8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөж, өнөөдөр 18.20 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр Чингис хаан олон улсын нисэх буудалд буусан даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
АНЭУ-д хийсэн айлчлалаас аяны огц дүүрэн буцаж ирлээ. Өнгөрсөн өдрүүдэд Дубай хотноо удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайг ажиллуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Манай ажлын хэсэг, нөгөө талын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубай зэрэгт хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн явуулсны үр дүнд бид Дубайд хамгийн сүүлийн хэлэлцээрээ хийж гарын үсэг зурлаа. Дубайд энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь дэлхий дахинд хурдан хугацаанд сурвалжлагдаж, эерэг мэдээлэл өгөхөд дөхөм боллоо. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад баяр хүргэж байна хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв. Тэрбээр, Манай улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл гарчээ. Бид далд уурхайн гэрээнд биш төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Мөн Ерөнхий сайд миний бие бус холбогдох байгууллагын дарга нар гарын үсэг зурсан. Энэ төлөвлөгөөг үзэглэснээр Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоож, Эрдэнэт үйлдвэртэй адил орхих хэрэгтэй. 2009 оны гэрээг өөрчлөх асуудал яригдаагүй. 2009 оны ТЭЗҮ-ээр 2 тэрбумын хэтрэлтийн асуудал яригддаг. Гэхдээ 1.2 тэрбумын удирдлагын зардлын төлбөрийг төлнө. Бусдыг төлөхгүйгээр тохирсон. Манай талд ашигтай болсон бас нэг зүйл нь Удирдлагын менежментийн зардлыг 6 хувиар тогтоосон байсныг Далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд 3 хувь болголоо. Мөн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болсон. Хоёр талаас хоёр, хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж Монголын талын төлөөлөл ахлан цаашид Оюутолгойн бүхий л зардалд хяналтаа тавих боломжтой. Өнгөрсөн хугацаанд Монголын тал 53, Рио Тинто43 хувийг эзэмшинэ гэсэн яриа байсан ч энэ тоо ямар нэгэн баримт, бичиг дээр тусгагдаагүй байсан. Тэгвэл бид Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан. Энэ төсөл дээр гадны томоохон зөвлөх компанийг авч ажиллуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Тиймээс томоохон хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч ажиллуулсан. Үүний үндсэн дээр хоёр талын бүх тоо, тооцоо нэг болсон. Ингэсний дүнд монголын талын 53 хувь 54.9 болж тохиролцоо хийсэн. 2009 оны гэрээний дагуу бол үүнээс илүү манай талд ашигтай байх боломжгүй байсан. Түүнчлэн 30 тэрбум төгрөгийн татварын асуудал үүссэн байсан. Бид 30 сая долларын татвараа аваад, цаашид ямар нэгэн маргаангүй явахаар тохирсон байгаа. Гэрээний дагуу Монгол Улсын хуулийн хүрээнд нэг мөр асуудлыг шийдсэн. Дахин ийм маргаан гарахгүй. Далд уурхайг үргэлжүүлж ажиллуулах төлөвлөгөөнд нууц юм байхгүй. Бид Монгол орчуулгыг маргааш Засгийн газрын вэб хуудсанд албан ёсоор байршуулна. Одоо Оюутолгойн гэрээ манай улсын гадаад хөрөнгө оруулалтыг хэрхэн хааж байсныг харж байна. Өөрөөр хэлбэл,энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол улсын Засгийн газрын бондын хүү, Худалдаа хөгжлийн банкны бондын хүү огцом өссөн. Бид сүүлийн 3 жилийн хугацаанд үүнийг хүссэн. Одоо Оюутолгой хөдөлж, үр дүн нь гарч эхэллээ. Одоо гишүүд улс төржихөө зогсоох хэрэгтэй. Дараагийн ээлжинд УИХ-тай хамтран Тавантолгойн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Түүнчлэн, АНЭУ-ын Ерөнхий сайд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж, хоёр орын харилцааны талаар хэлэлцсэн.Уулзалтын үеэр нөгөө талаас давхар татвар, гадаадаас орж ирж буй хөрөнгө оруулалтыг хамгаалах, улс хооронд шууд нислэгийн шугам үүсгэх гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. АНЭУ-ын зүгээс аливаа асуудалд маш шуурхай хандаж байгаа. Айлчлалын хүрээнд хоёр улс шинэ Элчин сайдууд томилох асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай уулзаж Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг тус улсад сургах асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Түүнчлэн Дуай хот, Абу даби хотын Худалдааны танхимын бизнес эрхлэгчидтэй уулзсан. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл өгөх болсон. Бид айлчлалынхаа хүрээнд Оюутолгой төслийн 6 тэрбум ам.долларын асуудлыг шийдсэн. Мөн айлчлалынхаа хүрээнд Дубай хотын CIB гэх банк санхүүгийн томоохон групптэй гэрээ байгууллаа. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Манай Улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллартой тэнцдэг. БНЭУ-ын Ерөнхий сайдын айлчлалаас хойш Монгол Улс руу нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах асуудлыг шийдлээ. Үүнээс үзэхэд бид нэгдэж ажиллаж чадвал их зүйлийг шийдвэрлэж болдгийг харуулж байна. Одоо Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэ санхүүгийн эх үүсвэр олох, хөрөнгө оруулалт татах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно” гэв. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас сонирхсон асуултадаа хариулт авлаа. -Монголын Засгийн газар ямар ямар асуудал дээр буулт хийсэн бэ? -Би харилцан тохиролцсон бүх асуудлаа дэлгэрэнгүй хэлсэн. Харилцан ойлголцолд хүрсэн учраас далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Одоо бид процессынхаа ажлуудыг явуулна. Мөн 14 банкнаас томоохон хөрөнгө оруулалт босгох ёстой. Энэ бүх ажил тууштай үргэлжилнэ. Оюутолгой төсөлтэй холбоотой Засгийн газрын хийх ажил дууссан. Одоо компани хоорондын ажил үлдсэн. -14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюутолгойг барьцаанд тавих талаар ярьж байгаа гэсэн? -Энэ бол 2009 оны гэрээгээр зохицуулагдсан. Үүнд бид огт оролцоогүй. -Австралийн экспортыг санхүүжүүлэгч корпораци санхүүжилтээ зогсоосон байсан. Одоо энэ санхүүжилт орж ирэх боломжтой юу? -Ер нь бол 4.2 тэрбум ам.долларыг дэлхийн томоохон 14 банкнаас босгох ёстой. Эдгээр байгууллагуудын дийлэнх нь хөрөнгө оруулалт хийхэд боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр одоогоор хариу өгөөгүй банкууд ч санхүүжилтэндээ оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. -Оюутолгойн борлуулалтын хөрөнгө Монголоор бус гадаадын компаниудаар дамжиж байна. Хэлэлцээрийн үед энэ талаар яригдсан уу? -Хэлэлцээрийн үед бид энэ асуудлыг байнга хөндөж байсан. 2009 оны гэрээгээр энэ асуудал нээлттэй байгаа. Өнгөрсөн хугацаанд Монголын тал нөгөө талдаа хэлэлгүйгээр төсвийн хуульд шинээр орлого нэмдэг, татварын байцаагч нар 3 удаа дансыг нь хааж байсан. Үүнээс болж бидний итгэлцэл алдагдсан байсан. Одоо бол бид нэг завин дээр суусан гэдгээ ойлгож, нэг нэгэндээ итгэж эхэлж байна. Тиймээс Монголын банкуудаар Оюутолгойн борлуулалт явагдах нь цаг хугацааны асуудал. -Анх далд уурхайн 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан. Одоо 6 тэрбум болж өслөө. Үүний шалтгаан нь юу вэ? -Ямар ч уул уурхайн төсөл байнга хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг. Оюутолгойн далд уурхайд нийт ордын 80 хувь байгаа. Тийм учраас бид далд уурхайгаа эхлүүлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно. Явцын дунд ч бас дахин хөрөнгө оруулалт хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Тухайн үед бид ТЭЗҮ-гээ батлан хяналтаа тавиад явна. Оюутолгой хөдөлнө гэдэг бол Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хөдөлнө гэсэн үг. Бид нэг төслийн үндсэн ашгийн талаар ярьдаг. Үндсэн ашгийн цаана гарах үр дүнгийн талаар ярьдаггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ