Бээжингийн оршин суугчид өнөөдөр цэвэр цэмцгэр хувцаслана

Өнөөдөр дэлхий дахины анхаарлыг татаж байгаа гол үйл явдал мэдээж хэрэг Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээ.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнөөдөр болох цэргийн парад, түүх ойн баярын арга хэмжээ олон улсын анхааралд байна. Тодруулбал Дэлхийн 2-р дайны төгсгөл, Японы Империализмыг ялсны түүхт 70 жилийн ойн баярыг манай урд хөрш улс даяараа өргөн тэмдэглэх юм.

Энэхүү баярт дэлхийн 30 орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-д суух гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын дарга Бан Ги Мүн оролцоно. Манай улсын Ерөнхийлөгч ч мөн энэ ойд оролцохоор өчигдөр мордсон билээ.

Баярын үйл ажиллагаа нь Бээжин хотын төв Тянь Ань Миний талбайд болох бөгөөд энэ үеэр болох цэргийн парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцох юм. Парад Монголын цагаар 11.00 цагт эхлэх бөгөөд манай улсыг оролцуулаад 17 орны тодорхой тооны цэрэг оролцож буй.

Баярыг тэмдэглэхээр гурван өдрийн турш Хятадад бүх нийтийн амралт зарласан байна. Баярын үеэр Хятадын эрх баригчид Бээжин хот болон иргэдийн өнгө үзэмжид ихээхэн анхаарал хандуулжээ. Учир нь цэргийн сүрт парадыг үзэхээр гадаадын олон орны удирдагчид, зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх тул Бээжингийн иргэдийг жавхаалаг, үзэмжтэй хувцаслахыг ч уриалсан байна.

Парадын үеэр хийгдэх нисэх хүчний үзүүлбэрийн агаарын аюулгүй байдлыг хангахын тулд Бээжин рүү орох, гарах бүх нислэгийг цуцалсан байна. Шувуудыг үргээж айлгахын тулд цэргийн сургуулилттай сармагчин, шонхор, нохдыг ашиглажээ.

Бээжингийн тэнгэрийг хэзээ хэзээнийхээс илүү цэнхэр, цэлмэг байлгахын тулд олон зуун үйлдвэрийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Бээжинд бүртгэлтэй таван сая автомашины тал хувийг нь хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.

Мөн телевизүүдээр гарах нэвтрүүлэгт хяналт тогтоож ёслолын үйл ажиллагаанаас бусад энтертаинмент нэвтрүүлгүүдийг бүрэн цуцалжээ.

Парадын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэргэд хэн зогсохыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээр сонирхож байгаа юм. БНХАУ-ын даргын хажууд аль улсын төрийн тэргүүн зогсох нь олон улсын гадаад харилцааны хэмжээнд маш чухал үзүүлэлт юм. Тэгвэл Си Зиньпин баруун талдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хег зогсоохоор болжээ.

Хятад улс Солонгос улсын хувьд эдийн засгийн хамгийн том түншийн нэг бөгөөд энэ утгаараа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус улсад хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй эдийн засгийн багтай хүрэлцэн очиж байгаа юм байна.

Хятадын дарга Си Жинпиний “VIP” зочноор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас гадна Ази, Африкийн орнуудын төр, засгийн 30 орчим тэргүүн нэрлэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ