймээс бид нийгмийн сэдвийг хөндөн илүү сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Хоёулаа сэдвээ урлагаас түр холдуулъя. Олон улс орноор аялсан хүний хувьд энэ нийгмээ юу гэж дүгнэж байна вэ? Их эмзэглэж, ингэчих юмсан гэж бодож явдаг зүйл?

-Ихэнх хүмүүс эх орноо сайхан байлгах гэж хичээхгүй байгаа нь их ажиглагддаг. Саяхан гэхэд л Хөвсгөлийг зорин тэр олон очоод буцахдаа хүн гишгэх зайгүй шахам бие зассан, хог хаясан байсан. Энэ мэтээр сэтгэл дутуу зүйл их байна.

-Таныг улстөр хэр оролдож байна вэ?

-Улстөр зүгээр байгаа хүнийг улстөр лүү өөрийн эрхгүй оруулж байдаг. Яагаад гэхээр тэнд уг нь буруу алхам хийх эрхгүй хүмүүс байх ёстой. Гэвч тийм хүн маш ховор байна. Нийгмийн сэтгэхүйг хааш чиглүүлэх нь улстөрчдийн гарт байдаг. Тэд нийгэмд юу дутагдаад байгааг хийхгүй, дэмжих ч үгүй байна. Одоо монголчууд зөвхөн ашгийн төлөө уралцаад л байгаа.

-Залуусыг туршлагагүй гэх байдлаар дэмжих нь ховор. Гэтэл бас хөгширсөн гэж голох шалтаг бий. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бол, энэ талаар бодож байв уу?

-Энэ шалтаг бол зүгээр л халхавч. Ардуур нь фракцын танил талын ашиг сонирхол явж байгаа нь илт. Ер нь нийгэмд хэрэгтэй юмыг жижиг гэлтгүй дэмжих хэрэгтэй. Хүнд тэр бүр анзаарагддаггүй мөртлөө хэрэгтэй юмыг хийж байтал аяндаа нийгмийн сэтгэхүй өөрчлөгдөж байдаг.

-Хүнийг урлагаар хүмүүжүүлдэг. Гэтэл одоо мөнгөгүй бол урлагт ойртох боломж хязгаарлагдмал болоод байна уу даа?

-Одоо урлаг соёлыг бидний үе л хийхгүй бол сөнөх, байхгүй ч болчих асуудал байгаа. Бид муу, сайн хэлүүлсэн ч дуугаргаж байхгүй бол дан хэдэн зохиолын дуучинтай улс болоход тун ойрхон байгаа. Тэдний буруу ч гэж юу байх вэ. Нэг нутгийн дуу дууладахвал тэр нутгаас гарсан УИХ-ын гишүүн ч юм уу, даргын ивээлд орж магад гэж яваа.

-Гол нь энэ асуултыг яагаад тавиад байна вэ гэхээр манай хүүхэд залууст чөлөөт цагаа өнгөрөөх газар бараг байхгүй гэж болно. Тэгэхээр энэ асуудлыг таныхаар юу гэж харж байна вэ?

-Би нэг сонин юм ярьж өгье. Гэхдээ их товчхон ярья л даа. Англи улс нэг үе маш бүдүүлэг, муухай байсан гэж байгаа. Төрийнхөн нь ямар ч хууль гаргаад чангалаад нэмэр болох нь битгий хэл улам аймаар хэрэг төвөг гарч, их хэцүү болжээ. Тэгээд яах учраа олохгүй байж байтал нэг мэргэн санаа олов. Ерөөсөө урлаг соёлоо хаячихсан байсан гэдгээ ухаарч, түүнийгээ дэмжээд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулаад эхэлсэн байна. Ингээд л өнөөгийн соёлт гүрэн Англи болсон гэж байгаа. Тэгэхээр хүний тархины гэгээлэг хэсгийг нээвэл хүн юмсыг хайрлах сэтгэл аяндаа бий болдог юм. Манайхан ч мөн энэ гарцаар явах боломж бий.

-Таны бахархал? Мэдээж хүн бүр эцэг, эх, эх орноороо бахархдаг. Үүнээс арай өөр бахархал тань юу вэ?

-Би ямар нэгэн зүйлд зорилго тавьчихаад зүтгэж байгаа монгол хүнийг хараад үнэхээр баярладаг. Тэр зорилгодоо хүрчихээд инээгээд зогсож байгаа монгол хүнээр өөрөө тэгчихсэн юм шиг л бахархдаг.

-Эргээд таны тухай яриандаа орцгооё. Бөмбөрчин хүний хувьд танд хувийн цуглуулга байгаа биз?

-Надад нийт 5 amati 5 бөмбөр байгаа. Amati бөмбөр нь миний анх худалдаж авч байсан бөмбөр. Түүнийгээ 1000 төгрөгөөр авч байлаа.

-Олон жил урлагт зүтгэсэн таны гавъяа шагнал их байх?

-2013 онд Соёлын тэргүүний ажилтан болсон. Саяхан Алтан гадас гэдэг медалиар шагнууллаа.

-Та хэр ичимхий вэ? Таныг нэлээд дуугүй гэж дуулсан.

-Би гайгүй байх аа. Ичих юмнаасаа ичнээ. Харин хүний өмнөөс ичих их хэцүү юм билээ.

-Таны хамгийн их хүндэтгэн биширч явдаг хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-“Цэцэг” хамтлагийнхны их багш Батболд багшийгаа л хамгийн их хүндэтгэж явдаг.

Бас “Соёл-Эрдэнэ”, “Харанга” хамтлагийн Цоомоо, Пүүжээ хоёр ахыгаа тоглож байхыг нь харахаар урам зориг орж, самсай маань шархирдаг юм.

-Таны хойч үе хэр бэлтгэгдэж байна вэ? Та шавьтай юу?

-Үе үе л сүрхий юм заагаад өг гээд л хүн яридаг юм. Тэгснээ таг болчихдог юм. Миний ч бас хүнд юм заагаад суух зав цаг муухан байдаг. Мөнхөө гээд залуу нэлээд удаан явсан. Одоо гадагшаа явсан гэсэн. Эрдэнэтийн нэг залуу шавь оръё гэсэн байгаа. Уулзалдаж чадахгүй л явна. Одоо ч тэгээд интернэтэд хүссэн бүх юм байдаг болж дээ.

-Та гэртээ мэдээж бөмбөрөө тоглодог байх. Хөршүүдээс гомдол их ирдэг үү? Эхнэр тань хүртэл ямар нэгэн байдлаар хааяа үг хэлнэ биз?

-Би зуслан дээрээ бөмбөрөө зоочихсон байдаг. Амрах гээд очихоороо дуртай хөгжмөө тавьж байгаад л ганцаараа кайф авна шүү дээ.

-Та бид хоёрын яриа нэлээд сонирхолтой өрнөлөө. Бидэнтэй нээлттэй ярилцаж, сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч мөн баярлалаа. Миний ярилцлагыг уншсан уншигч, сонсогч ард түмэндээ баярлалаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ