Хятадын нисдэг кинонд ч ингэдэггүй байх

1930-аад оны үеэс эхэлсэн манай кино урлаг өөрийн хөгжлийн жам ёс хийгээд нийгмийн хөгжлийн өнгө аясыг тусган өрнөсөөр өнөөг хүрэв. Кино урлагийн эхэн үед шинэ нийгмийн амьдрал, тухайн үеийн үзэл санааг кинонд үзүүлэх нь нэн чухал байсан учир хувьсгалт үзэл санааг тусгасан “Монгол хүү”, шинэ цагийн эмнэлгийг сурталчилсан “Норжмаагийн зам” зэрэг кинонууд гарч байжээ. Тайз дэлгэцийн урлаг буюу үзүүлэх урлаг нь нийгмийн үзэл санаанд маш хурдан нөлөө үзүүлдэг учир аль ч нийгмийн үед энэ урлагт эрх баригч хүчин анхаарал хандуулж ирсэн байдаг.
Монгол киноны түүхийг:
Эхэн үе буюу сүүдэр ший (1930-аад оноос 1950-аад он)
Дунд үе буюу үзэл суртлын зэвсэг (1950-аад оноос 1990-ээд он)
Сүүл үе буюу гудамжны кино (1990-ээд оноос өнөө үе) гэж ерөнхийд нь тоймлон үзэх боломжтой.
Эхэн үеийн кинонууд чухамдаа кино биш. Учир нь энэ үед оросын хэдэн уран бүтээлчдийн заасан зүйлсийг манайхан ухамсаргүйгээр даган дуурайсан хэлбэрдэлтүүд дүүрэн болох нь дэлгэцийн түүхээс аяндаа харагддаг. “Та нар намайг танихгүй байна уу, Би Шороотын Цэвээн байна” гэж онгирох, Сүхбаатар жанжин шувуу буудаж алах, голын усыг сэлмээрээ цавчин муухай орилох зэрэг нь цөм оросуудын заасан кадрууд бөгөөд Чапаев шиг баатар эрийг дүрслээд II дайны фронт дээр цэргүүддээ үзүүлэн амь хайргүй тулалдуулах л зорилготой байснаас өөр юу ч үгүй.
Ер нь тэгээд сүүдэр шийний үеэс дэлхийд Ч.Чаплинаас өөр хэн ч үлдээгүй билээ. Манайх бол дэргэд нь юун наадам, юун цагаан сар. Харин дунд үед буюу үзэл суртлын зэвсгийн үедээ монгол кино нэлээд буурь суусан. Хоосон орилж хашгиран, сүржин тоглолт үзүүлдэг “Алтан үеийнхэн”-ий тавилт өөрчлөгдөж К.С.Станиславскийн систем хэлбэржин тогтсон. Ер нь монтаж, хослол зураг, компьютер график зэрэгт нэг их ач холбогдол өгөх шаардлага үгүй, тэд бол зүгээр л техник технологийн хөгжил төдий юм.
Киноноос агуулга, дэвшүүлсэн санаа буюу найруулагчийн ажил, жүжигчний тоглолт буюу уран чадвар л үлддэг. Кинонд нэгдүгээрт сайн найруулагч хэрэгтэй, хоёрдугаарт сайн зохиол хэрэгтэй, гуравдугаарт найруулагчийн санааг урнаар илэрхийлж чадах сайн жүжигчин хэрэгтэй байдаг бололтой. Ихэнх сайн кинонууд сайн зохиолоос сэдэвлэсэн найруулагчийн төгс шийдэл байдаг учир сайн зохиолыг буюу зохиолчийг хоёрдугаарт нэрлэх нь зүй болов уу. Тэгээд ч кино урлаг нь дүрсээр таних оюуны үйл буюу үзүүлэх урлаг билээ.
Сайн зохиол бол киноны үндсэн фон агаад зохиол муутай бол ямар ч сайн найруулагч байгаад нэмэргүй. Манай зохиолчдын дунд байдаг өөрсдийгөө хэт дөвийлгөх үзэлтэй холбоотойгоор муу кино гараад байгаа нь зохиолоос болоод байгаа юм шиг байдлаар тайлбарлах нь хэт өрөөсгөл ойлголт. Ер нь тэгээд кинонд зохиолыг ч, жүжигчинг ч сонгох эрх зөвхөн найруулагчид л хадгалагддаг буй.
Үзэл суртлын зэвсгийн үеийн найруулагчдын нэг болох И.Нямгаваа зохиолч Д.Маам гуайн “Газар шороо” романыг хэрхэн порно болгож бузарласныг ард түмэн мэднэ шүү дээ. Энэ бол сайн зохиолыг муу найруулагч хөнөөж болдгийн сонгодог жишээ.
Муу зохиолыг сайн кино болгож болдгийн жишээг найруулагч Б.Балжинням “Мандухай цэцэн хатан” киногоороо харуулсан. Ш.Нацагдоржийн “Мандхай цэцэн хатан” роман бол ихээхэн нуршуу, Мандхай хатныг боол Мянхайд сайн болж байгаа мэтээр харц ардтай холилдуулж хийсэн үзэл суртлын нөлөөтэй зохиол. Гэвч киног нь сайн хийсэн, яахав Цэгц баатрыг үхэхэд Батмөнх даян хаан: -Гэрэлт хөшөө тавихсан, даанч харц гаралтай юм даа гэх мэтээр хэлж байгаагаас нь коммунизмын үнэр ханхалдаг ч гэлээ найруулагчийн ажлын хувьд тухайн үедээ л оргил. Жүжигчдийн ур чадварын хувьд бол манай киноны түүхэн дэх дээд хэмжүүр.
Ер нь Б.Балжинням найруулагчийн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино л гэхэд монголын кино урлагт томоохон байр эзэлнэ. Их хааны дүрийг хоёр хувааж буюу гадна харагдах байдлыг нь Чингис хаан гэдэг дүрээр, дотоод сэтгэлийг нь (ээжийгээ хайрлахыг нь, Бөртийгөө өрөвдөхийг нь, Хасар дүүгээ гомдоосондоо голоо сугартал гэмшиж буйг нь.., гэх мэтийн сэтгэл зүйн зөрчлүүдийг нь) Чилүгэн гэдэг хэлгүй дүрээр (хүний дотоод сэтгэлийг үзүүлэхэд хэлгүй байх нь тохиромжтой) үзүүлсэн нь манай кино урлагт хийсэн нээлт юм.
Эдгээр том кинонууд массовкоороо ч, зарцуулсан хөрөнгөөрөө ч томд орох боловч төгс сайн кинонууд мэдээж биш. Монгол кино үзэл суртлын зэвсэг байхдаа ихээхэн алдаа гажуудалд орж байсныг нь бэлхнээ мэдэх учир азная.
Энэ үед сайн кинонууд гарсан. Хоёрхон жишээ дурдвал: Найруулагч Р.Доржпаламын “Говийн зэрэглээ”, найруулагч Б.Балжиннямын “Тань уруу нүүж явна”.
Яруу найрагч Ж.Батбаатарын:
Тэнүүхэн говь нутагт минь одоо
Дэлгэрхэн зун болж байгаа
Тэрлэг нь онгосон ах нар
Халамцуухан дуулж яваа
Нутгийн өвгөд хөөрөг зөрүүлж
Наадмын тухай хуучилж суугаа
Тавиад мартсан атга сувд шиг
Талын жижигхээн сууринд минь
Хэдэн бор шувуу шиг
Хэдэн бор хүүхэд тоглож байгаа
Хөлөөвийн дээрх цагаан хоолойгоор
Энхбатын дуулах
Эрхэмсэг ялдамхан дуу
Эгшиглэж байгаа
Хотоос намайг ирнэ гээд
Хол ойроос сураг тавиад
Ижий минь гэртээ
Цайгаа чанаж суугаа
Тэнүүхэн говь нутаг минь одоо
Дэлгэрхэн зун болж байгаа
Тэнд миний сэтгэл минь байгаа
Тэрсүүхэн гуниг байгаа гэсэн нэгэн шүлэг байдаг сан. Энэ шүлэг “Говийн зэрэглээ” кино хоёр ижил.
Энэ кино бол монгол киноны хөгжлийн явцад бий болсон яруу найраг. Тэр ангийн байцаагч, хөлөөвийн эрхлэгч, холбооны хүүхэн, дээлтэй манаач, дугуйтай захирал, онгоцтой залуу, Арслан нар бол тэр яруу найргийн мөр, бадгууд. Том зөрчил, үйл явдлын олон шугам, ээдрээтэй сюжет гээд байх юм үгүй, зүгээр л нэг сумын төвийн натур дүрслэл. Эгэл энгийн хэрнээ л сайн кино. “Тань уруу нүүж явна”.
Зохиолч С.Оюун, найруулагч Б.Балжинням нарын уг бүтээл нь хүний оршихуйн утга учирыг уянгаар гэгээрүүлж нээснээрээ том. Хэдхэн хүний сэтгэл зүйгээр дамжуулан монгол эхнэрийн, гэрийн эзний, айл, саахалтын хүний мөн чанарыг, айл аймаг явахын утга учир, хүн хүнээ түшиж амьдрахын амтыг гайхалтай нээсэн бөгөөд гол дүрийн эмэгтэйн нөхөртөө: “-За Цэрэн минь ухаан богино бол жаргал богино гэдэг юм шүү” хэмээн хэлж буй энэ үгэнд киноны агуулгыг хураасан нь зохиолч, найруулагч хоёрын огтлолцол.
Айл саахалтын хүмүүсийн аж төрөл, цаашлаад монгол хүмүүний дэлхийд байр сууриа эзлэн өөрийнхөөрөө үлдэхүйн ухаарлыг харуулсан.
Монгол айл гэрийн эзнийг эхнэрээр нь дамжуулж нээсэн, айл гэрийн хоёр багана, эхнэр нөхрийн харилцаа, арга билгийн шүтэлцээг нөхөр нь “найр хийнэ, ганц хүүгээ хүний гар харуулахгүй” зэргээр эрс хэлж байгаагаар, эхнэр нь “яасан хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ” гээд урсгал усны дэргэд санаашран сууж байгаагаар тавьсан нь хорвоогийн жам ёс, хатуу зөөлний тун хэмжээ, аяс айзмыг номлоно.
Энэ кинонд үзэл суртал гээд байх юм юу ч байхгүй, адал явдал, секс, алаан хядаан, марзаганал байхгүй гагцхүү хүний оршихуйн утга учир л дүрслэгдсэн. Сайн кино.
Кино урлагийн хөгжлийн дунд үеийн төгсгөлд хамаарах нэгэн сонин кино бол яруу найрагч Б.Лхагвасүрэн, найруулагч Г.Жигжидсүрэн нарын “Бүлээн нурам” кино. Үггүй, үйл явдалгүй уг бүтээл нь монголын кино урлагт томоохон байртай. Ер нь “Бүлээн нурам” бол кино-дууль.
Кино урлагийн хөгжлийн сүүл үе буюу өнөөгийн кинон дээр тогтож ярихад нэн төвөгтэй. Түүхэн буюу түүхэн байж болох сэдвээр хийсэн хэмээгдэж буй “Аравт”, “Ану хатан” кинонууд байна. “Аравт” бол хэтэрхий хялбар, энгийн, зураглаачийн ажилд суурилсан бүтээл агаад кино гэхээсээ илүү теле зохиомж маягтай өнгөц зураглал.
“Ану хатан” бол найруулагчгүй, зохиолчийн түрэмгийлэл давамгайлсан бүтээгдэхүүн бөгөөд кино биш реклам, зар сурталчилгаа. Өдгөө адал явдалт, уянгын, аймшгийн, инээдмийн, эротик.., гээд олон төрлөөр хүний өөрийн зохиолчдын бүтээлүүдийг буруу зөв аргаар хуулж, хулгайлж кинонууд хийж байгаа ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь нэн цөөн.
Хошин урлагийнхан өөрсдийнхөө өндөр хөгжсөнийг гайхаад байдаг боловч үзэл суртлын үед хийгдсэн инээдмийн кинонуудыг давж гарсан нь хаа?
Ер нь хар массынхан буюу хошин шогийн жүжигчид хэмээх хүн сүргээс монголын кино урлагт оруулж ирсэн бурангуйлал нь хоосон марзаганалын элемент. Тэдгээр нь эр хүн эмэгтэй хүн, чавганц болж маяглан заваарах, гомо эрийг эрээгүй харуулан сэжиг хүргэх зэргээс хэтрээгүй. Энэ хошин шогийнхон монгол эр хүнийг хэн болгож харагдуулах гээд байгаа нь ч тодорхойгүй.
Өөрсдөө ч мэдэхгүй. Кино үйлдвэр сөнөөд кино гудамжинд гарсан ч юм биш киноны түвшин нь өөрөө гудманд гарчихлаа. Мөнгөний ажил хийлгүй л яахав, гэхдээ арай л хэтэрч байх шиг...
Гудамжны кинонуудаас арай гайгүй нь “Ларьдма”, “Содура” зэрэг бүтээлүүд юмуу даа. Д.Төрмөнхийн зохиол, Ж.Сэнгэдоржийн найруулсан “Ларьдма” кино нь гоёл чимэггүй амьдралын натурализм.
Эцсийн эцэст наранд ч бай, нарсанд ч бай хүн л бол хүн гэдгийг харуулсан нь сонирхолтой боловч хүний анхаарал татах гэхээрээ л шорон уруу очдог жишгээс гажиж чадаагүй. Явдлын нэгжээр нь үзвэл мохоо туйлтай кино.
Зохиолч С.Сумъяа, О.Эрдэнэ, найруулагч Б.Жаргалсайхан “Содура”. Америк кинонд индианчуудыг дүрсэлдэг жишгээр зоопаркийн амьтан шиг болсон цаатнуудыг үзүүлсэн уг бүтээл нь тэрхүү үндэсний цөөнх үрүү нийтийн анхаарлыг хандуулсныг нь хэлэх ёстой.
Кинонд үндэсний цөөнхийн оршихуй, мөхөл сүйрлийн тухай далайцтай сэдэв барьсан хэрнээ зөрчил нь арай л хөнгөдсөн мэт харагддаг.
Ерөөсөө драматур гэдэг бол зөрчил л байдаг. Гэтэл “Содура” кинонд нэг хүн хад уруу ниссэн, нэг хүн зам зассан төдийгөөр зөрчлийг нь тавихаар гаргах гэсэн агуулгадаа жолдсон болохыг нь дурдах ёстой. Зураачийн ажил сайн, хувцас хэрэглэл сайтай боловч зөрчил хөнгөн болохоор тайгын цаатан ардын амьдралын сонин сайхан буюу өвөрмөц оршуулга, ан хийсэн хүний хурууг тайрах зэргийг харуулахаас хэтэрч чадаагүй хөнгөмсөг кино.
Мөнгө сайн олсон байх, хүмүүс ч их үзсэн байх гэвч мэргэжлийн бүтээл биш.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн удаах кино “Босуул”. “Ларьдма” киногоороо хүлээлт үүсгэсэн эл найруулагч энэ удаад эх түүхэндээ арай л хуумгай ханджээ.
1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн сэдвээр бүтээсэн “Босуул” кинонд хэлмэгдүүлэлт аймшигтай зүйл байсан гэдгийг харуулах гэсэн уран сайхны хэтрүүлэг нь ихдэжиргэний дайныг үзүүлжээ. Кадр болгон нь зодоон, алаан хядаан.
Хэлмэгдүүлэлт аймшигтай зүйл байсан монголын сор болсон олон мянган хүнийг хилс хэргээр хөнөөсөн нь хөдлөшгүй үнэн. Лхүмбийн хэргээр л гэхэд 300 гаруй хүн цаазлуулсан, Гэндэн, Дэмидийн хэрэгт холбогдуулан 114 хүний нэрийг оросууд гаргаж тэдгээртэй холбогдуулан 30000 гаруй хүнийг хэлмэгдүүлснээс 17000-18000 хүнийг цаазалсан гэдгийг түүхэнд тэмдэглэсэн нь бий.
Ер нь монголын хэлмэгдүүлэлт бол геноцит буюу хоморголон хядах үйл ажиллагаа байсныг ч тогтоосон. Гэвч энгийн ард, хүүхэд эмэгтэйчүүдийг хүнд пулемётын урт ээлжээр галлан хядсан баримт байдаг юм уу, ер нь энэ кинонд 1932 оны эсэргүү бослого (Тариатын хүрээ, Арын хүрээ, Мөрөнгийн хүрээнд гарсан) гэж нэрлэгдсэн үйл явцыг харуулаад байна уу, 1937 оны хэлмэгдүүлэлтийг харуулаад байна уу гэдэг нь эргэлзээтэй.
Логикийн маш олон алдаатай, гол дүр Хүдэр нь зүгээр л монгол ардын оньсогот байдаг “Хаданд халтирдаггүй баатар, Харвасан суманд оногддоггүй баатар”.
Буудалцаанаас үргэдэггүй бугыг яахав уянгын гажилт гээд цагаатгачихлаа гэхэд, 5 цэрэгтэй хөөж явсан хурдан буутай даргыг бугын эврээр сүлбэж алж байхад цэргүүд нь хаана байсан гэхэв, тэгснээ гэнэт л нөгөө цэргүүд нь гарч ирээд хөөгөөд эхэлдэг, хаврын яргуй мэт цасан дороос гэнэт л амьд мэнд гараад ирдэг хүн, (ядаж цасан дээр нь хүн ойчсон ором ч байхгүй), үстэй дээл, зузаан дахтай, монгол гуталтай хүн буун сумнаас хурдан нисэж ирээд л, салаа цэрэг буугаа цэнэглээд хүлээж байхад нэг муу нарийхан сураар бүгдийг боож аваад ч байх шиг, бензин гэдэг үгийг хэлж чадахгүй, багадаа л машин харж байсан хүн машин бариад л...
Юу вэ? Хүүхэлдэйн кинонд ч, бүр хужаагийн нисдэг кинонд ч ингэдэггүй байх.
Монгол хэлэнд оргодол босуул гэсэн холбоо үг бий. Босуул гэдэг нь ямар нэгэн хорионоос оргосон хүнийг хэлдэг атал гол дүр Хүдэр юунаас оргосон нь тодорхойгүй.
Нэг л уулын модон дотор төрийн цаазыг гүйцэтгэж, дүрвэгсэд орогнож бас цэргийн хуаран байгуулчихсан байх шиг. Хэлмэгдүүлэлтийн үеийн баримтуудаас хүнд хилс хэрэг тулган хүлээлгэж гарын үсэг зуруулах гэж тамладаг байсан, тамлаж байхад нь үхчихээр дараагийн цаазаар авах тушаалд оруулах гэж нэлээд юм болдог байсан нь харагддаг.
Хээр ууланд хуаран байгуулаад тушаал гаргаж цаазын ял гүйцэтгэж байсан баримт байдаг эсэхийг нягталж үзсэн юм болов уу.
Юу илэрхийлэх гээд байгаа нь тодорхойгүй, Хэлмэгдүүлэлт гэж юу байсан юм?
Хойч үе тэндээс юу мэдэж авах хэрэгтэй юм?
Бөмбөгөр ногоон театрт хийсэн хуурамч шүүх хурлын зорилго нь юу байсан.., гээд олон зүйлийг эргэцүүлээгүйгээс зүгээр л аллага байсан, дүрвэж явна, бид эс ирсэн ч үр хүүхэд минь эргэж ирнэ гэх мэтээр харуулсан нь хамгийн том алдаа мэт.
Өнөөгийн өндөрлөгөөс харахад хэлмэгдүүлэлт бол тусгаар тогтнолын төлөөс. Орос улс, Сахалт Сталин монголыг өөрийн бүрэн нөлөөнд байлгах, улмаар дорно зүгийн бамбай, түшиц газар болгон ашиглах нь тухайн үеийн дэлхий ертөнцийн байдал, Орос улсын гадаад бодлогын салшгүй хэсэг байсан, түүнийг нь хэрэгжүүлсэн хүмүүс нь М.Фриновский мэтийн зандалчид.
Тэдний өөдөөс эсэргүүцэх боломж монголын аль ч албан тушаалтанд байгаагүй тийм л түүхэн нөхцөл байдал, Х.Чойбалсан үгүй гэвэл өөрөө цаазлуулна, өөр хэн нэгэн монгол хүн хэлмэгдүүлэлтийг хийх л байсан. Өгсөн үүргийнх нь дагуу өөрсдийгөө хядаад, дуулгавартай байсныхаа төлөө монгол улс арай ч бүрэн эрхээ алдалгүй үлдэж 1990 онтой золгосон.
Энэ нөхцөл байдлыг яаж үзүүлж байгаа нь энэ вэ?
Ер нь тэгээд найруулагч Ж.Сэнгэдоржид найдах арга алга.
Энэ шалдар бульдар найруулагч нар хэзээ эрийн цээнд хүрэх юм бол доо.
Ядаж өмнө нь энэ сэдвээр гарсан Чинагийн Галсангийн зохиол, Л.Хишигдоржийн найруулсан “Аянгат цагийн дууль”, Сэнгийн Эрдэнийн зохиол, МУАЖ Б.Дамчаагийн найруулсан “Сэрүүн дуганы мөхөл” бүр байлаа гэхэд МУГЖ А.Энхтайваны найруулсан “Мойлхон” киноны жишгийг анзааралгүй шууд л иргэний дайныг дүрсэлсэн нь нэн сэжигтэй агаад бас л байдаг л нэг гудамжны кино болжээ, Босуул.
Гудамжныхан нэг иймэрхүү байгаа бөгөөд уран зохиолыг киноны хэлээр төгс үзүүлчих сайн найруулагч тэнгэрийн бошгоор төрөхийг хүлээхээс өөр арга үлдсэнгүй шив.
2015.9.11.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ