2016 онд "Ford"-ын Австрали дахь хоёр салбар хаагдана

Автомашин үйлдвэрлэгч “Ford” компани Австралийн Викториа муж дахь хоёр үйлдвэрээ 2016 оноос хаах гэж байгаа тухайгаа албан ёсоор зарлалаа. “Ford Australia” өнгөрсөн жилд 136 сая ам.долларын санхүүгийн алдагдалтай ажилласан тул дээрх шийдвэрийг гаргаж байгаа гэнэ. 2016 оны аравдугаар сард үйлдвэр хаалгаа барих бөгөөд ингэснээр 1200 хүн ажилгүй болох аж. Уг нь Австрали дахь энэ салбар нь 1925 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа томоохон салбар компани нь юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд уг салбарын алдагдал 600 сая австрали долларт хүрсэн байна. “Ford” компани хэдийгээр үйлдвэрлэлээ зогсоосон ч Австрали руу бүтээгдэхүүн экспортолсоор байх бөгөөд үүндээ 1500 гаруй хүн ажиллуулахаар төлөвлөсөн гэнэ. Австрали долларын ханш чангарсны улмаас тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбар үндсэндээ уналтад ороод байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ