Гитлерийн 300 тонн алтыг олжээ

Польшийн нутагт хоёр иргэн асар их алт эрдэнэс олсон тухайгаа зарлажээ. Тэд олон жилийн турш эрдэнэсийн мөрөөр ангуучилсаар ийнхүү зорьсондоо хүрсэн гэнэ.

Харин тэд олсон алт эрдэнэсээ Гитлерийн алт хэмээн хэвлэлийнхэнд зарлажээ. Үнэндээ дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд нацистууд Зөвлөлтийн армид ялагдаж Герман руу ухарч явах замдаа Польш, Чех, Румын, Болгар зэрэг Балканы хойгийн ард түмнүүдээс олзолж, дээрэмдсэн их алтаа галт тэргэнд ачиж нуусан, галт тэрэгний цуваа очих газартаа хүрэлгүй ор сураггүй алга болсон гэсэн нутгийн иргэдийн яриа байдаг аж.

Харин эрдэнэсийн эрэлчдийн олсон галт тэрэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн хуягласан галт тэрэг гэнэ. Галт тэрэгний цуваа 150 метр орчим урт бөгөөд хүн орохын аргагүй битүүмжилж хуягласан, эргэн тойронд нь минажуулж уулын нууц хонгилд байгаа аж. Тэд гаднаас нь өндөр мэдрэгч бүхий металл хайгчаар галт тэрэг дотор ямартай ч 300 тонн алт байгааг тогтоосон гэнэ.

Орон нутгийн захиргаа Польшийн засгийн газар энэ мэдээлэл асар өндөр ач холбогдол өгч галт тэрэгний байгаа газрыг одоогоор олонд зарлаагүй хамгаалалтад авсан байна. Мөн Польшид байрлах АНУ-ын цэргийн ангийн мэргэжилтнүүд тусгай баг илгээжээ. Германаас ч холбогдох албаны хүмүүс галт тэрэг байгаа газарт очсон гэнэ.

Хэвлэлд зарлагдсанаар Польшийн баруун өмнөд хэсгийн Валбрзих хотын ойролцоо галт тэргийн цуваа байгаа гэнэ. Хэрвээ энэ үнэхээр сураггүй болсон алт, эрдэнэс мөн бол Польшийн хуулиар олсон хүмүүс нь 10 хувийг авах ёстой гэнэ. Тэгвэл тэдгээр хоёр иргэн 30 тонн алттай болох нь тодорхой болжээ.

Дайны сүүлээр Зөвлөлтийн Улаан арми Польшийн Вроцлав хотод цөмрөхөд нацистууд энэхүү алт ачсан галт тэргийн цувааг баруун өмнө зүгт яаран хөдөлгөсөн гэдэг. Харин Вроцлаваас хөдөлсөн галт тэрэг Польш-Чехийн хил хавьцаа алга болсон хэмээн нутгийн хүмүүс ярьдаг гэнэ.

Зарим түүхчид нацистууд баруун өмнө зүгийн уулс дунд нууц туннель байгуулсан ба тийш алтыг аваачсан байх, харин түүнд нэвтрэх баримтууд устсан гэж таамагладаг юм.

Алдагдсан эрдэнэс ангуучлах тал дээр мэргэшсэн судлаач Тадеуш Словиковски тэднийг үнэхээр гал тэргийн цувааг олсон байх, харин алт нь хадгалагдаж байгаа эсэхэд эргэлзэж байна хэмээн Польшийн радиод ярьжээ. Хэвлэл мэдээллийнхэн аль хэдийнэ Валбрзихд дүүрээд байгаа гэнэ.

Тадеуш нутгийн нэг төмөр замаас салаалсан нууц хонгил Ксенж шилтгээн рүү явдаг гэж ярьжээ. Польшдоо гуравт ордог том энэ шилтгээнд Дэлхийн хоёрдугаар дайны үед фашистууд газар доогуур орох орц, хонгил барьж байсан юм байна. Түүхчид үүнийг Гитлерт зориулсан албан байр болгох байсан гэдэг. Олон ч жил шилтгээний ойр орчимд өндөр уулсын хавцал, агуйгаар эрдэнэсийн эрэлчид нацистуудын алтыг хайсан боловч өнөөг хүртэл олж байгаагүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Өчигдөр 08 цаг 49 мин