Бангкокд дэлбэрэлт үйлдсэн этгээдийг баривчлав

Тайландын нийслэл Бангкок хотноо асар хүчтэй дэлбэрэлт үйлдсэн этгээдийг баривчилсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэг явдлыг эргэн сануулвал Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн.
Амиа алдсан хүмүүсийн дунд Хятад, Филиппин зэрэг Азийн долоон орны иргэд байсан бөгөөд британийн нэг жуулчин багтжээ.
Бунхны ойр орчимд байрлуулсан хяналтын камерууд дэлбэрэлтийг үйлдсэн байж болох гэмт этгээдийг бичиж авсан тухай тус улсын Эзэн хааны цагдаагийн газрын дарга Сомиот Пүүмпамунг мэдээлэл хийж байсан юм.
Тэр үед шар өнгийн футболк, хар өнгийн өмд өмссөн 180 см орчим өндөр цагаан арьстан эр дэлбэрэлт болохоос 10 минутын өмнө бунхан руу хар өнгийн үүргэвчтэй орсон, улмаар дэлбэрэлтийн өмнөхөн цүнхгүй гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн байлаа. Цагдаагийн дарга тэрхүү шар футболктой эрийг гол сэжигтэн хэмээн мэдэгдэж, улс даяар эрэн сурвалжлах үүрэг өгч байв. Тэгвэл тэрхүү бичлэг дээр үлдсэн сэжиг бүхий цагаан арьстныг цагдаа нар шуурхай эрэн сурвалжилсаны хүчинд баривчилсан байна.
Сэжигтэн Турк үндэстэн бөгөөд баривчлагдах үедээ олон гадаад пасспорттой байсан байна. Түүнийг Бангкокын исламын шашинт иргэд амьдардаг дүүргээс баривчилсан байна.
Тайландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, гэмт этгээдийг баривчлахыг уриалан “Манай ахан дүүсийг хөнөөж, аялал жуучлалын салбарт томоохон хохирол учруулсан бүхнээс хариугаа авах болно. Тайландчууд өөрсдийн хүчээр гэмт этгээд болон түүний хамсаатанг баривчлах болно” гэж хэлж байсан юм. Дэлбэрэлтийн дараа Бангкокт хөл хорио тогтоож, иргэдийг хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Мөн дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болох 10 гаруй хүнийг баривчилсан байсан бөгөөд тэднийг гэм буруугүйг тогтоож хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ