Э.Мөнхболд: Траншейнд ч жаргал бий

-“Энэрэл” эмнэлгийн хамгаалагчид хэмх зодууллаа-
-“Нохой шувуу, сэг зэм, хог хаягдал идсэнгүй ээ” хэмээн ярих энэ залууг Энхболдын Мөнхболд гэдэг. Н.Цэрэндулам гэх найз бүсгүйтэйгээ “100 айл”-ын Монгол-Хятадын найрамдал сургуулийн ойролцоо нэгэн траншейнд амьдардаг юм. Тэдэнтэй цөөн хором хөөрөлдөж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Дүү нар аль нутаг вэ, алдар хэн бэ?
-Би Завханых. Нэр Энхболдын Мөнхболд. Найз бүсгүй маань Эрдэнэтийнх. Н.Цэрэндулам гэдэг юм. Зовлон нэгтэй хоёр доо. Хувь заяаны эрхээр учирсан даа.
-Хэзээ энэ хавиар байх болов. Амьдрал ямар байна даа?
-Өө, ядарч явна аа, ах хүү/Н.Цэрэндулам түрүүлж ам нээв/. Э.Мөнхболд ийн үргэлжлүүллээ. Траншейнд ямар л сайн байхав. Энэ хавьд гурван жил болж байна. Өвөл хэцүү. Хонох орц олдохгүй, хоол тарчиг гээд зовлон бий. Одоо ч ирж яваа цаг болохоор учиртай даа. Хүн өлсөж үхэхгүй, харин хөлдөж л үхэх юм билээ. Архи уухгүй, бусдын амгалан тайвныг алдагдуулахгүй, мөрөөрөө явбал болох биз ээ. Энэ хавийнхан бид хоёрыг нэг их ад үзэхгүй шүү. Зарим нь талх, тарианы мөнгө өгнө өө. Сайн хүмүүс тэгтлээ ч цөөрчихөөгүй санагдсан шүү. Ямарч л байсан нохой шувуу, сэг зэм, хог хаягдал идсэнгүй ээ. Бурхны авралаар, олны дэмээр болж л байна. Хоёулаа болохоор шил, сав түүгээд хэдэн төгрөг олчихно оо. Өдөрт 5-10 мянган төгрөгийн орлоготой. Зун ахиуг олдог л доо. Тэр үед усанд орж, хувцас хунараа сольчихоор дажгүй. “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэж дуу байдаг биз дээ. Орон гэргүй нь л тийм болохоос өлсөж, цангалгүй, бусдаар гачигдаж дутагдалгүй явна даа. Өөрсдөө хичээвэл, сэтгэлээрээ бий болгож чадвал, траншейнд ч жаргал бий гэчихэд хэтрэхгүй байх. Нэрийг нь хэлж болдог эсэхийг мэдэхгүй юм. “Дэнжийн мянга”-ын “Андууд” гэдэг дэн буудлын эзэн Баянаа ах их тус болдог юм. Бид хоёр ингэсхийгээд очиж хашаа, хороог нь цэвэрлэж өгөөд хоолны мөнгө авна. Идэх, уух юм, хувцас ч өгдөг. Төрсөн ах биш дээ. Баярлаж л явдаг даа. Өө, мартах нь. Уржигдар бид хоёрт нэг, нэг том пицца, ундаа өгсөн. Өчигдөр орой тахианы гуя өгсөн. Одоо энэ чанаж байна.Эхнэр нь ч гоё ааштай эгч байдаг. Талх, хиам өгдөг юм. Бид цэвэрлэгээ хийгээд хоолны мөнгө олохоос гадна, архи, пиво, ундааны савыг нь авчихдаг болохоор гадуур хогийн сав ухаад явдаггүй л дээ. Баянаа ах бид хоёрыг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэхээр эмчтэй нь ярьж тохирсон байна лээ. Хэд хоног хэвтээд гарчихвал ч учир байна.
-Эмнэлэг очертой байна уу?
-Нөхцөлгүй. Ойрхон, ойрхон асууж бай. Хагас сайнд ч ор гарчихаж магадгүй гэсэн юм. Өчигдөр өдөр асуухаар очоод алуулахаа шахлаа. Хамгаалагч залуу нь найз бүсгүйн минь уруул, нүүрийг хавдтал цохисон. Би учирлах гээд баахан өшиглүүллээ. Арзгар ултай том гутлаараа хавирга, сүврэг рүү өшиглөөд байсан даа. Ядарсан улсад их л дээрэлхүү нөхөр байна лээ. Ээлжийн асрагч, сувилагч нар нь ч тоогоогүй. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүлээн авахад очиж анхны тусламж, өвчин намдаах эм авлаа. Эмнэлгийн хүмүүс тийм л баймаар юм.
-Цаашид яая гэж бодож байна даа?
-Юу ч гэсэн эмнэлэгт хэвтээд, биеэ тэнхрүүлж, царай зүсээ засъя. Хувцас хунараа сольё. Баянаа ах нэгийг бодно гэсэн. Тэр хүн худал хэлэхгүй байх. Ажил олж хиймээр санагдах юм. Бичиг, баримтгүй болохоор хэцүү юм билээ. Ах, дүүгүй болохоор хэнийгээ ч гэхэв. Нутаг яваад нэмэргүй. Түм түжигнэж, бум бужигнасан газарт л байя даа гэж бодож сууна даа. Тэрбээр ийн яриад уртаар шүүрс алдав. Би ч мөн адил.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ