Хойд Солонгос Хятадтай нээлттэй харилцахад бэлэн

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тусгай төлөөлөгч БНХАУ-д айлчилж байгаа. Энэ айлчлалын эхний гэж хэлж болохуйц томоохон үр дүн гарсан нь “Хойд Солонгосын тал Хятад улстай бүх талаар нээлттэй харилцаа хийхэд бэлэн” байгаагаа хэллээ хэмээн Синьхуа агентлаг мэдээлж байна.

Хойд Солонгосын дэд маршал Чои Рён Хэ лхагва гаригт Хятад улсад ирсэн. Түүний энэхүү айлчлалыг дэлхий нийт нэлээд анхаарал тавин ажиглаж байгаа. Учир нь Хойд Солонгосын асуудал сүүлийн хагас жилийн турш дэлхий нийтийгтүгшүүртэй байхад хүргэсэн. Хойд Солонгос, Хятад улсуудын харилцаа муугүй байдаг нь өнөөдрийн уулзалтыг хийх шалтгаан болж байгаа. Худалдааны салбараас гадна улс төрийн харилцаанд нь ямар нэг томоохон саад, таагүй харилцаа байдаггүй.

Хятадын хувьд Хойд Солонгосын талаас гаргаж буй үйлдлүүдийн олонхид нь шүүмжлэлтэй ханддаггүй. Тэр ч бүү хэл Умардынханд хандан НҮБ-аас гаргасан санкц, хоригуудад ч онцгой үүрэг хүлээлгүй ирсэн. Харин хятадын талаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосыг чиглэсэн Умардынхны ойрын зайн пуужингийн туршилтуудад шүүмжлэлтэй хандсан юм. Үүний дараагаар ийнхүү Хойд Солонгосын зүгээс БНХАУ руу тусгай элч илгээх болсон. Тусгай элч Чои Рён Хэ Хятадын нөлөө бүхий улс төрчидтэй уулзаж хоёр орны харилцаа нөхцөл байдлын талаар ярилцсан. Түүнчлэн Солонгосын хойгын талаар ч ярилцсан байна. Гэхдээ уулзалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хараахан дэлгээгүй байгаа. Юутай ч дээрх хоёр улс нээлттэй харилцаа эхлүүлэхэд бэлэн болсон тухайгаа мэдэгдээд байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ