Эрэгт шидэгдсэн хүүгийн цогцос дэлхийг шимшрүүлж байна

Өчигдөр Сирийн дүрвэгчдийн суусан далбаат онгоц Грек хүрэх замдаа живсэн байна. Сирид болж байгаа иргэний дайн, “Исламын улс” бүлэглэлийн аймшигт хүчирхийллээс зугтан Сирийн Кобане хотоос гараад Газар дундын тэнгисээр Грек орох замдаа амиа алдсан 12 дүрвэгчийн дунд таван хүүхэд явсан байна.

Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн нэгний цогцос Туркийн Бодрум хотын ойролцоох далайн эргээс олджээ.

Тэнгисийн давалгаанд туугдан эрэгт гарч ирсэн 1-2 настай болов уу гэмээр бяцхан хүүгийн цогцсыг Туркийн эргийн хамгаалалтын албаныхан олжээ.

Энэ үеэр Туркийн хэвлэлийн ажилтан гэрэл зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавьснаар Европ, Америк, Ойрхи Дорнод, Азийн маш олон оронд хэвлэгдэж хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа юм.

Эрэг дээр доош харан хэвтэж буй хүүгийн зураг цагаач хүлээн авахыг хориглосон зүйл заалт хуулиндаа оруулж байгаа Европын холбооны орнуудад хамгийн их шүүмжлэлийг өрнүүлж байгаа бөгөөд яаралтай Сирийн иргэний дайныг зогсоох тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.

Хүмүүнлэгийн байгууллагуудаас гаргасан мэдээллээр энэ онд л гэхэд 2600 дайны хөлөөс зугтсан дүрвэгчид Газар дундын тэнгист осолдон амиа алдсан гэнэ.

Ямар ч аргаар хамаагүй харгислал, хүчирхийллээс холдон дайжихийг хүссэн иргэдийн ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд.

Тэд тэнгис дэх холын аянд ямар ч баталгаагүй таарсан онгоцондоо сууж амь гарахыг зорьж байгаа нь ийм эмгэнэлд хүргэж байгаа тухай хэвлэлүүдэд бичжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ