Олон хүн эвгүй бол оорцог хүний идэш болно

Яг одоо цагт түүхч хүний хувьд миний их баярлаж явдаг нэгэн зүйл бол манай залуус түүхээ их сонирхож басчгүй сайн мэдэж, мэдэхийг оролдож буй явдал юм.
Олон газар лекц уншиж явахад энэ байдал ажиглагддагаас гадна нийгмийн сүлжээнд буй олон түүхийн группийн бичлэгүүдээс харж болно.
Нэг л зүйл миний сэтгэлийг эмзэглүүлдэг.
Энэ нь бидний эв нэгдэлгүй байдал. Бие биенээ үгүйсэгдэг, яс үндсээрээ хуваагддаг, эвгүй үгээр бие биенээ утдаг, нэгнийхээ дээр гарахыг оролдохдоо түүхээ хавчуулж гутаан үгүйсэгдэг байдал нийтлэг байх юм.
Түүх нь биднийг эвтэй бай гэж сургаад байхад эсрэг л зан дээр дооргүй гаргацгаагаад байх юм. Саяхан миний Гэндэнгийн тухай бичсэн бичвэр доорхи сэтгэгдлүүдийг хараад энийг би бичиж байгаа юмаа.
"ОЛОН ХҮН ЭВГҮЙ БОЛ ООРЦОГ ХҮНИЙ ИДЭШ БОЛНО" гэсэн сурвалжийн үг бий. Оорцог хүний идэш болсны үр дүнд бид өнөөгийн байдалд хүрсэн. /оорцог гэж хэсэг, цөөн гэсэн үг/.
Энэ бичвэрийг унших хүн танд нэг зүйлийг сэргээн сануулья. 2012 оны "Ноцтой мэдээ" сонинд гарч байсан юм. Бичвэр дээр тавьсан зураг ч энэ зүйлд холбогдоно. Мөн онд хятадын нийгмийн сүлжээнд нэгэн блогчин ийн бичсэн байна.
Би утгачлан товчилж өгүүлье. "Монголыг дайнгүй өөртөө нэгтгье. Монгол бол ядуу буурай, эдийн засгийн хөгжилөөр тааруу, ард иргэд нь ирээдүйд өөдлөн дэвжиж сайн сайхан амьдрах эсэх нь бүрхэг.
Харин БНХАУ хүчирхэг. Монголын хүн ам 2,7 сая. Монголын бүх хүнд нь 20 000 доллар гэж амлавал нийт 584 тэрбум доллар. хятадад юу ч биш. Энэ саналыг албаны хүмүүс нь хүлээж авахгүй ч ард түмэн нь бодолцож үзнэ. Зөвшөөрсөн ардууд хятадад ирж энэ эрхээ эдлэнэ.
Ард олон нь хятадыг зорьж одсоны хойно эрх баригчдад нь эзгүйрсэн газар үлдэнэ.Монгол бол ардчилсан засаглалтай улс учраас ард иргэдийг нь турхиран хөдөлгөх аваас тэдний хүсэл эрмэлзлэлийг нь аливаа намууд зогсоон мохоож чадахгүй. Хятад хүн бид мэргэн цэцэн, өргөн цар хүрээтэй сэтгэдэг билээ" гэсэн утгатай.
Энд би өмнөд хөршийн нэгэн блогчны сэтгэдлийг бичив. Хойд хөршийн дотор Жириновский мэт этгээдээс авхуулаад Монголыг минь газрын зурагнаас арчих бодолтонууд захаас аваад зам дээр. Харин бид дотроо хэмлэлцээд л.
Ухаан нь урт, бодол нь тавиу, бодлого нь мэргэн байх ёстой доо, бидний цөөхөн монголчуудын.
Хуудас нээснээсээ хойш хамгийн урт, унжруу, уншигдах эсэх нь мэдэгдэхгүй бичвэр бичлээ дээ би.
Түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ