Үндэсний үйлдвэрлэлийн "амиа хорлолт" тойрсон шуугиан

Хилийн чанадад сурч боловсроод, туршлага судлаад нэгэн монгол бүсгүй Монголдоо бизнес эрхлэхээр ирж л дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө. Зээл авч үйлдвэрлэл эрхлээд олон монгол хүнийг ажлын байртай болгож хэдэн жил зүтгэсэний эцэст өнөөдрийн цаг мөчид бизнесийн "амиа хорлолт" гээчийг хийхээр арга тасраад байгаагаа олон нийтэд зарлажээ.
Энэ бол зүгээр л хяналт нэрээр төрийн албан хаагчид хэт увайгүй, ёс зүйгүй байдлаар асуудалд хандаж, татварын хатуу бодлогоор жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг ниргэж буйн ердөө л нэг жишээ. Exclusive хэмээх брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг хэмээх эмэгтэйд тохиолдсон явдал олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
“Еxclusive”-ийнхэн маргаашнаас буюу 19-20-ны өдрүүдэд “Хүннү молл”, “Номин” их дэлгүүрт байрлах тасаг дээрээ өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэгүй тараахаа зарласан. Татварын дарамтаас үүдэн хаалгаа барьж байгаа энэ брэндийн хамт олон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ иргэддээ зүгээр л үнэгүй өгөх юм гэнэ. “Exclusive” брэнд 2011 оноос зах зээлд гарсан аж. Гэвч гурван жилийн өмнөөс буюу 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр гэв гэнэт ногдуулснаас энэ хэрэг манджээ.Ингээд асар их өрөнд ороод байгаа учраас эцэстээ гараа өргөн бууж өгч, бүтээгдэхүүнээ үнэгүй тараах энэ үйлдлээрээ шударга бус асуудлыг төр засгийн түвшинд анхааруулахыг оролдож байгаа нь энэ юмсанж.
“Exclusive” брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг аж. Европын орнуудад хүний наймаа, террорист халдлагад оролцсон тохиолдолд аж ахуй нэгжийн данс хаадаг жишиг бий. Гэтэл манай улсад анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шуудхан хааж орхисон нь тус компанийг ангал руу түлхэж буйгаас ялгаагүй байгаа юм.
Дансаа хаалгаснаар компанийн зарлага хийх эрх бүрэн хаагдаж, энэ хугацаанд гаднаас орж ирэх байсан 4 тэрбумын төсөл буцаагдсан хийгээд захирал Г.Майцэцэгийн гадагш явах эрхийг нь түдгэлзүүлсэн тул шинээр нээгдэх салбар дэлгүүрийн ажил саармагжсан зэрэг сөрөг нөлөөллүүд үүссэн байна.
Г.Майцэцэг “Татварын өрөө төлье. Тодорхой график гаргаж өгөөд, дансыг минь нээгээд өгчих” гэх хүсэлтийг тавьсаар нэлээд удаж байгаа аж. Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн зүгээс “Хуулинд ийм заалт байхгүй. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой агентлаг” гэж гэдийжээ.
Энэ талаар сошиал ертөнцөд иргэд янз бүрээр байр сууриа илэрхийлж, шалгаж авсан падаанаа гэнэт хоёр жилийн дараа “Энэ чинь хуурамч” гэж өмнөөс нь шидээд, өр үүсгэдэг татварын үйл ажиллагааг шүүмжилсээр байна.
Тэгвэл сошиал орчинд энэ асуудалтай холбоотой туслаж дэмжих аян өрнөөд байгаа аж. Брэндийн үйлчлүүлэгчид нь бүтээгдэхүүнийг нь очиж худалдаж авахаар болж, урлагийнхан хүртэл энэ үеэр нь тэнд цугларсан хүмүүст ая дуугаа өргөхөөр болсон тухайгаа Г.Майцэцэгийн фэйсбүүк хуудсанд бичиж байгаа аж.
С.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ