Наран улсын цэрэг хилийн чанадад гарах уу

Япон улс гадаадад цэргийн үйл ажиллагаа явуулдаг болохоор шинэ хууль хэлэлцэж байгаа билээ. Энэхүү шинэ хуулийг парламентын доод танхимаар хэдийнэ батлаад байгаа ба дээд танхимын гишүүдийн дийлэнх нь дэмжиж, батлах төлөвтэй байгаа юм. Тиймээс үүнийг эсэргүүцсэн олон мянган эсэргүүцэгчид Парламентын ордны гадна жагсаж, Ерөнхий сайд Шинзо Абег огцрохыг шаардаж байгаа аж.
Жагсагчдын дийлэнх нь оюутан залуус байгаа ба цаг агаарын таагүй нөхцөл байдлыг ч үл харгалзан тууштай үргэлжлүүлж байгаа тухай BBC мэдээлж байна.
Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилсан иргэдээ цэргийн хүчээр хамгаалах, хилийн чанадад цэрэг илгээх, цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ард иргэд төдийгүй, сөрөг хүчнийхэн эсэргүүцэл үзүүлж буй ч Шинзо Абэгийн тэргүүлдэг эрх баригч намын олонхийн байр суурь хуулийг батлах хатуу байр суурьтай хэвээр байгаа юм.
Хэрвээ уг хуулийг парламентын дээд танхим буюу зөвлөхүүдийн танхим баталвал Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаа аюулгүй байдлын бодлогодоо эрс өөрчлөлт оруулж, гадаадад цэргээ илгээхээр болох юм.
Одоогоор тус улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлд зааснаар тус улс зөвхөн өөрийн улсаа батлан хамгаалахаас бусдаар дайнаас татгалзаж, цэргүүдээ хилийн чанад руу илгээх, олон улсын хооронд үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд хүч хэрэглэхийг хориглосон байдаг аж.
Харин шинэ хууль батлагдвал тус улсын олон улсад хийх цэргийн үйл ажиллагааны хоригууд багасч, зөвхөн өөрийн улсаа бус холбоотнуудаа хамгаалах зорилгоор цэргийн үйл ажиллагааг бусад оронд явуулах боломжтой болох юм.
Шинэ хуулийн төслийг зөвхөн энэ жил л хэлэлцэж буй шинэ асуудал биш юм. Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн 2014 оны эхний улирлаас уг хуулийн төслийг доод танхимдаа танилцуулж байсан ба тухайн үед ард иргэлийн ширүүн эсэргүүцэлтэй тулж байсан юм. Харин энэ оны эхээр буюу нэгдүгээр сард "Исламын улс" зэвсэгт бүлэглэл тус улсын хоёр иргэнийг барьцаалан 200 сая ам.доллар нэхэмжилж, эцэст нь амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсны дараа тус улсын иргэд цэргийн үйл ажиллагааг хумиж буй бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжих нь ихэссэн байна. Мөн үүний дараахан Япон улс 70 жилийн хугацаан дахь хамгийн том цэргийн төсвийг баталж, цэргийн зардлаа таван их наяд иен буюу 42 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн юм.
Ийнхүү батлан хамгаалахын төсвөө эрс нэмэгдүүлж, цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж буй алхмууд нь арлын маргаантай байгаа бүс нутгийн Хятад, ОХУ, Хойд болон Өмнөд Солонгосын орнуудыг түгшээж байна хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм.Сүүлийн үедТокио, Бээжингийн хооронд арлуудын маргаан хурцдаж байгаа, Японы тал Япон-Америкийн эвслийн хүрээнд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сенкаку арлуудын буюу Япон Хятадын арлын маргаан хоёр талын санал зөрөлдөөний хүрээнээс хальсан юм. АНУ гуравдахь тал болж, эдгээр арлын асуудлаар Токиог дэмжсэн байр суурьтай байгаа билээ. Эдгээр арал бол Япон улс, АНУ-ын хамтран хамгаалах нутаг хэмээн АНУ-ын тал үзэж байгаа юм. Хэрэв Япон улс өөрийгөө хамгаалж, хилийн чанадад цэрэг илгээхээр болвол олон улсын тавцанд улс төрийн жингээ нэмэгдүүлэх юм.
Харин Ерөнхий сайд Шинзо Абе өөрийн албан тушаалаар дэнчин тавин уг хуулийг батлуулахаар зүтгэсээр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ