Г.Дэнзэн гэрээслэл бичиж, өмгөөлөгчдөө дамжуулжээ

АТГ-аас Г.Дэнзэнг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн шалгаж буй юм.

Түүнийг хорьж шалгах хоёр сарын хугацаа өнгөрсөн долдугаар сарын 20-нд дууссан бөгөөд дахин нэг сар хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж, өнөөг хүртэл зогсоогоогүй байна.

Уг нь түүнийг эмчийн дүгнэлтээр өлсгөлөн зарлаж болохгүй, сахарын өвчинтэй учраас хүндэрнэ гэсэн байдаг ч үүнийг үл тоон өлсгөлөн зарласан тэрбээр хоёр ч удаа ухаан алдаж, бүр комын байдалд орсон, хүний үйлдэлд хариу үйлдэл үзүүлж чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Тэгвэл Г.Дэнзэнг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эргэж очин, биеийн байдалтай танилцсан байна. Одоогоор Г.Дэнзэнгийн бие маш хүнд байгаа бөгөөд хоёр хөл, толгойгоо дааж чадахгүй, дуу нь цаашаа орчихсон, хүний хэлж ярьж байгаа зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ их удаан болсон байгаа аж. Үүнээс гадна тэрээр гэрээслэл бичсэнээ Ц.Оюунгэрэл гишүүнээр өмгөөлөгчдөө дамжуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ