Бангкок хотын дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй

Энэ сарын 17-ны 19.00 цагийн орчим Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд дэлбэрсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн шархдаад байна. Энэхүү халдлагад гадаадын дөрвөн иргэн амиа алдсан бөгөөд тэдгээр нь БНХАУ, Филлипин болон Тайванийн иргэд байсныг Тайландын цагдаагийн газраас мэдээлэв. Мөн цагдаагийн газрын мэдээлж буйгаар тэсэрсэн бөмбөгийг шүтээн байралдаг хашааны дэргэд Ратчапрасонг 4 замын уулзвар дээр байрлуулсан байсан бөгөөд түүнээс гадна хоёр тэсрэх бөмбөгийг илрүүлж аюулгүй болгосон байна. Эдгээр тэсрэх зүйлс нь 40 метр радуис дотор бүх зүйлийг устгах чадалтай байсан ажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү халдлагыг зориуд ажил тарах үеэр гадаадын жуулчид олноор цуглардаг гудамжинд зохион байгуулсан нь Тайландын эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг онилж, бусниулах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа юм байна. Тайландын Ерөнхий сайд Прают Чан-о-ча ард иргэдийг тайван байхыг уриалж, уг ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдийг яаралтай олж илрүүлэхийг өөрийн орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд генерал Правит Вонгсувонд үүрэг болгожээ.

Одоогоор уг дэлбэрэлтэд манай иргэдээс өртсөн тухай албан ёсны мэдээ байхгүй байна. Шархадсан иргэдийг 14 эмнэлэгт байрлуулсан бөгөөд зарим нь ухаан ороогүй байгаа тул тэдний хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. ЭСЯ-наас цагдаагийн газар руу цаг тутам утсаар холбогдож мэдээлэл авч байна. Түүнээс гадна, Бангкок хотноо ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цахим шуудангаар хүргүүлсэн болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ