Нокиа компани шинэ гар утсаа танилцууллаа

Финляндын алдарт Нокиа пүүс Люмия 925 гэдэг нэртэй цоо шинэ ухаалаг гар утсаа Лондон хотод олон нийтэд танилцуулав. Компанийн Гүйцэтгэх Захирал Стефен Элоп Windows Phone систем бүхий цоо шинэ ухаалаг гар утсаа Лондон хотод болсон прзентаци дээр үзүүллээ. Тус компанийн Люмия 920 гэдэг өмнөх загварын гар утас 185 грамм жинтэй байсан бол энэ шинэ гар утас нь 139-хөн грамм жинтэй бөгөөд маш хүчтэй фото камертай ажээ. «Люмия 925 гар утас бол шинэ худалдан авагчдыг татахын тулд илүү нимгэн металл гадаргатай болсон байна» гэж Нордеа пүүсийн шинжээч Сэми Саркамис хэлжээ. Түүний бодлоор бол шинэ Люмия 925 гар утас нь гадаад байдлаараа Эйпль компанийн Айфон гар утсыг санагдуулж байгаа ажээ. Нокиа компани саяхан бага болон дунд чинээний орлоготой худалдан авагчдад зориулсан бүтээгдэхүүн гаргасан боловч дээд зэрэглэлийн зах зээл дээр ямар нэг хүчтэй өрсөлдөх бүтээгдэхүүн гаргаж ирээгүй байсан юм. Мөн Нокиа пүүс Люмия 928 гэдэг арай хүнд жинтэй гар утсыг АНУ-ын зах зээлд зориулан гаргасан байна. 99 долларын үнэтэй уг гар утсыг Verizon Wireless компанийн дэлгүүрээр зарах юм. Люмия 925 болон Люмия 928 гар утаснууд нь ухаалаг гар утасны зах зээлийн 35-40 хувийг эзэлдэг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнд тооцогдож байгаа ажээ. Гар утаснуудыг худалдаанд гаргаж эхэлснээр Нокиа пүүсийн орлого энэ жилийн эхний улиралд 5,6 сая долларт хүрсэн боловч уг пүүс Дэлхийн нийт зах зээлийн дөнгөж 5 хувийг эзэлж байгаа юм. Гэтэл ердөө жилийн өмнө Дэлхийн ухаалаг гар утасны нийт зах зээлийн 19,8 хувийг хянаж байсан ажээ. Люмия 925 гар утсыг танилцуулсаны дараа пүүсийн хувьцааны үнэ 3,6 хувиар нэмэгдсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ