Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд адил тэгш боломж олгоно

УИХ-аас 2015 онд батлагдсан хуулиудын талаар УИХ-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Ж.Батзандантай ярилцлаа.

-Энэ жил УИХ-аас нилээдгүй чухал хуулиудыг баталлаа. Хуулиудын онцлогийн талаар яриагаа эхлэх үү?

- Хууль гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээ, нийгмийн харилцаа өөрчлөгдөхийн хирээрхууль ч өөрчлөгдөж байдаг. Нийгмээ дагаж, мэдэрч, хуульд өөрчлөлт оруулахгүй бол цаг үеэсээ хоцорсон, тухайн харилцааг зохицуулж чадахгүй амин сүнсгүй хуулиуд болон хувирдаг.

2015 оны хаврын болон ээлжит бус чуулганаар нийт 41 хуулийг баталж, нэмэлт өөрчлөлт орууллаа. Зарим нэгээс онцолж дурдвал Эрүүл мэндийн даатгалын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулиудыг баталж эхнээсээ мөрдөгдөж эхэллээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр согтуу жолоочийн тоо эрс багассан мэдээг ЗЦГ-аасирүүлсэн.

-Таны хувьд ямар хуулийн төслүүд дээр ажиллав?

-Миний хувьд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, мөн Захиргааны ерөнхий хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай зэрэг 10 гаруй хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан.

-Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг 2003 онд баталсан бөгөөд түүнээс хойш нийт 11 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. УИХ-аас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 1 сарын 29-ний өдөр баталж, 3 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байна.

-Энэ хууль шинэчлэн батлагдсанаар ямар ямар чухал өөрчлөлт орсон бэ?

- Өмнөх хуулиас ялгаатай, шинэчлэгдсэн зарим нэг зохицуулалтыг хэлье. Энэ хууль батлагдсанаар Хуулийн этгээдийн бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдлээ, мөн хуулийн этгээдийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг, шат дамжлага, цаг хугацааг цөөлж, хялбар болгосон. Өмнө нь хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэхэд иргэн дунджаар 2-4 цаг зарцуулдаг бөгөөд өдөрт 400-450 иргэн үйлчлүүлдэг байсан бол цахим хэлбэрт шилжүүлснээр дээрх ачаалал 2 дахин багассан юм.

Мөн хуулийн этгээдийн төрөл хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр болон хуульд заасан журмын дагуу байгуулагдсанаар үүсч, татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог бүхий л хуулийн этгээдийг зөвхөн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийн сантай боллоо.

-Энэ жил олон хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж чадсангүй. Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Хүүхэд харахүйлчилгээний тухай хууль дээрх асуудлыг шийдвэрлэхэд ямар нөлөө үзүүлэх бол?

-Хүүхэд харах үйлчилгээний хуулийг 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 257000 хүүхэд байгаагаас 218100 хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, хамран сургалт 84.8 хувьтай байгаа гэсэн мэдээлэл бий. Иймд үлдсэн 15.2 хувь буюу 38 000 гаруй хүүхдийн асуудал яригдаж байгаа. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ач холбогдлоо өгөх нь гарцаагүй.Хүүхэд харах үйлчилгээ нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдүүд төрөөс хүүхэд бүрт олгож буй санхүүжилтийг адил тэгш боломжтойгоор хүртэх, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчиндөсч торних, хөгжих, хүмүүжих боломжийг бий болгоно.

-Хүүхдийг ямар хүн харах вэ, мөн ямар хүүхүүд энэ үйлчилгээнд хамрагдах вэ?

-Хуульд ямар хүнээр хүүхэд харуулах, ямар хүүхдийг хамруулах талаар маш тодорхой зааж өгсөн байгаа. Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, тусгай сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан, халдварт болон сэтгэцийн өвчингүй, бие эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байхаар заасан. Харин хамрагдагч хүүхдийн хувьд 2-5 насны хүүхэд хамрагдана, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нас харгалзахгүйгээр хамруулах боломжтой.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийг хэн олгох бол, хүүхэд асрах үйлчилгээний цаг, хэлбэрийн талаар хуульд хэрхэн тусгагдсан талаар хариулт өгнө үү?

-Хүүхэд харах үйлчилгээний ажлын цаг нь өдөрт найман цагаас, нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй бөгөөд нэг байранд хамрагдах хүүхдийн тоон хязгаар 15 байна. Мөн хуулийн төсөлд “хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” “хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно”, “хүүхэд харах төвийн байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс өөр аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг тусгаж өгсөн байгаа.

-Сүүлийн асуулт энэ хууль хэрэгжиж эхэлснээр ямар эерэг хандлага,үр дүн гарна гэж үзэж байна вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээр “Хүүхэд харах үйлчилгээ” гэсэн хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын шинэ үйлчилгээ, тогтолцоо бий болгох хууль, эрх зүйн таатай орчин бий болно.Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эх, асран хамгаалагчид тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай орлоготой болно.

Түүнчлэн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд адил тэгш боломж олгох, эцэг эхийн сонирхол хэрэгцээнд нийцсэн нээлттэй, уян хатан үйлчилгээний шинэ төрөл бий болох,9000 гаруй иргэн байнгын тогтвортой ажлын байртай болох, цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхэд л төрөөс санхүүгийн дэмжлэг авч, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас санхүүжилт авч чадахгүй байгаа тэгш бус тогтолцоо өөрчлөгдөж, 2-5 насны хүүхэд бүрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх шударга тогтолцоо бүрдэх, сургуулийн өмнөх боловсролын эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцвэржих, цэцэрлэгийн өнөөгийн хэтэрсэн ачаалал буурах зэрэг маш олон эерэг хандлага бий болох юм.

Ярилцсан М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ