Удирдагчдын уулзалт найдлага дагуулахгүй байна

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчдын Америк дахь уулзалтууд олон улсын анхаарлын төвд байсаар байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д томоохон хэмжээний айлчлал хийж Барак Обамагийн засгийн газартай олон асуудлаар гэрээ хэлэлцээр хийсэн бол өнөөдөр Нью-Йорк хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама нарын уулзалт олны анхаарлыг татаж байна. Хоёр улсын харилцаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас муудаж эхэлсэн бөгөөд Укрианы хямралаас үүдэлтэйгээр улам хурцадсан гэж хэлж болно.
“Жил орчим үргэлжилсэн дайсагнасан харилцаа өнөөдрөөр дуусгавар болох боломжтой” хэмээн хэвлэлүүд онцолж байна. Удирдагчид АНУ, ОХУ-ын шууд харилцаанаас гадна Сири болон Украины хямралын асуудлаар голчлон ярилцах юм. Уулзалт Москвагийн цагаар 21.00 цагт болно хэмээн Оросын төрийн мэдээллийн агентлаг болох “TASS” уламжилсан.
Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жек Карней “Тэд ойролцоогоор хоёр цаг ярилцах төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдэгдсэн. Уулзалт товлосон цагтаа зохион байгуулагдах болно. Учир нь Путин өнөөдөр Америкт ирж, албаны хүмүүстэй уулзсан билээ. Тэрээр Америкт ирсэн даруйдаа тус улсын “CBS” болон “PBS” сувгийн сэтгүүлч Чарлье Росетэй ярилцсанаар жилийн орчмын дараа анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ юм.
Энэхүү ярилцлага хагас цаг үргэлжилсэн бөгөөд Украины хямралд Орос холбоогүй гэдгээ батлахыг оролдсон өнгө аястай болсон хэмээн Путинтэй ярилцсан сэтгүүлч мэдэгджээ. Сэтгүүлч “Мэдээж хэрэг Путиныг үнэн, худал ярьж буйг би мэдэхгүй. Энэхүү ярилцлага олон улсын сонорт хүрсэний дараа бүх зүйл тодорхой болно” гэсэн байна.
Харин Agence France Press агентлаг өнөөдрийн уулзалт тийм ч өндөр үр дүнтэй болж чадахгүй хэмээн таамаглажээ. Хэдийгээр бие биенээ зорьж очсон айлчлал биш байсан ч олон улсын томоохон хурал чуулганууд дээр Путин, Обама нар нэг бус удаа уулзаж байсныг мартах учиргүй. Тэд 2012 оноос хойш таван удаа уулзаж, долоон цагийг уулзалтад зарцуулжээ. Хамгийн сүүлд л гэхэд тэд дөрөвдүгээр сард Францад уулзаж, 15 минут ярилцсан бол Бээжин хотноо болсон “АПЕК”-ийн уулзалтын үеэр 19 минут ярилцсан юм.
Харин тэдгээр уулзалтуудын үр дүн одоогоор ямар ч асуудалд нөлөөлж чадаагүй хэмээн АFP агентлаг мэдээлжээ. Ийнхүү хоёр удирдагчийн уулзалт Сири, Украины хямрал иргэний дайны асуудал хурцадсан энэ цаг мөчид болж байгаа тул олон улсын анхаарлын төвд орж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ