20 гаруй гал сөнөөгчид сураггүй болоод байна

Өмнөд хөршийн Тяньжин хотын боомтод өчигдөр орой 23.30 цагийн үед дараалсан хүчтэй дэлбэрэлт болж, 400 гаруй хүн бэртэж 17 хүн амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл амиа алдагсдын тоо 45-д хүрээд байна.
Дэлбэрэлт асар хүчтэй байсан тул ойр хавийн үйлдвэрийн агуулахууд бүгд өртсөн, контейнерууд шидэгдэж их хэмжээний гал гарсан байна. Ослын газарт 100 гаруй галын машин ажиллаж галыг унтраахаар ажиллаж байгаа боловч гал сөнөөгчдийн 20 гаруйтай нь холбоо тасарсан байна.
Дэлбэрэлтийн улмаас хэдэн зуун хүн хүчтэй долгионд сүйдсэн байшингийн цонхны шилэнд зүсэгдэх зэргээр шарх авчээ. Дэлбэрэлтийн төв хэсгээс 2 км-ын зайтай орших олон арван байр эвдэрч, 1000 орчим машин шатсан байна.
Хүчтэй салхинд тархаж буй галын улмаас дахин дэлбэрэлт гарч магадгүй гэж үзэж байгаа учир боомтын ойролцоох дүүргийн хүмүүсийг нүүлгэж эхлээд байна. Түүнчлэн сэтгүүлчдийг галын голомтод 10 км-ээс дотогш оруулахгүй байхыг хатуу анхааруулжээ.
Хотын цагдаагийн албаныхан хүмүүсийг нүүлгэх, аврах, эрлийн ажилд дайчлагдаад байна. Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг усаар унтраах нь химийн урвал үүсгэх аюултай учир эхлээд химийн бодисыг бүрэн шатаж дуусгахаар төлөвлөжээ.
Хятадын газар хөдлөлтийн албаны мэдээлснээр өчигдөр орой болсон цуврал дэлбэрэлтийн эхнийх нь 2,3 магнитуд, 30 секундын дараа гарсан хоёр дахь дэлбэрэлт нь 2,9 магнитудтай буюу 21 тонн тротилийн дэлбэрэлтийн хүчтэй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ