Өмнөд Солонгос Умард руу пуужин харвалаа

Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын тавьсан явган цэрэг эсэргүүцэх минанд өртөж дэлбэрсний дараа өмнөдийнхөн хил дээрх чанга яригчуудаа идэвхтэй ажиллуулж эхэлсэн.

Харин Пхеньяны зүгээс чанга яригчуудаа унтраахгүй бол буудаж устгана хэмээн анхааруулаад байсан.

Энэ ч ёсоор Умард Солонгосын зүгээс хил дээрх чанга яригчууд руу их буугаар буудаж устгасан байна.

Харин хариуд нь Өмнөд Солонгос хойд хөршийнхөө хилийн район руу хэдэн арван бага оврын пуужин харважээ.

Сүүлийн 10 гаруй жилийн турш өмнөдийнхөн хил дээрээ чанга яригч байрлуулж Кимийнхний гэр бүлийн дарангуйллын эсрэг ухуулга сурталчилгааг цацдаг байсан юм. Мөн зурагт хуудас бүхий бөмбөлөг идэвхтэй хөөргөсөөр ирсэн.

Тухай бүрт нь БНАСАУ-ын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд нэг бус удаа ийнхүү харилцан буудалцсан тохиолдлын шалтаг болж байв.

БНАСАУ-ын төв телевизээр зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тухай Ким Чен Ун удирдагчийн тушаалыг уншиж танилцуулсан тухай Ренхап агентлаг мэдээлжээ. Тэгвэл Өмнөд Солонгос ч мөн адил байлдааны бэлэн байдалд армиа шилжүүлээд байгаа аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс төлөөлөгчдөө даруй Сөүл рүү нисгэж хоёр улсын цэргийн мэргэжилтнүүд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байгаа тухай БНСУ-ын телевизүүдээр мэдээлжээ. Буудалцааны чимээ нийслэл Сөүлд сонсогдсон гэжээ.

Учир нь умард руу харвасан пуужингуудыг Сөүлийн ойролцоох хилийн район болох Геонжи аймгаас харвасан гэнэ.

Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдааныг хийлгэж ард нийтэд хандан айж сандрахгүй байх, иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах талаар мэдээлэл хийжээ.

Ким Чен Уны талийгаач эцэг Ким Чен Ирийн засаглалын үед хоёр улсын хилийн дэргэдэх арлын ойролцоо олон цагийн турш их буугаар буудалцаж байдал нэн хурцадмал болж байсныг уншигчид санаж байгаа байх.

Тэгвэл Ким Чен Ун засгийн эрхийг авснаас хойш 2014 оны дөрөвдүгээр сарын 01-нд мөн харилцан буудалцаж байсан юм. Тэгвэл залуу удирдагч ажлаа авснаас хойш ийнхүү хоёр дахь удаагаа солонгосчууд харилцан буудалцаж байна. Нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ