Хятад хүйтэнд дайнд идэвхтэй орж эхлэв үү

Хятад, АНУ Номхон далай дахь тэнгисийн цэргийнхээ нөлөөлөл, хүчин чадлыг өдөр ирэх тусам бэхжүүлсээр байгаа. Ингэхийн сацуу хэн хэнийхээ усан хилд зэвсэгт хүчнээ ойртуулж сануулга маягийн үйлдлүүдийг хийсээр ирсэн.

Харин Европт ОХУ, НАТО-гийн хооронд дараагийн хүйтэн дайн хэдийнэ эхэлснийг олон улсын тоймчид баримт дурдан нотолсоор байгаа. ОХУ үе үе стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа Скандинавын хойгийн урдуур Франц, Бельги, Их Британийн агаарын хил хүртэл нисгэж сануулга өгдөг бол өнгөрсөн долоо Хятадын тэнгисийн цэргийн таван хөлөг онгоц АНУ-ын Аляск мужийн эргийн ойролцоох усан хилд тулж ирсэн нь олон улсад ил болсон билээ.

Хэдийгээр Хятадын хөлөг онгоцууд олон улсын харьяаллын усанд хөвж байгаа боловч Берингийн тэнгист АНУ-ын усан хилд 12 милийн зайд дөхөж ирээд байгааг Пентагон мэдээлсэн.

Өмнө нь Номхон далайн энэ хэсэгт Хятадын арми үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд Пентагоны албаныхан Хятадын хөлгүүдийн үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж байгаа.

Хятадын хөлгүүдийн гурав нь байлдааны, нэг нь газар уснаа явагч, үлдсэн нь хангамжийн зориулалттай аж. Хятадын хөлгүүд ОХУ болон АНУ-ын мэдлийн хэсгийг тусгаарладаг Алеутскийн арлуудыг чиглэлд алгуур хөвж байгаа аж.

Байршлаасаа алс хол АНУ-ын эргийн ойролцоо ирсэн усан онгоцууд зүгээр нэг тохиолдлоор энэ хүртэл хөвөөд ирээгүйг ажиглагчид батлаж байна. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйтай танилцахаар Аляска мужид гурван өдөр ажилласантай зэрэгцэн Хятадын хөлөг онгоцууд ойртон ирсэн нь мэдээж зүгээр ч нэг хэрэг биш. Энэ бол БНХАУ-ын зүгээс АНУ-д өгч буй чимээгүй сануулга юм.

Мөн энэ үеэр Бээжинд Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад болсныг бид мэднэ. Хятад улс цэрэг зэвсгийнхээ хүчин чадлыг, геополитикийн дэлхийн хамгийн томоохон тоглогч болсноо баталсан жагсаалтай зэрэгцэн хөлөг онгоцуудаа Америкийг чиглүүлсэн нь энэ.

Одоогоор Пентагоноос Хятадын талд хандан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Зөвхөн анхааралтай ажиглаж байгаа.

Үүнээс хоёр долоо хоног орчмын өмнө АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Хятад, Японы маргаантай арлуудын ойролцоо туршилтын нислэг үйлдсэнийг Хятад улс дэлхий дахинд мэдээлсэн. Тухайлбал Японы Окинава дахь цэргийн баазаас стратегийн нислэг үйлдсэн хоёр онгоцыг Хятадын хиймэл дагуулаас илрүүлсэн байдаг. Гэх мэтээр их гүрнүүд цэрэг зэвсгийнхээ хүчээр сөргөлдсөн "тоглоом" тоглож байна. Магадгүй энэ нь шинэ хүйтэн дайнд Хятад улс идэвхтэй оролцож эхэлснийг батлаж байгаа бизээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ