Монхор үрээ алдсан ч Монголтойгоо байхад болно доо

Монголчууд бид сүүлийн үед хоорондоо их талцаж, хуваагдаж, хагарч бутрах болж. Тухайлбал хөдөөнийх хотынх, халх дүрвэд, монгол казак, монгол буриад, цэвэр монгол хужаагийн эрлийз, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй гээд тоочоод байвал дуусахгүй нь... харамсалтай юм.
Цагтаа Азийн цээжинд хүчирхэг гүрнийг цогцлоон босгоод улмаар тухайн үеийн газарзүйн ойлголтоор бараг дэлхийг бүхэлд нь захирч нэгтгэж, шинэчлэж байснаа жижиг ханлиг, ванлиг болж өөр хоорондоо муудаж хагарч бутраад Манж Чин улс, дараа нь коммунист Зөвлөлтийн эрхшээлд хэдэн ч жил "зовов" доо.
Түүхийн сурвалжаас харахнээ гол шалтгаан нь бие биенийхээ дээр гарах гэсэн дотоодын зөрчил, түүнийг дэвэргэж овжин ашигласан гадныхан л хожсон. Азаар халх монголчууд нь хэдэн мянган хүнээ алдан барин байж одоо тусгаар улс болчихоод өөрийн эрхэнд "зовж" яваа ч, өвөрмонгол буриад тува гээд тал нь одоо ч бусдын эрхэнд "жаргаж" л явна. Гэхдээ энэ бол арай өөр асуудал л даа.
Монгол хүн гэж яг ямар хүн байх ёстой юм? Бид бусдаас юугаар өөр юм, юу бидний бахархал юм гэхээр юу гэж хариулдаг вэ?
Япон хүн гэхээр шууд толгойд самурайн ёс суртахуун, үнэнч шударга, хариуцлагатай байдал гэж шууд буудаг шиг Монгол хүн гэхэд буух тэр л зүйлийг гаргах гээд чадан ядан түүртээд байна л даа.
Язгуур монгол чанараа алдчихсан ардчиллын үед бүх дэлхий даяарчлагдаад барууны болон гадны асар их соёлын дайралтад хэдэн талаасаа довтлуулаад бүүр ч хэцүүхэн болж байна доо. Жинхэнэ монгол хүний язгуур чанараа бид өөрсдөө үүх, түүхээсээ, зан заншлаасаа, үндэсний язгуур соёл урлагаасаа, нүүдэлчин ахуйгаасаа л ухаж, хөөж олж авахаас өөр аргагүй. Захын жишээ татахад л хүүхдэд цээрлэх зургаан зүйл:
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул гэх.
Мөн монгол эр хүний тухай дурдахдаа:
(...Монгол эр хүн бүр хүний ёс жудаг, чанар нүнжиг, ариун цагаан сэтгэл, тулх ноён нуруу, чалх чадавхи, эрдэм ухаан, тэнгэрлэг хувь тавилантай байхыг хүсч тэмүүлдэг....
Хулгана, туулай шиг хулчгар, үхэр шиг тэнэг, ноён шиг урваач, нохой шиг шарваач, шаазгай шиг үглээ, бух шиг мунаг, салхи шиг хөнгөн, бэлэн Сэнгээ шиг худалч, илжиг шиг хийморьгүй үлбэгэр муухай араншин, зан чанарыг ёс жудаг, нүнжигтэй сайхан монгол эр хүн үзэн яддаг, үл тэвчдэг билээ. Сайхан монгол эр хүний есөн сайн чанарт ийн өгүүлсэн байдаг.
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв эе, хайр дурлал
5. Эрхэм төгөлдөр ноён нуруу
6. Өмөг түшиг тулгуур болох чанар
7. Хатан зоригт тэвчээр хатуужил
8. Ханилах арга ухаан
9. Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг
Харин муу эрийн есөн шинж гэвэл:
1. Бор дарсанд шунагч
2. Болчимгүй үгэнд автагч
3. Богд Чингэсийн сургаалд тэрслэгч
4. Үйтэн хуарын өнгөнд автагч
5. Үйлийн хэцүүгээс шантрагч
6. Үр хүүхдээ ад үзэгч
7. Үнэнч ханиа гомдоогч
8. Болох, болохгүй хэргийг сэдэгч
9. Мунхаг мунагт автагч гэжээ....
XIII Далай лам Монгол оронд морилоход Чин ван Ханддорж 16 настай хүүгээ түүнд бараа болгон эрдэм ном сургахаар өмнөт хөрш рүү явуулсан байдаг. Далай лам хүүг бараа бологсдынхоо тоонд оруулан Манжийн эзэн хаанд бараалхуулах гэтэл “ёс алдсан” гэдэг шалтгаар үнэндээ монгол амьтай тэрслүү эцэгт нь гэсгээл үзүүлэх зорилгоор хөөрхий хүүг хороосон билээ.
Чин ван Ханддорж яаран довтголсоор Бээжинд очиход хайрт хүүгий нь толгойг царанд тавин бүтээгээд үүцээр зочилж буй дүр эсгэн даажигнасан аж.
Тэрхүү агшинд вангийн цээж давчдан зүрх нь өмөрч урагдаж байсан ч “Өө энэ чинь та нарын үүц байна. Би андуурч” гээд “Монхор үрээсээ хагацах хичнээн хэцүү ч монголоо алдаагүй цагт болноо хө” гэж шивнээд ордны үүдийг саван гарсан гэдэг. Чин Ван Ханддоржийн энэ эрэлхэг намба төрх, сэтгэлийн хатан хүлээц тэвчээр, төрийн хүний гүйлгээ ухаан, зориг зүрх, хугаршгүй ноён нуруу, нумаршгүй цөлх хатуужил зөвхөн монгол эр хүний л цусанд байдаг ажгуу...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ