Сирийн бяцхан хүүг бурхан өвөр дээрээ авсан

Дэлхий дахиныг уйлуулсан Сирийн бяцхан хүүгийн нэрийг Алан Курди гэдэг байжээ. Гурван настай Алан хүүгийн цогцос далайн давалгаанд туугдан Туркийн эрэг дээр гарч ирсэн байсан юм. Цагаачдын завь хөмөрснөөс түүнтэй хамт ээж, таван настай ах Галиб нь бурхны оронд одсон ч аав нь амьд үлджээ.
Аланы эцэг Абдуллах завь давалгаанд цохигдон хөмрөх үеэр гэр бүлийнхнийгээ аврахыг хичээсэн ч чадаагүй гэнэ. Абдуллах “Миний хөвгүүд энэ дэлхийн хамгийн хөөрхөн хүүхдүүд байсан. Хүнд хүүхдээс нь илүү эрхэм зүйл бий гэж үү? Тэд өглөө бүр намайг сэрээж, надтай хамт тоглодог байсан. Одоо тэд маань энэ ертөнцөд үгүй. Би тэднийхээ булшины хажууд сууж уй гашуугаа нимгэлж байна” хэмээн ярьсан байна.
Цагаачдыг толгойны өвчин мэт үздэг Европын холбооны орнуудад мянга хэлээд тусыг олоогүй ч Аилан хүүгийн үхэл эргэлт хийхэд түлхэц болж магад хэмээн олон нийт хэлэлцэж байна. Туркийн Ерөнхийлөгч Таип Эрдоган, Францын Ерөнхий сайд Мануэл Валлс тэргүүтэй удирдагчид өөрийн цахим хуудсаараа дамжуулан цагаачдын асуудлыг нэн яаралтай шийдэхийг уриалсан мэдэгдэл хийжээ.
Олон уран бүтээлч Алан хүүг сахиусан тэнгэр болсон, гэртээ тайван амгалан нойрсож буйгаар, бурхны өвөр дээр хэвтэж буйгаар дүрслэн зурж, хүндэтгэл үзүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ