Сирид цэргийн бааз байгуулж буйд ОХУ-ыг буруутгав

Ойрхи Дорнодын хямрал, иргэний дайны хөлөөс зугтсан дүрвэгчдэд Европ тив дарагдаад байгаа. Үүний хажуугаар Газар дундын тэнгис дүрвэгсдийн оршуулгын газар болж хувирсаны буруутан нь АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч буруутгасан билээ. Сүүлийн өдрүүдэд Сирид манай хойд хөршийн цэргүүд үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлэл улам баттай болж эхэлсэн юм. Тухайлбал Сирийн Латакия мужид агаарын цэргийн бааз байгуулж байгаа гэсэн мэдээллийг Пентагон сансраас авсан зураг бүхий баримттайгаар хэвлэлүүдэд цацсан.

Тэгвэл өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ асуудлаар “ОХУ Сири дэх цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа нь үүсээд буй хүнд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна" гэсэн мэдэгдэл хий­лээ.

Башар Ассадын засгийн газар ОХУ-ын дэмж­лэгийг хүртэж байгаа нь түүний эсрэг хүчнийг мөн хүчээ нэмэг­дүүлэхэд хүргэж болох юм гэдгийг тэрбээр анхааруулсан байна. Энэ үгээрээ тэрбээр бо­согчдод дэмжлэг үзүүлнэ гэд­гээ илэрхийлсэн бололтой. Яагаад гэвэл, үүсээд буй нөхцөл байдал нь шинэ зүйл биш юм.

ОХУ-ын Засгийн газар Сирид Миг-29 сөнөөгч онгоц болон Панцир С1 пуужингийн иж бүрд­лийг худалдах гэрээг 2013 онд байгуулсан. Гэрээнд Ерөн­хий сайд Д.Медведев гарын үсэг зурсан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгч байх үедээ буюу 2010 оны тавдугаар сард Сирид айлчлах үедээ энэ тохироог хийж байжээ. Үүнээс өмнө 2005 онд Сирийн Ерөнхийлөгч Москвад айлчлах үедээ тухайн үед Ерөнхийлөгч байсан Владимир Путинд ни­сэх хүчнээ сайжруулах санал тавьж байсан аж. Энэ нь Сирид агаарын хүчний бааз байгуулах угтвар нөхцөлүүд болох талтай.

Ассадын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж эхэлсэн сөрөг хүчнийг АНУ, Франц, Англи улсууд зэр зэвсгээр хангахаа мэдэгдсэний хариу болгож ОХУ дээрх шийдвэрийг гаргаж байсан юм.

Сири улс, тэр тусмаа Башар Ассадын дэглэмийг оршин тогт­­нуулахын эсрэг байдаг гол улсуудын нэг нь Израиль. Ливи улс “Хезболлах” бүлэглэлд пуужин зарахад “Хэрэв Хез­болллахын зүгээс цохилт ирвэл Ливид цохилт өгөх болно” гэж мэдэгдэж байсан Израиль улс үүн шигээ ОХУ-д дайсагнасан мэдэг­дэл хийж чадаагүй.

“Ард түмнээ дөнгөн данган тэжээж байгаа Сирид ийм хэмжээний зэвсэг авах мөнгө байхгүй. Тэгэхээр ямар нэгэн бодит шалтгаан л энэ алхмыг хийхэд хүргэсэн байх. ОХУ зэвсэг зарж мөнгө олох сонирхолдоо хөт­лөг­дөөд бүс нутгийн аюулгүй байд­лыг хайхрахгүй орхиж бай­на. Д.Медведев Израиль ХАМАС-тай хийж буй энхийн хэлэлцээрийг бүтэлгүй бол­гохын төлөө бүхнийг хийсэн байх. Учир нь ХАМАС-ын тэр­гүүн Халед Машеелтай Д.Медведев аль хэдийнэ уулз­чихсан“ хэмээн гомдоллож байсан. Энэ удаа ч АНУ-аас өөр улс ОХУ-ын эсрэг мэдэгдэл хийгээгүй байна.

ОХУ-ын ачааны нисэх он­гоцууд Сирид газардсаар байгаа бөгөөд Москва түүнийг дүрвэгсдэд хүргэх хувцас, майхан, хоол хүнс зэрэг бүтээг­дэхүүн ачсан хэмээн тайл­барлаж байгаа. Мөн агаарын цэргийн бааз байгуулж бай­гаа гэсэн мэдээллийг ч эрс үгүйс­гэсээр буй. Гэхдээ В.Путин Сирид цэрэг оруулсан нь шинжээч­дийн дүгнэлтээр бол маш алсыг харсан, их зүй­лийг “хэлсэн” үйлдэл гэнэ. ОХУ Башар Ассадын хүчийг нэмэг­дүүлж байгаа нь тус улсад хө­рөнгө оруулж байгаа ч юм биш, харин гадаад бодлогоо ил гаргаж байгаа хэрэг аж. Өөрөөр хэлбэл, В.Путин хэзээ ч Башар Ассадын дэглэмийг зүгээр харж байгаад унагахгүй гэдгээ саяын үйлдлээрээ харуулж байгаа юм байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ асуудлаар хийсэн мэдэг­дэлдээ “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхийн тулд нэг фронтод нэгдэхээс өөр арга алга” гэсэн санааг илэрхийлсэн. Францын ерөнхийлөгч асан Н.Саркози өнгөрсөн долоо хоногт “ОХУ-ыг лалын улс бүлэглэлийн эсрэг дайнд татан оролцуулах хэрэгтэй” гэсэн мэдэгдэл хийсний дараа АНУ тэргүүтэй барууны олон улс энэ санааг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Гэвч Башар Ассадтай хамтрахаар шийдсэн нь л таа­лагдахгүй байгаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ