Орос цэргүүд яагаад Сирид буухгүй вэ?

Сүүлийн үед өрнөдийн болон ОХУ-ын хэвлэлүүдээр хит болж буй гол мэдээлэл бол манай хойд хөршийн цэрэг Сирид орж магадгүй гэсэн таамаглал. Ингээд энэхүү мэдээлэлд зөвхөн нэг талыг барьж хандах бус бодит байдалд шинжилгээ хийж уншигчдадаа хүргэж байна.

Сирийн одоогийн нөхцөл байдал

Яг өнөөдрийн байдлаар Сирид Засгийн газрын мэдэлд байдаг газар нутгуудаар харьцангуй тайван байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд Сирид сөргөлдөгч Башар Ассадын засгийн газар ба сөрөг хүчин гэсэн хоёр тал л хоорондоо тулалдаж байсан бол өнөөдөр байдал их өөрчлөгджээ.

Сирийн газар нутагт "Исламын улс" бүлэглэл хүчтэй ноёрхох болсон тэдний эсрэг засгийн газрын цэргүүд ч тулалдаж сөрөг хүчнийхэн ч мөн хяналтдаа байгаа хот суурингуудыг алдахгүйн тулд тулалдаж байна.

Мөн Туркийн эсрэг бэлтгэгдэж байгаа хэдий ч үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Сирид байрладаг курдын салан тусгаарлагчид "Исламын улс"-ын эсрэг тулалдахаас аргагүйд хүрчээ. Энэ хавар л гэхэд Туркийн хилийн ойролцоох Кобани хот курдууд болон алан хядагчдын хооронд болсон тулааны гол талбар болсон юм.

Тэр үед НАТО-гийн нэр дээр Америкийн онгоцууд Кобани хотын ойр орчмыг курдуудэд туслах үүднээс бөмбөгдөж байлаа.

Тиймээс Башар Ассадын цэргүүдийн хувьд харьцангуй амсхийсэн байдалтай цаг хугацаа өнгөрч байгаа аж. Нүүрлэсэн ширүүн тулалдаануудыг бодвол шүү дээ. "Исламын улс" ч дэлхий нийтийн анхааралд орж Сирийн дарангуйлагч Башар Ассадыг мартаж орхисон.

Тэгвэл одоо Туркийн Инжирлик агаарын баазад америкчууд нэлээн хүчирхэг цохилтын бүлэглэлээ илгээгээд тэд нь эхнээсээ Сирийн тэнгэрийг чиглэн нисэж эхэлжээ.

Харин одоо өрнөөд байгаа дуулианы гол сэдэв болсон Америкийн онгоцууд Сирийг бөмбөгдөхдөө чухам хэнийг онилж бөмбөгөө шидэх вэ гэдэг олон улсын анхааралд ороод байна.

Өмнө нь Сирийн засгийн газрыг бөмбөгдөж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаад эхэлсэн, араас нь Туркийн онгоцууд Сирийн дээгүүр "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх нэрийдлээр ихэд гүнзгий нэвтэрч байгаа, курдын энгийн номхон иргэдийг хайр найргүй довтолж байгаа зэрэг мэдээллийг ОХУ ихэд эмзэглэн хүлээж авсан үйл явдлууд өрнөсөөр байгаа.

Ингээд Туркийн элчин сайдыг В.Путин дуудаж уулзан ихэд уурссан тухай мэдээлэл Ерөнхийлөгчийн өргөөнөөс хэвлэлүүд хүртэл гайхалтай хурдтэйгаар цацагдаад байсан.

Орос цэргүүд Сирид буух уу

Путин Сирийг хамгаалахад хэзээд бэлхэн байгаагаа илэрхийлж яаж ч уурссан Америкийн онгоцууд НАТО-гийн гишүүн орны хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашигладаг Туркийн Инжерлик баазад ирчихээд байна. Ф52 бөмбөгдөгч, тийрэлтэт онгоцуудаас гадна дэмжлэг үзүүлэх цохилтын бүлэглэл ирсэн гэж байгаа. Крымийг ОХУ өөртөө нэгтгэсэн, Украины нөхцөл байдал зэргээс шалтгаалаад ОХУ, АНУ-ын харилцаа ойрын 20 жилд байгаагүйгээр муудчихаад байгаа нь үнэн. Сирийн сөрөг хүчнийхнийг зэр зэвсгээр хангадаг нь үнэний ортой байж мэдэх ч арай ч Дамаскийг Америкийн онгоцууд бөмбөгдөх дээрээ тулахгүй хэмээн та бодож байгаа байх. Таны бодол ч зөв болов уу.

Гэхдээ Путин Сиритэй холбоотой өөрийн байр сууриа хэвлэлүүдээр тараасан, Туркийг ил цагаан шахам заналхийлсэн байхад америкчууд дуугүй сууж байвал оросуудын дараагийн нүүдэл бүр ч хүчтэй гарч ирнэ гэдгийг тэд мэдэж л байгаа.

Тиймээс ч америкчууд холбоотон Туркийг зэмлэх нь бүү хэл өөгшүүлж, зэвсэг хэрэгсэл нэмж аваачаад байгаа юм.Үнэндээ сүүлийн үед "алив Сирид очиж анд нөхдөө хамгаалья л даа" хэмээн дотоодын хэвлэлүүддээ ярилцлага өгөөд байгаа Оросын генералууд ч тэр АНУ-тэй нүүж байгаа Путины нэг өрөг юм. Америкчууд Сирийг бөмбөгдөх зориг байхгүй гэдгийг Путин ч мэдэж байгаа, оросууд ч Ойрхи Дорнод дахь ганц холбоотон гээд Сирид цэргээ оруулах дээрээ тулахгүйг цаадуул нь ч гадарлана.

Харин Туркийн алхам арай л түргэдчихэв үү гэмээр. Ерөнхийлөгч Эрдоган Ойрхи Дорнодын нөлөө бүхий гол тоглогч. Түүнийг "Исламын улс"-д нууцаар зэвсэг хэрэгсэл өгч хариуд нь газрын тос зэрэг хэрэгтэй зүйлсээ наймаалцдаг гэдэг.

Үүнийгээ ч баталж байна уу гэлтэй Туркийн онгоцууд "Исламын улс"-ын эсрэг гэчихээд Курдын Ажилчны намын харьяанд байгаа хот суурингуудыг хайр найргүй бөмбөгдөж байна.

Курдуудэд туслаад байсан нөгөө америкийн онгоцууд энэ удаа бараг тэдний толгой дээр Туркийн онгоцуудтай хамт эргэлдэх ч ойрхон болсон бололтой . Өнөөдрийн Ойрхи Дорнод байдал нэг иймэрхүү. Байгаа нөхцөл байдалд нь их гүрнүүд тохирсон нүүдлүүдээ хийсээр л.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ